Кино зах зээлийн хөшигний цаана

Кино

Кино театрууд ойролцоогоор орлогын тал хувийг авдаг

Монголын киноны зах зээл том тоогоор хэмжигдэж байна. 2013 оноос хойш 100 сая төгрөгөөс их ашиг олсон кинонуудын нэрсийг гаргавал урт жагсаалт хөврөхөөр болжээ. “Хувьсал” продакшны “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кино 731 сая төгрөгийн ашгаар энэ жагсаалтыг тэргүүлж байна. Түүний араас “Single ladies” кино орж буй. Тус киноны хоёрдугаар анги кино театрын дэлгэцнээ нийт 1991 удаа гарсан нь мөн л урд хожид байгаагүй амжилт болжээ.

Мөн сүүлийн жилүүдэд өмнөхөөсөө хэдэн шат ахисан тохилог кино театрууд ч нэмэгдлээ. Эдгээр нь Монголын киноны зах зээл тэлж буйн бодит жишээ юм. Зөвхөн “Өргөө” кино театрын зарим статистик үзүүлэлтийг танилцуулъя. Тус кино театрын салбаруудад 100 гаруй кино нээлтээ хийсэн байна. Эдгээрийн 52 хувь нь холливудынх байгаа бол 39 хувь нь монгол кино. Харин солонгос кино 4.7 хувийг эзэлж байгаа нь дээрх хоёр ангиллын үзүүлэлттэй харьцуулахад бага тоо.

Хэдийгээр манай үзэгчид холливудын бүтээлийг цаг алдалгүй үзэхийг хүсдэг ч монгол киноны эзлэх хэмжээ аажим аажмаар ахиж буй. Ялангуяа инээдмийн төрлийн кино хамгийн их эрэлттэй болжээ.

Найруулагч Б.Жаргалсайхан “Сүүлийн үед үзэгчид нийгмийн хар бараан асуудлаас зайлсхийж, хөнгөн төрлийн киног сонирхох болсон. Манай үзэгчдийн 70 орчим хувь нь инээдмийн киног сонгодог” гэв. Өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн “Барьцаа 007” инээдмийн кино бол түүний отгон бүтээл. Тэрбээр “Содура”, “Одод болохын хүслэн” киногоор багагүй ашиг олсон ч, яг хэд вэ гэдгийг нийтэд дэлгэхээс татгалзлаа. Харин “Киноноос хөөрхөн ашиг олчихдог” хэмээн хариулав. Тэр “хөөрхөн” гэдэг нь хэр хэмжээтэй вэ гэдэг нь сонирхол татлаа. Хямралаас хамаардаггүй кино бизнесийн “тогоо” руу өнгийе.

Ер нь манай уран бүтээлчид 80-100 сая төгрөгийн ашиг олбол “боломжийн” гэж дүгнэдэг тухай өөр нэгэн уран бүтээлч хэлэв. Тухайлбал, өнгөрсөн хавар дэлгэцэнд гарсан “Ядуугийн зовлон-2” киног 100 сая төгрөгөөр бүтээж, зарлагаасаа гадна 100 гаруй сая төгрөгийн орлого олжээ. Гэхдээ зардлаа нөхнө, жүжигчид болон бусад ажилчдын цалинг олгоно, кино театруудад хувь өгнө гээд “татаасууд” мундахгүй аж.

Кино театрууд ойролцоогоор орлогын тал хувийг авдаг байна. Уран бүтээлч болон кино театр ашгаа 45:55 эсвэл 50:50 харьцаатайгаар хуваадаг юм байна.

Манай жүжигчид цалингийн хэмжээгээ нийтэд зарлах дургүй. Гэхдээ олонд танигдсан жүжигчин дунджаар 10 сая төгрөг авдаг байна. Дөнгөж урлагт хөл тавьж буй залуу жүжигчид 500 мянган төгрөг авах нь бас бий. Харин ахмад жүжигчид туслах дүрд тогловол нэг сая төгрөгөөр цалинждаг гэв.

Театруудад сард 10 гаруй кино нээлтээ хийж байна
Гэхдээ бүх кино гялалзсан амжилт авчирдаггүй. Кино театрт нээлтээ хийсэн ч, үзэгчгүй гэсэн шалтгаанаар буцаан татуулж, “шатсан” кино бас байна. Тухайлбал, “Хүсэл мөрөөдлийн зүгт” кино зардлаа нөхөх нь байтугай нийт орлого нь 72,700 төгрөг болсон байна. Мөн “Бардо” 1.3 сая төгрөг, “Хүдэн” 3.2 сая төгрөг, “Ханхүү нь аль вэ” 3.4 сая төгрөг олсон байх жишээтэй.

Кино театрууд тухайн киног үзэгчдийн тоо суудлынхаа 50 хувьдаа хүрэхгүй бол татан буулгадаг аж. Мөн тасалбар хямдарсан өдрүүдэд суудлынхаа 30 хувьд хүрэхгүй бол дэлгэцнээс буулгана. Хэдийгээр энэ нь арилжааны бичигдээгүй хууль ч уран бүтээлчдийн хувьд хамгийн тулгамдсан асуудлын нэг аж. Найруулагчид шинэ киноныхоо рекламыг телевизээр цацуулахын тулд өмнөх киногоо тус сувгаар гаргах эрхийг маш хямд өгдөг юм билээ. “Үргээлэг-2” кино дэлгэцэнд гарах үед өмнөх анги нь телевизийн суваг бүрээр залхтал гарсан нь ч үүнтэй холбоотой юм билээ.

Солонгост үндэсний киног тухайн кино театр жилд хамгийн багадаа 73 удаа гаргах шаардлага тавьдаг байна. Ингэснээр танхим үзэгчдээр дүүрэхгүй байсан ч уран бүтээлчид “хоосон буцдагүй”. Энэ мэт дэмжлэг хэрэгтэйг уулзсан найруулагч бүр тодотгож байлаа.

Мэдээж монгол кинонууд холливуудын уран бүтээлийг гүйцэхэд хол. Холливудын студиуд киног 1-2 жилийн хугацаанд хийдэг. Харин манайхан хамгийн ихдээ нэг жил зориулдаг. Бүр хоёр сарын дотор бүтсэн бүтээл ч бий. Хамгийн сүүлд дэлгэцэнд гараад буй “Барьцаа 007” киног гэхэд 2-3 сарын дотор хийсэн аж. Б.Жаргалсайхан найруулагч “Киногоо хийхийн тулд хүүтэй зээл авсан. Тийм учраас өдөр, хоногтой уралдан байж богино хугацаанд дуусгасан” гэж учирлалаа.

Тоон үзүүлэлтээс харахад кино салбарын ашиг хамгийн хурдтай өсч буй нь Ази, Номхон далайн бүс нутаг. Тэр дундаа Хятад толгой цохиж байна. 2010-2014 оны хооронд Хятадын кино театруудын ашиг 46 хувиар өсчээ. Мөн кино театрын дэлгэцэнд гарч буй бүтээлүүдийн 55 хувь нь дотоодынх байдаг аж. Эндээс харахад тус салбарт холливудын бүтээлүүд аажмаар эрчээ алдаж байна. Эсрэгээрээ улс орнууд үндэснийхээ киног илүүтэй сонирхох болжээ.

Гэхдээ өнгөрсөн жилээс цонхоо нээж байсан киноны зах зээл эргээд хөшгөө хаачихсаныг дурдахгүй өнгөрч чадахгүй нь. ШӨХТГ-аас кинонуудын орлогын жагсаалтыг гаргахаа больсон. ШӨХТГ-ын Хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн А.Мягмардорж “2013 онд Монголд “Тэнгис”, “Өргөө” кино театрууд зах зээлийн ихэнх хувийг эзэмшиж байлаа. Харин одоо “Хүннү”, “Гэгээнтэн”, “Icinema” “Imax” зэрэг театр нээгдсэн учраас манайх хяналт тавих шаардлагагүй болсон” гэв. Тиймээс угаас орлогоо дэлгэх дургүй киноны салбар “хөшгөө” дахин хаачихлаа.


САНАЛ БОЛГОХ