Нэг үндэс, дөрвөн амьдрал
"Засгийн газрын мэдээ" сонин Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотынхны эгэл амьдрал, ажлын нэг өдрийг харуулсан фото сурвалжлагыг бэлтгэн цувралаар хүргэж байна. Бидний эхний сурвалжлага дөрвөн хүүхдийн ээж, өрх толгойлсон эмэгтэй Х.Үзмээгийнх байлаа.
“Өдөр тутмын амьдралын цаг мөч бүхэн дурсамж байдаг юм байна” хэмээн өгүүлэх Х.Үзмээ ой нэг сартай болон дөрөв, тав, 13 настай гурван хүү, нэг охинтой өнөр бүл. Тэд Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд амьдардаг. Харин сарын гол орлого нь хүүхдийн мөнгө болох 80 мянган төгрөг.
Саяхан ханиа бусдын гарт алдсанаас хойш хүүхдүүдээ хоолтой, ундтай байлгах гэж хэрдээ л хичээж яваа 38 настай, жирийн л нэгэн эмэгтэй. Хорооноос нь түүнийг боломжийнхоо хэрээр дэмждэг бөгөөд нэг хүүхдийг нь цэцэрлэгт оруулж өгчээ. Хүнсний механик инженер, багш мэргэжилтэй Х.Үзмээ хороондоо ажил олж өгөхийг хүссэн тул мөдхөн ажилтай болно хэмээн найдаж сууна. Тэрбээр гуч гаруй жил ээжтэйгээ холбоогүй амьдарчээ. Гэхдээ сүүлийн жилүүдэд нэлээд ойр болж, одоо ээж нь бага охиныг нь харж өгч байгаа гэсэн.
Чингэлтэй уулын оройд шахам гэрээ барьсан Х.Үзмээгийнхээс цааш нэг ч айл байхгүй. Иймд дөрвөн настай хүү Б.Билгүүнжаргал нь хашаандаа ганцаараа л тоглодог.
Ундны усаа авах гэж тэд нэг км орчим зам туулна. Хэдий тийм боловч хаяа залган ганцаараа амьдрах 60 настай буурайд ундны усыг нь дөхүүлж өгдөг юм билээ.
“Эх орны хишиг” хувьцааны 100 мянган төгрөг аваад гэр бүлээрээ гадуур гарч, хооллон, саунд орж, зургаа татуулсан нь хүүхдүүдийн хувьд аавтайгаа өнгөрүүлсэн хамгийн сайхан дурсгалт мөчүүдийн нэг болон үлджээ.
Саяхан нөхөр нь хүний гарт амиа алдсанаас хойш Х.Үзмээ дөрвөн хүүхдээ өсгөх гэж ганцаараа бүх ачааг нуруун дээрээ үүрч яваа. Үнэндээ энэ нь ганц бие, бас ажилгүй эмэгтэйд ахадсан хэрэг ч түүнд өөр сонголт байхгүй.
Тэднийх оройдоо нэг л удаа хоол хийдэг. Хоол нь бараг махгүй ч хүүхдүүдэд ээжийнх нь хийсэн гурилтай шөл хамгийн амттай.
Гэрийнх нь дээвэр, туурга нимгэн тул гал түлсэн ч дорхноо хүйт даах аж. Хэдий тийм боловч хүүхдүүдээ дааруулахгүйн тулд өөрийнхөө чадлаар гэрээ дулаалсан харагдлаа. Угтаа энэ гэр бүлийн үндэс нь ээж нь болж, дөрвөн хүүхэд нь түүнээс салаалсан амьдрал юм.
Тэднийх долоо хоногт 1-2 удаа граммаар ургамлын тос худалдаж авдаг.
Том хүү Б.Далайгаа хичээлдээ шамдахыг л захина. Долдугаар ангид суралцаж буй Б.Далай хүү ч чадлаараа хичээн суралцаж байна.
Ойд хугарч унасан мод түүж, гал залгуулдаг Х.Үзмээгийнд ойр хавийнх нь айлууд нийлж, нэг машин нүүрс авч өгчээ.
Х.Үзмээ хэдий хичээж ажилласан ч хүүхдийн мөнгөнөөс гадна сард 13 мянган төгрөг хүрэхгүй шахам орлого олдог. Гэхдээ тэр шантарч, цөхөрдөггүй, амьдралынхаа төлөө урагш тэмүүлсээр байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй