Үе дамжсан гоморхол

Нийтлэл

Аав, ээж, цаашлаад нийгмийн хайраар дутсан тэдний буруу биш

“Би том болоод аав шигээ архи ууж, хүүхдүүдээ хаяж явахгүй”, “Би том болоод ээж шигээ ажил, ажил гэсээр хүүхдүүдээ мартахгүй”. Энэ бол 1990-ээд оны хүүхдүүдийн сэтгэлдээ нулимстай шивнэсэн ариухан үгс. Тэд өнөөдөр өөрсдөө эцэг, эх болжээ. Гэвч сэтгэлдээ шивнэсэн тэр үгсээ одоо санадаг болов уу. Яагаад 1990-ээд оныг онцлов гэж та гайхах байх. Нийгэм солигдож, таньж мэдэх бүх л зүйл нь өөрчлөгдсөн ороо бусгаа үеийн “бүтээгдэхүүн”, тэд. Хүүхдийн үзэж харсан амьдрал, үүрч туулсан зовлон, хүмүүжил нь эцэг, эх байхад чухал нөлөөтэйг гэр бүл судлаачид хэлнэ. Тиймээс л тэд ямаршуухан эцэг, эх болсныг хөндлөө.

Залуу гэр бүлийн өдөр тутмын явган сөргөлдөөнд эцэг, эх, бага насных нь талаар дурдагддагийг та мэдэх үү. Аяга тавгаа угаахаас болж зөрөлдсөн ч “Чиний аав хүүхдүүдээ хаяад явсан биз дээ, чи бас тэгэх үү.” гэсэн ширүүн үгс сонсогдох нь бий. Түүнчлэн эцэг, эхийн үлдээсэн сэтгэлийн сэв, шарх бүхэн хосын бие биедээ итгэх итгэлийг хэмхэлж болно. “Энэ бас аав шиг архи ууж ирээд, агсам тавих вий дээ. Эрчүүд бүгд л адилхан” зэрэг төсөөллийн айдас бий болгодог ажээ. Бидний явуулсан асуулгад 16 настай охин Ө энэ талаар “Би нөхөртэй болъё гэж боддоггүй, хүүхэд байхад л хангалттай” гэсэн бол 14 настай Э “Би бие хамгаалах урлагаар хичээллэнэ. Тэгээд нөхөртөө хэзээ ч зодуулахгүй” хэмээн хариулав. Тэд яагаад хайр дурлалыг цэцэгт тал мэт төсөөлөхийн оронд үүрэх ёстой ял гэж бодно вэ. Үзсэн харсан нь хангалттай шархлуулсан болохоор тэр биш үү.

Хүүхдийн байгууллагад 13 жил ажилласан Олон улсын Улаанбаатар их сургуулийн Нийгмийн халамжийн багш Б.Сүх-Очир “1990-ээд оны үед хүүхдүүдийн нөхцөл байдал хүнд байсан. Нийгэм солигдсонтой холбоотойгоор төрөлт, гэр бүл баталгаажуулалт багасаж, нас баралт ихэссэн. Бидний нийгмийн индикатор тавьдаг бүх үзүүлэлт савлаж эхэлсэн юм. Үүнээс шалтгаалж гэр бүлийн дотоод мөн чанар, үнэт зүйл ч алдагдсан даа. Хүн бүр л хүүхдээ сайн хүн болоосой гэж хүсдэг шүү дээ. Гэтэл тухайн үед хүүхдээ яаж ч сайхан хүмүүжүүлсэн орчин нь сөрөг байсан нь үнэн. Тиймээс хүнд хэцүү цаг үед хүн болсон хүүхдүүд одоо өөрийн гэсэн үнэлэмж, үнэ цэнэ бага байгаа нь анзаарагддаг” гэв.

Гэр бүл салалт нэмэгдэж, хүссэн үедээ салчихаж болохоор хамтран амьдрагчид олширч байна. Бие биенээ таньж мэдэх гэж хичээж яваа тэднийг буруутгах аргагүй ч үр хойчоо өнчрүүлж байгааг зөвтгөх шалтгаан алга. Архи ууж, агсамнадаг, хар тамхичин, хүчирхийлэгч биш л бол гэр бүл салахад хүүхдийн эрх хамгийн ихээр зөрчигддөг. Хүүхэд энэ нийгмийн ирээдүй. Тиймээс эрдэмтэн судлаачид, төр засаг, хамгийн гол нь эцэг, эхчүүд хамтран хүүхдэдээ анхаарч, цаг зарцуулах хэрэгтэй байна. Үүний тулд гэр бүлээ нэн түрүүнд тавих цаг ирснийг мэргэжилтнүүд хэллээ.

Залуу эцэг, эхчүүдэд зориулсан сургалт тэр бүр байдаггүй
Манайд залуу гэр бүлүүдийг чиглэсэн сургалт, зөвлөгөө маш ховор. Төрийн байгууллагаас энэ тал дээр анхаарч, дэмжих нь өдрийн од шиг ховор ажээ. Гэр бүлийн судалгаа боловсролын үндэсний хүрээлэн тэргүүтэй төрийн бус байгууллагууд л залуу эцэг, эхийг анхаарч байна. Мөн хувийн компаниуд гэр бүлд тусгайлан сэтгэл зүйн зөвлөгөө өгөхөөс цаашгүй. Гэхдээ энэ бүхнийг зорьж ирсэнд нь зориулдаг гэдгийг санах нь зүйтэй. Гэр бүлийн судалгаа боловсролын үндэсний хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Б.Оюун- Эрдэнэ “Бид хамгийн багадаа 21 хоног тутам залуу эцэг, эхчүүдэд зориулсан гэр бүлийн харилцаа, хүүхдийн хүмүүжлийн тухай сургалт зохион байгуулдаг. Сүүлийн хоёр жилд ойролцоогоор 500 гэр бүлийг хичээлд хамруулсан. Төрөөс багахан дэмжлэг үзүүлдэг бол нэн ядуу, дунджаас доогуур амьжиргаатай айл өрхүүдэд сургалт зохион байгуулах хүсэлтэй байна” хэмээв.

Хүнд хэцүү цаг үеийг туулсан бүх хүүхдийг үүнд хамруулж байгаа хэрэг биш. Нөгөөтэйгүүр багадаа гэр бүлээсээ шарх амссан хүүхэд эцэг, эх болсон хойноо хүүхдэдээ тэр зовлонг амсуулдаггүйг Сэтгэл судлалын үндэсний төвийн сэтгэл судлаач Д.Лхамсүрэн хэлсэн юм. Тэрбээр “Бид 3000 монгол ажилтнаас судалгаа авсан. Тэгэхэд тэдний 35 хувь нь хүнд, 45 нь дунд буюу зодуур, ялагдал, дарамт, 20 хувь нь сургууль дээрх асуудал зэрэг хөнгөн хэлбэрийн шарх хүүхэд насандаа амссан байсан. Тэдний амссан шарх дийлэнхид нь эерэг нөлөө үзүүлсэн гэж болохоор” гэв.


ЗГМ:Тодруулга
“Бид өөрсдийн удмаа зэмлэж байна”


Хүүхэд, гэр бүл судлаач Х.Баавгайгаас зарим зүйлийг тодрууллаа.

-1990-ээд оны нөхцөл байдал болон тухайн үеийн гэр бүлүүдийн туулсан амьдралын талаар танилцуулахгүй юу?
-Энэ бол ардчилалд шилжиж байсан үе. Социалист нийгмийн төвлөрсөн эдийн засгаас зах зээлийн нийгэм рүү бид шилжсэн. Үндсэндээ 70, 80 жил үргэлжилсэн тогтолцоо өөрчлөгдөхөд нийгмийн бүх давхарга задралд орсон юм. Үүнээс хамгийн хүнд туссан нь гэр бүл. 1990-ээд оны үед Монгол Улсад зүүд зэрэглээ мэт гарч ирсэн үзэгдэл бол тэнэмэл хүүхдүүд гэдэг нэр томьёо юм. Энэ бол гэр бүл задралын хамгийн том илрэл. 1990 оны хоёрдугаар сарын эхээр миний бие “Хүүхдийн итгэл төв”-ийг санаачлан байгуулж байлаа. Анх тус төвд долоон хүүхэд байсан бол таван сарын дараа 120 болж нэмэгдсэн. Мөн тэнэмэл хүүхдийн тоо өдрөөс өдөрт өсч хоёр жилийн дотор тоо 3000 хүрсэн юм. Айл бүрийн нэг хүүхэд гэж үзвэл 3000, хоёр гэвэл 1500 гэр бүл салж сарнисан гэсэн үг. Тэгэхээр нийгмийн байдал гэр бүлд ихээхэн нөлөөтэй байдгийн баталгаа нь энэ юм.

Нийгмийн задрал хамгийн хүнд туссан нь залуу гэр бүлүүд
-Энэ шуургад олон гэр бүл өртөв үү?
-Яах аргагүй гэр бүл гэдэг нийгмийн анхны нэгж тогтолцоо учир суурь нь ганхахад дагаад нурах эрсдэлтэй. Гэхдээ 1990 онд бүх гэр бүл задарсан уу гэвэл үгүй. Энэ үед Монголыг аварч гарсан үзэл баримтлал нь “Үхтэл үр харам” гэсэн сэтгэлгээ. Тухайн үед энэ сэтгэлгээ, Монгол ахуй соёлыг өөрийн болгож амжаагүй залуу гэр бүлүүд задралыг бий болгосон. Яагаад ингэж баримттай хэлж байна гэхээр тухайн үед тэнэмэл хүүхдүүдийн 85 хувь нь 5-12 настай байлаа. Түүнчлэн урд, хойд хөршийн хил нээгдэж ганзагын наймаа руу монголчууд шуурсан нь хүүхдийн хүмүүжилд ихээхэн нөлөө үзүүлсэн.

Гэр бүлүүд задралд орсон хоёр дахь хүчин зүйл нь энэ. Амь зуулгадаа явж, ар гэртээ анхаарал тавих нь багасч хүүхдүүд л хохирсон. Гэр бүлээ тэжээж, идэх хоолтой, орогнох дээвэртэй, хүнээс дутахгүй байх сайхан ч хүүхдийн сэтгэл үүгээр цаддаггүй юм. Тэдний сэтгэлийг эцэг, эхийн хайр халамж, цаг зав л дүүргэдэг.

-Тухайн үед хүүхэд байсан хүмүүс одоо эцэг, эхчүүд боллоо шүү дээ. Үзэж туулсан нь тэдэнд нөлөөлөх болов уу?

-Энэ бүх зөрчлөөс бүрэлдсэн бүтээгдэхүүн нь өнөөдрийн 20-35 насныхан. Тэдний хүмүүжил, үзэж туулсан зовлон гуниг, хагацал, архидалт зэрэг сайн эцэг, эх болоход нөлөөлөх нь мэдээж. Өнөөдөр бид залуучуудыг “Сонгуулиа өгөхгүй, идэвхгүй байна, өнөөгийн залуучууд ийм болчих гэж дээ” гэж шүүмжилдэг. Угтаа бол өөрсдийн үр хөврөл буюу үйлийн үрээ чичилсэн хэрэг. Тэр үеийн нийгмийн бодит үр дагаврыг өнөөдөр харж байна. Өөрөө аав, ээжийн хайрыг амсаагүй байж өөрсдөө эцэг, эх болчихоод хүүхэд хүмүүжүүлэхэд арга барил дутна, эс бөгөөс хатуу ширүүн хандлагаар үр хүүхдэдээ ханддаг. Зарим нь туйлын сайн эцэг, эх болно, гэхдээ ховор. Магадгүй дараагийн 10 жилд хүүхдүүдэд дахин нөлөөлж, гурван үе дамнах магадлалтай.

-Гарц шийдэл бидэнд бий юу?

-Олон эх сурвалжаас мэдээлэл авах боломжтой болсон өнөө үед нэг хэсэг залуу зах зээлийн шуурганаас “хашаа” даваад явчихлаа. Нөгөө хэсэг нь үе залгамжлуулсан мэт өөрийн хүмүүжлээр хүүхдээ өсгөж байна. Тэд өнөөдөр наашлах, цаашлах хоёрын зааг дээр байгаа. Тиймээс залуу гэр бүлд зориулсан сургалт нөлөөллийн ажлыг тасралтгүй явуулах хэрэгтэй. Хэрэв тэдэнд гэр бүл, хүүхдийн хүмүүжлийн талаар боловсрол олгож чадвал хэдэн үе яваад ген шинэчлэгддэг шиг гурав дахь үр удмаа сайжруулах боломж бидэнд бий.

САНАЛ БОЛГОХ