Цөхөрсөн сэтгэлийг дэвтээнэ

Нийтлэлчийн булан

Эрхтний донор олох нь өвсөн дундаас зүү олохтой адил

Албан тушаал, царай зүс, хөрөнгө мөнгө ялгалгүй ирдэг хамгийн хэцүү зовлог бол өвчин. Эрүүл явах эрхэм чухал гэдэг ч эдгэршгүй өвчинд дарлагдаж, эрхтэн солиулахаас аргагүй болдог тохиолдол олон. Өндөр үнэ өртөг нь яамай гэхэд эрхтний донор олох нь өвсөн дундаас зүү олохтой адил. Учир нь эрхтэн солиулахаар болвол өөрийнхөө төрсөн ах дүүс, аав, ээжийгээ эрхтэн дутуу болгохоос аргагүй. Өрөөл бусдаас авна гэвэл гонж гээд хуульд заачихсан юм. Зөвхөн ганц өгүүлбэрээс болж өнөөдрийг хүртэл гарцгүй болсон өвчтөнүүдийн тоо нэмэгдсээр он жилийг үдэж байна.

Юутай ч итгэл алдарсан хүмүүсийн нүдэнд баясал гэрэлтэх мөч тун удахгүй ирэх сайхан цаг айсуй. Гэхдээ Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар баталсан тохиолдолд шүү дээ. Ямар ч гэсэн уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг Засгийн газрын хуралдаанаар дэмжээдэхлээ. Удахгүй Хууль зүй, дотоод хэрэг болон Эрүүл мэндийн сайд нар дээрх үзэл баримтлалыг батална. Үүний дараа хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх гээд багагүй хугацаа шаардагдах юм. Өвчинд шаналж өдөр хоногийг өнгөрөөж буй олон хүн хууль хурдан батлагдаж, хугацаа алдалгүй ирэх оны эхнээс мөрдөж эхлэхийг тэсэн ядан хүлээж буй.

Манайд ч гэсэн кадавр донорыг ашиглах үүд удахгүй нээгдэх гэж байна
Анх 2000 онд анх уг хуулийг баталж, 2012 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан түүхтэй. Гэвч цаг үеэсээ хоцорсон гэхээсээ илүү хаан боогдуулж, донор хайгчийг бачууруулсан хууль хэвээр үлдсэн. Ялангуяа эхээс ганц нэгээрээ, ах дүүс багатай бол амьд донороос эрхтэн авах боломжийг боосон хэт өрөөсгөл хууль байлаа. Харж суугаад хэн нэгнээ өвчнөөр алдахыг хэн ч хүсэхгүй. Тиймээс боломжтой нэг нь зээл авч, боломжгүй нь хандив тусламж гуйн хэдэн төгрөг цуглуулж эрүүл болно гэж итгэсээр харийн улсыг зорьдог. Сүүлийн үед ийм дүр зураг бидний дунд ёс мэт оршиж байна. Гэтэл мэс заслын шинэ технологиуд гадаадад хүчээ авсаар. Тиймээс Монголд хүн амын өвчлөл эрс нэмэгдэж, хорт хавдраар олноороо нас барах болон осол гэмтэл, цусны өвчлөл манай улсад тоймгүй нэмэгдсэн. Энэ нь шаардлага хангахгүй хуулийг дахин шинэчлэхэд хүргэснээс дамжиггүй.

УДАМ УГСААГАА ХАДГАЛНА
Эс шилжүүлэн суулгах мэс засал гэхэд л манай оронд хөгжөөд нэлээд хэдэн жил болж байна. Гэтэл хууль нь дөнгөж өргөн баригдах гэж байгаа нь Монголын эмч, эрдэмтдийн чадвар нийгмээсээ түрүүлж явааг илтгэнэ. Хууль байхгүйн улмаас хосууд гадаадад очиж бэлгийн эсийн донор авдаг нь монгол үндэстний генийн санд аюул заналхийлэхийг ч үгүйсгэх аргагүй. Тухайн гэр бүл гэхэд л удам зүйн хувьд өөр үндэстний бэлгийн эс ашиглахаас гадна их хэмжээний мөнгөний урсгалыг алдахад хүргэдэг.

Нөгөөтэйгүүр, эдийн засгийн боломжгүй нэгэн үр хүүхэдгүй насыг элээх сөрөг талтай байсныг өргөн барих гэж буй Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар засч залруулаасай билээ.

Ер нь донор эрхтэн гэдэг хомс зүйл. Дэлхийн хэмжээнд жилд 200-300 мянган хүн донор хүлээж, түүнээс 20-30 мянга нь л эрхтэн шилжүүлэн суулгуулж чаддаг гэх судалгаа бий. Монгол Улс донор болох боломжтой энэ олон хүнийг ашиглаж чадахгүй байгаа нь асар том боломжийг алдаж буй хэрэг. Одоогоор манай улсад бөөр, элэг, үүдэл эсээс цусны чөмөг шилжүүлэн суулгах гурван төрлийн мэс заслыг л хийж байна. Гэтэл хөгжингүй орнуудад кадавр буюу тархины үхэлтэй амьгүй донороос гэхэд л эрхтэн шилжүүлэн суулгадаг аргыг төрийн бодлогоор дэмжиж тогтолцоог нь тодорхой болгожээ. Манайд ч гэсэн кадавр донорыг ашиглах үүд удахгүй нээгдэх гэж байна. Ингэснээр 8-9 эрхтэн шилжүүлэн суулгаж, амьдрал үхлийн зааг дээр дэнжигнэсэн амийг аврах боломжтой болох юм.
» Ганц өгүүлбэрээс болж өнөөдрийг хүртэл гарцгүй болсон өвчтөнүүдийн тоо нэмэгдсээр он жилийг үдэж байна.
» Кадавр донорыг ашиглах үүд удахгүй нээгдэх гэж байна.
» Хүмүүс бараг л толгой дараалан эрхтэнээ "сугалж" өгөхөөр дугаарлах вий.
Тэрчлэн хүн хүсвэл өөрийн эрхтэнээ бусдад шилжүүлэн суулгуулах эрх нээгдэж байгаа нь өвчинд шаналсан хүмүүсийн амь нас, эрүүл мэндийг аврахаас илүү ач буян гэж энэ хорвоод байхгүй. Сүүлийн гурван жилд гэхэд л 300 гаруй хүн гадагшаа явж тус бүр 50,0-250,0 мянган ам.доллар зарцуулсан баримт бий. Хэрэв хуультай, донортой байсан бол ийм их хэмжээний мөнгийг эх орныхоо төсөвт нэмэрлэх байлаа.


ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН ХЭРЭГЦЭЭ
Эдгээр том өөрчлөлтийг дагаад олон эмнэлэгт тарж бутарсан мэс заслын багуудыг нэгтгэж, тусгай төв байгуулах нь гарцаагүй. Угаас 2012 оны шинэчилсэн найруулгаар төв барих зорилго өвөртөлж байсан ч удаатай.

Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг дагаж хүний наймаа, эд, эрхтэн худалдах гэмт хэрэг гадаадын орнуудад нэлээд түгээмэл тохиолддог. Гагцхүү энэ сөрөг явдлыг нарийн зохицуулах нь чухал. Тухайлбал, эрхтэн шилжүүлэн суулгадаг мэс заслын эмч донорын мэдээлэл, бүртгэлээс ангид байх гээд олон заалтыг хуульд тусгахаас аргагүй. Эс бөгөөс гуравхан сая хүн амтай атлаа дийлэнх нь өр зээлэнд баригдсан, бүр хоногийн хоолгүй шахам өдрийг аргацааж байгаа хүмүүс бараг л толгой дараалан эрхтэнээ "сугалж" өгөхөөр дугаарлах вий. Жишээ нь, элэг шилжүүлэн суулгах мэс заслын хувьд тулгардаг хамгийн том бэрхшээлийн нэг нь донорын асуудал. Өнөөдөр гэхэд л Монголд донор байхгүй, аврагчаа хүлээгээд сууж байгаа 40 гаруй хүн байна.

Хэн нэгний хариуцлагагүй үгийн зөв бурууг шүүхийн тулд бараг 76-уулаа цуглаж, цэц булаацалддаг атлаа иргэдийн амь, нас, эрүүл мэндтэй холбоотой олон чухал асуудлыг анхаарлынхаа гадна үлдээсээр ирсэн. Түр ч гэсэн нам хоорондын тэмцлээ хойш тавьж, гагцхүү цөхөрсөн сэтгэлийг дэвтээх хуулийг яаравчлуулах нь чухал байна.
САНАЛ БОЛГОХ