Зэсийн ханшийн өсөлт "тогтворгүй шинжтэй" гэж үзэж байна
Зэсийн ханш сүүлийн нэг сарын хугацаанд 20 хувиар өссөн нь "параболик" шинжтэй буюу тогтвортой үргэлжлэхгүй гэж шинжээчид анхааруулж байна. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Д.Трамп ойрын жилүүдэд дэд бүтцийн салбартаа их хэмжээний хөрөнгө оруулна гэж мэдэгдсэн нь зэсийн эрэлт өсөх хүлээлтийг дэмжиж, арилжаанд оролцогчдын хандлагыг өөрчилсөн. Гэхдээ зах зээлийн ерөнхий суурь нөхцөл төдийлөн өөрчлөгдөөгүй учраас ирэх жилүүдэд ханш огцом өсөхгүй гэж шинжээчид үзэж байна. Хамгийн сүүлд "Goldman Sachs"-ийн зүгээс зэсийн ханш хэт хурдтай, хэт өндөр өссөн гэж тодорхойлсон. Энэ нь одоогийн өсөлт "тогтворгүй шинжтэй" гэдгийг илэрхийлж байгаа юм. Мөн тус банкны зүгээс ирэх 3-12 сарын хугацаатай зэсийн ханшийн төлөвөө бага зэрэг нэмэгдүүлсэн ч энэ нь одоогийн ханшаас хамаагүй доогуур хэвээр байна.
Өөрөөр хэлбэл, эрэлтийн дийлэнхийг бүрдүүлдэг Хятадын эдийн засгийн нөхцөл байдал төдийлөн сайжрахгүй байх төлөвтэй байгаа нь зах зээлд "сэргэлт" болохгүйг илтгэж байна гэж дүгнэжээ. Мөн зэсийн зах зээлд 400 мянган тонны илүүдэл байгааг "CRU Group"-ийн шинжээчид тооцооллоо. Эрэлт, нийлүүлэлтийн харьцааг ойртуулж, зах зээлд тэнцвэр бий болгохын тулд АНУ-ын нийт зэсийн эрэлт одоогийнхоос багадаа 25 хувиар өсч, Хятадын нийлүүлэлт дөрвөн хувиар өсөх шаардлагатай гэж үзжээ. Үндсэндээ энэ нөхцөл бүрдэхэд дахиад олон жилийн хугацаа хэрэгтэй гэсэн үг. Мөн энэ хүртэл зэсийн зах зээл тогтворгүй, үнэ ханш одоогийн харьцангуй доогуур түвшиндээ савласан хэвээр байна гэж дийлэнх шинжээч таамагласан байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй