Элчин сайдуудын томилгоог бөөндлөө

Мэдээ

С.Баяр, М.Энхсайхан хоёрын өмнөөс иргэд өр зээл, өлөн ходоодоороо хариуцлага хүлээж байна гэв

УИХ-ын чуулганы пүрэв гарагийн хуралдаанаар Элчин сайдуудын томилгооны талаар хэлэлцлээ. БНВУ-д Элчингээр суух Д.Билэгдорж нь Москвагийн Олон улсын харилцааны сургуулийг төгссөн. Вьетнам судлалаар мэргэшсэн, орос, англи, вьетнам хэлтэй. Кувейт рүү Элчин сайдаар томилж буй З.Чинтүшиг нь ХБНГУ-д их сургууль төгссөн, АНЭУ-ын Америк судлалын сургуулийг араб хэл судлаачаар дүүргэжээ. Австри Улсад Элчин сайдаар суух Г.Баттунгалаг нь одоо ГХЯ-ны олон талт хамтын ажиллагааны газрын захирлын албыг хашдаг, орос, англи хэлтэй.

БНТУ-д Элчин сайдаар суух Р.Болд АНУ болон Австралид өмнө нь Элчингээр ажиллаж байсан туршлагатай. Бельгийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилж буй О.Оч нь Москвагийн Олон улсын харилцааны сургуулийг хуульч мэргэжлээр дүүргэсэн, НҮБ-д байнгын төлөөлөгчөөр ажиллаж байжээ. БНЧУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилж буй Н.Наранбат нь чех судлалаар мэргэшсэн бөгөөд Ази Номхон далайн газрын захирлаар ажилладаг юм байна. БНБУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилж буй Д.Батсайхан нь Кувейтын Элчин сайдын яаманд ажиллаж байсан туршлагатай. Казахстан Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон Л.Баттулга нь дипломат албанд олон жил ажиллаж буй хэмээн танилцуулав. Харин Шведэд томилохоор нэр дэвшүүлсэн М.Энхсайхан, Их Британи руу томилохоор нэр дэвшүүлсэн С.Баяр хоёрын талаар зарим гишүүн шүүмжлэлтэй хандаж байлаа.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Элчин сайд улс орноо төлөөлдөг гэдэг утгаараа хариуцлагатай албан тушаал. Гэхдээ би М.Энхсайхан, С.Баяр хоёрын хувьд эргэлзэж байна. Энэ хүмүүстэй хариуцлага ярих хүнд шүү дээ. С.Баярын үед Оюутолгой цаашаа харсан нь үнэн. Тэр үед М.Энхсайхан танхимд орж ирээд баахан зүйл ярьсан. Өдөр тутам алга болоод байсан сая ам.доллар хаачив. Юугаа ч өгөхөд бэлэн улс орныг бэлтгэхэд энэ хоёр хувь нэмрээ оруулсан. Оюутолгой Монгол Улсын төсвийн орлоготой тэнцэх хэмжээний зүйл гадагшаа ачуулдаг атлаа зургаан хувийн ачаа үүрдэг.

Хамгийн гол нь Монголын асуудлыг шийддэг сэтгэлтэй байх ёстой

2009 онд ам.долларын ханш 1300-1400 байсан. Одоо 2400 төгрөг байна. Валютын ханш цагаас цагт өсөж байгаа. Энэ бүхнийг энэ хоёр л хийсэн шүү дээ. Өөрсдийнхөө өчүүхэн эрх ашгийн төлөө улс орноороо тоглосон. Энэ хоёрын нэрийг оруулж ирсэн нь нэг бол шийтгэл, эсвэл шагнал гэж харж байна” гэлээ.

Мөн УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин зөвхөн ур чадвар, хэлний мэдлэгээс өөр ямар шалгуур байдаг юм бэ гэдгийг тодруулмаар байна. Хамгийн гол нь Монголын асуудлыг шийддэг сэтгэлтэй байх ёстой хэмээв.

УИХ- ын гишүүн Х.Болорчулуун “Ерөнхий сайд хийж байсан хоёр хүн Монголын иргэдэд маш их хор хохирол учруулсан. Яагаад бид дэлхийд дээгүүрт орох нөөц баялгаасаа тав зургаахан хувийг хүртээд, 90 хувийнх нь үнэ цэнэ байхгүй байгаа юм бэ. Өнөөдөр бид хямраад сууж байна. Энэ бол тухайн үеийн эрх баригчидтай хуйвалдаж хийсэн дээрэм. С.Баяр энэ гэрээг хий, би хар толгойгоороо хариуцна гэж намынхныгаа дарамталж байсан. Гэтэл өнөөдөр С.Баяр дарга хар толгойгоороо хариуцаагүй. Монголын иргэд өр зээл, өлөн ходоодоороо хариуцлага хүлээж байна” гэв.

Харин М.Энхсайханыг үйлдвэрийн салбарыг нураасан хэмээн шүүмжиллээ. Хариуд нь С.Баяр “Элчингээр ажиллахдаа эх орондоо юу хийх вэ гэдэг талаар одоо би бодож байна. Төлөвлөгөөгөө бүрэн боловсруулж амжаагүй байгаа. Оюутолгойн гэрээг Ерөнхий сайдын хувьд байгуулах нь зүйтэй гэж зүтгүүлсээр байж байгуулсан. Үүгээрээ би бахархдаг. Өнөөдөр манай улсын эдийн засаг сайнгүй байна. 40 жилийн өмнө байгуулсан Эрдэнэт, дөрвөн жилийн өмнөх Оюутолгой хоёр л Монголыг тэжээж байгаа байх. Тэтгэвэр, тэтгэмж цалинг Оюутолгойгоос шийдэж байгаа болов уу. Үйл ажиллагаа явуулснаас хойш 1.8 их наяд төгрөгийг төсөвт хуримтлуулсан. Гэрээг сайжруулах эрх Засгийн газар, УИХ-д нээлттэй байгаа” хэмээлээ.

Мөн Элчин сайдуудыг ингэж бөөнөөр нь батлахыг зарим гишүүн эсэргүүцэж буйгаа хэлж байв. Ингээд нийт гишүүдийн 90 гаруй хувийн саналаар Элчин сайдуудын томилгоог дэмжлээ.

САНАЛ БОЛГОХ