Гадаад худалдааг өргөжүүлэх гарц нь боомт
Сурвалжилга
Зүүн бүсийн нэг хүнд ногдох ДНБ- ий хэмжээ улсын дунджаас найман хувь бага байна
Монгол Улсын нийт хүн амын долоон хувь нь зүүн бүсийн Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймагт амьдарч байна. Энэ бүс нутаг улсын дотоодын нийт бүтээгдэхүүний зургаа орчим хувийг бүрдүүлж байгааг онцлон дуулгая. Бүсийн нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/-ий хэмжээ Улаанбаатар хотынхоос 30 хувь, улсын дунджаас найман хувь бага байна. Харин бусад бүстэй харьцуулахад нэг хүнд ногдох ДНБ харьцангуй өндөр. Гол шалтгаан нь хүн амын тоо бага байдагтай нь холбоотой аж.
Зүүн бүсийн хэмжээнд шилжих хөдөлгөөн харьцангуй бага ч хүн амын дунд хөдөлмөр эрхлэлтийн түвшин тааруухан хэвээр байгааг Дорнод аймгийн Улаан загалмай хорооны дарга Б.Ганболд хэллээ. Ажилгүйдлийн түвшин улсын дунджаар 9.4 хувьтай байгаа бол зүүн бүсэд 14 хувьтай байна. Энэ нь хөдөлмөр эрхлэлт хангалтгүй байгааг илтгэх үзүүлэлт. Аймгуудад тулгарч буй ижил сорилтын нэг нь ажилгүйдэл. Ажлын байрыг нэмэгдүүлж байж л уг “зовлон”-гоос ангижрах бололцоотой. Тиймээс жижиг, дунд үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, хариуцлагатай уул уурхайг тодорхой түвшинд хөгжүүлэх сонирхол орон нутгийн удирдлагуудад харилцан адилгүй түгээмэл байна. Тус бүс улсын нийт аж үйлдвэрийн бүтээгдэхүүн борлуулалтын 1.3 хувь, орон нутгийн таван хувийг бүрдүүлж буй.
Манжуурыг зорих монголчуудын цуваа тасрахгүй байгааг боомтынхон хэлж байв
“Зүүн бүс бол аж үйлдвэрийн салбар сул хөгжсөн бүс нутаг. Тиймээс өөрийн нөөцөд тулгуурлан хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл хөгжүүлэх боломжтой” хэмээн Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн ерөнхий захирал Б.Лакшми тус бүсийн өрсөлдөх чадварын чуулганы үеэр онцолж байсан удаатай. Холимог металл, уран, төмөр, цайр, хайлуур жонш, мөнгө зэрэг ашигт малтмалын баялаг нөөцтэй гэж зүүн бүсийг тодотгодог. Гэвч эдийн засгийн хөгжлийн түвшингээр бусад бүсээс харьцангуй доогуур байгааг “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан”-д дурджээ. Хөгжлийн тулгуур салбараа аялал жуулчлал, хөдөө аж ахуй, уул уурхай, үйлдвэрлэл гэж зарласан зүүн бүс хамгийн олон боомттой.
Тодруулбал, Ульхан, Эрээнцав, Хавирга, Баянхошуу, Сүмбэр, Чойбалсан, Бичигтийн боомтоор дамжуулан ОХУ, БНХАУ- тай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг илүү өргөн хүрээнд хөгжүүлэх ирээдүйтэй. Тиймээс хилийн боомтуудын үйл ажиллагааг өргөтгөх, улмаар гадаад худалдаа, үйлчилгээг шинэ түвшинд гаргах боломжтойг Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн хэллээ. Тухайлбал, Дорнод аймаг ОХУ, БНХАУ-тай нийт зургаан боомтоор холбогдож байгаа аж. Тэрбээр Монголын Улаан загалмай нийгэмлэгээс зохион байгуулсан Хэнтий, Дорнод болон Манжуур хотын хүмүүнлэгийн байгууллагын үйл ажиллагаатай танилцах сэтгүүлчдийн багтай уулзах үеэр дээрх мэдээллийг өгсөн юм.
Зүүн бүс хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх, гадаад худалдааг улам өргөжүүлэх өргөн боломжтой. Тиймээс хилийн боомтын нэвтрэн өнгөрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх хэрэгцээ, шаардлага тулгарч байгаа аж. Тодруулбал, “Хавирга”-ын боомтоор хил гарах иргэдийн тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн байна. Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компани болон иргэдийн зүгээс дээрх санал, хүсэлтийг хамгийн олон удаа орон нутагт ирүүлжээ. Байнгын ажиллагаатай дээрх боомтоор энгийн үед буюу даваа, баасан гарагаас бусад үед 400 гаруй иргэн, 60-70 тээврийн хэрэгсэл зорчдог аж. Харин даваа, баасан гарагт өдөрт 800 гаруй иргэн, 120 орчим тээврийн хэрэгсэл нэвтэрдэг байна.
Дорнод аймаг бол Зүүн бүсийн тулгуур төв. Тус аймаг Эрээнцав, Хавирга боомтод хөрш орнуудын бизнес аяллыг хөгжүүлэх зорилгоор хил орчмын “Аялал жуулчлалын чөлөөт бүс” байгуулах талаар судалж байгаа аж. Эдийн засгийн хүндрэлтэй нүүр тулсан манай улсын хувьд гарц, боломжийг эрэлхийлж буй. Хямралын сөрөг нөлөөгөөр эдийн засаг агшиж, иргэдийн худалдан авах чадвар буурсан талаар байнга мэдээлж байгаа. Гэхдээ БНХАУ-ын Манжуур хотыг зорих монголчуудын цуваа тасрахгүй байгааг “Хавирга” боомтынхон хэлж байв.
Монгол Улсыг Зүүн хойд Азийн эдийн засгийн интеграцид холбох гүүр бол Зүүн бүс. Тэр дундаа Дорнод аймаг үүнд онцгой үүрэг гүйцэтгэх учиртай. Гэвч өдгөө тус аймаг цагаан зудын эсрэг хамаг нөөц, боломжоо дайчлах сорилтын өмнө ирээд байна. Аймгийн хэмжээнд өвөлжилт хүндрэх шинжтэй байна. Тус аймгийн есөн сум цагаан зудтай байгааг орон нутгийн удирдлага мэдэгдэж байв. Зуншлага тааруу байсан нь нөхцөл байдлыг улам дордуулж мэдэхээр байгааг М.Бадамсүрэн өгүүллээ.
Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбогдсон Дорнод “Аймгуудын өрсөлдөх чадварын 2015 оны тайлан”-гаар есдүгээр байранд эрэмблэгдсэн. Уг тайлангаар Хэнтий 16-д жагссан бол Сүхбаатар дөрөвдүгээрт орсон. Дорнод аймаг олон тулгуурт, тогтвортой эдийн засагтай аймаг болохоор зорьж байгаа аж. Олон тулгуурын гол багана нь хөдөө аж ахуйн салбар билээ.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй