Ес дэх удаагаа Монголыг зорьсон Дээрхийн гэгээнтэн

Сурвалжилга

XIV далай лам номын айлчлал хийж байна

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд болон бусад сүм хийд, төрийн бус байгууллагуудын урилгаар Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам баасан гарагт манай улсад айлчилж ирсэн билээ. Далай лам Монголд хийж буй ес дэх удаагийн энэхүү айлчлалынхаа хүрээнд монголчуудад ном айлдахын зэрэгцээ “Шинжлэх ухаан ба бурхны сургаал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хэлэлцүүлэгт оролцож, их, дээд сургуулийн эрдэмтэд, оюутан залуустай уулзах юм. Бямба гарагт тэрбээр Гандантэгчэнлин хийдийн Жанрайсиг дацангийн өмнөх талбайгаас Монголын нийт ард түмэнд хандан мэндчилгээ дэвшүүлж, лам хуврагуудад сургаалаа айлдсан. Тэгвэл ням гарагт Далай багш “Буянт-Ухаа” спорт цогцолборт Монголын нийт лам хувраг, сүсэгтэн олонд “Богд ламын жинан”, “Жигжидийн цэван” зэрэг ном айлдлаа. Харин өнөөдөр “Корпорейт конверсейшн центр”-т түүний айлчлалын гол үйл явдал болох юм. Энэ нь дэлхийн олон оронд 30 удаа зохион байгуулагдсан “Mind and Life” буюу “Оюун санаа ба амьдрал” сэдэвт эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг бөгөөд шинжлэх ухаан болон бурхны сургаалын талаар эрдэмтэн судлаач, лам хуврагууд өргөн хүрээнд ярилцдаг томоохон арга хэмжээ юм. Далай ламын айлчлалын хүрээнд “Оюун санааны АСЕМ” гэгддэг энэхүү хэлэлцүүлгийн 31 дэх удаагийнх нь Монголд зохиогдох гэж буй нь энэ юм.




САНАЛ БОЛГОХ