Владимир Путин: ОХУ газрын тосны гарцаа царцаахад бэлэн

Мэдээ

OPEC газрын тосны гарцаа царцаах асуудлаар тохиролцоонд хүрэхэд саад бэрхшээл тулгарахгүй гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдлээ. Перуд болж байгаа АPEC-ийн уулзалтад оролцож байгаа тэрбээр ирэх долоо хоногт Австрийн Вена хотод болох OPEC-ийн уулзалтын үр дүнд итгэлтэй байгаагаа илэрхийлж, ОХУ хэлсэндээ хүрч, одоогийн түвшинд гарцаа царцаахад бэлэн гэж хэлжээ. Газрын тос, байгалийн хийн салбарын орлого төсвийнх нь дийлэнх хувийг бүрдүүлж байгаа ч газрын тосны гарцаа царцаах нь ОХУ-ын хувьд хүндрэл дагуулахгүй гэж Владимир Путин мэдэгдсэн байна. Үүний зэрэгцээ өнгөрсөн долоо хоногт Дохад болсон газрын тос олборлогчдын албан бус уулзалтад төлөөлөгчөө оролцуулаагүй байсан Иран болон Ирак улсын албаныхан мэдэгдэл хийж, OPEC-ийн гишүүн болон бусад томоохон олборлогчид гарцаа царцаах тохиролцоонд хүрнэ гэх зах зээлийн хүлээлтийг дэмжлээ. Ираны Газрын тосны сайд "Оролцогчид тохиролцоонд хүрэх магадлал өндөр байгаа"-г онцолсон бол Ирак улсын Газрын тосны сайд "OPEC-ийн одоогийн бодлогод уялдуулсан санал гаргана" гэж мэдэгдсэн байна.



САНАЛ БОЛГОХ