“Shenhua” борлуулалтын бодлогоо өөрчилжээ

Мэдээ

БНХАУ-ын нүүрсний салбарын тэргүүлэгч “Shenhua Group” борлуулалтын бодлогоо өөрчилсөн гэж эх сурвалж мэдээллээ. Энэ сарын 15-наас мөрдөгдөж эхэлсэн бодлогын хүрээнд тус компани урт хугацаатай гэрээ байгуулаагүй хэрэглэгчдэд нүүрс нийлүүлэхгүй байхаар болжээ. Өөрөөр хэлбэл, спот ханшаас илүү гэрээний үнийг барьж, эцсийн хэрэглэгчдэд хүргэх нийлүүлэлтээ хязгаарлаж эхэлсний илрэл гэж шинжээчид үзэж байна.

БНХАУ-ын Засгийн газар нүүрсний ханшийн огцом өсөлтийг зогсоож, зах зээлийг тогтворжуулахаар зорьж байгаа. Энэ хүрээнд төрийн өмчит томоохон олборлогчдод нийлүүлэлтээ нэмж, хэрэглэгчидтэйгээ харьцангуй хямд үнээр урт хугацаатай гэрээ байгуулах чиглэл өгчээ.

Иймээс “Shenhua Group” болон “China National Coal” компани томоохон цахилгаан станцуудтай урт хугацаатай гэрээ байгуулсан гэж өнгөрсөн долоо хоногт мэдээлж байв. Талууд урт хугацааны гэрээнд нүүрсний үнийг тонн тутамд 535 юань байхаар тооцоод байгаа аж. Энэ нь одоогийн спот ханшаас 22 хувиар хямд үнэ юм. Чинхуандао боомтод эрчим хүчний нүүрсний жишиг ханш өнгөрсөн долоо хоногт тонн нь 700 юань болж, дээд цэгтээ хүрчээ. Үүнээс хойш бага зэрэг буурч, 680 орчим юаньд хэлбэлзэж байна. Харин ирэх онд БНХАУ-ын нүүрсний зах зээлийн зохист ханшийн түвшнийг 550-660 юань байхыг “Shenhua Energy” тодорхойлж байгаагаа онцолж байсан юм.

САНАЛ БОЛГОХ