Филип Хэммонд: Ойрын хоёр жилд эдийн засгийн тогтворгүй үетэй нүүр тулж магадгүй
Европын Холбоог орхих Их Британийн шийдвэр эдийн засгийн удаашралд нөлөөлсөн гэж Их Британийн Сангийн сайд Филип Хэммонд мэдэгдлээ. Тэрбээр мэдэгдэлдээ "Бид тодорхойгүй нөхцөл байдлын өмнө тулж ирлээ. Энэхүү хүчин зүйл нь эдийн засгийн өсөлтийг удаашруулна гэж олон улсын тоймчид үзэж байна. Бид үүнийг анхааралдаа авч төлөвлөн ажиллах ёстой" гэж онцолсон байна. Түүнчлэн тэрбээр "Бид Европын хамтрагчдынхаа алинтай нь ч тодорхой хэлэлцээрт хүрээгүй байгаа. Ирэх оны гуравдугаар сарын сүүлээр асуудлыг нэг тийш болгочихсон байна гэдэгтээ итгэлгүй байна. Эдгээр хэлэлцээрийг үргэлжлүүлснээр бид ойрын хэдэн жилд эдийн засгийн тодорхойгүй нөхцөл байдалтай тулгарна. Бид үүнийг анхааралдаа авч төлөвлөн ажиллах ёстой. Магадгүй ойрын хоёр жилд бид эдийн засгийн маш тогтворгүй үетэй нүүр тулж мэднэ. Үүнийг хүлээн зөвшөөрч бэлтгэлтэй байх хэрэгтэй" гэж мэдэгджээ.
Их Британийн Сангийн сайд Филип Хэммонд ирэх долоо хоногт Их Британийн эдийн засгийн нөхцөл байдлын талаар Засгийн газрын анхны мэдэгдлийг Парламентдаа танилцуулах юм байна. Их Британийн Засгийн газар "Ирэх оны гуравдугаар сарын 31-нд болох Европын Холбоог орхих албан ёсны хэлэлцээр биднийг хүнд байдалд оруулна, гэсэн ч одоогийн байр сууриасаа ухарч болохгүй" гэж үзэж байгаа ажээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй