Автомат жолоодлоготой машины аюул
Авто зах зээл
Автомат жолоодлогыг хүн жолоочоос илүүд үзэх нөхцөл хараахан бүрдээгүй
Эдийн засгийн салбарт Нобелийн шагнал хүртсэн хүндтэй нэгэн автомат жолоодлоготой автомашины эрчимтэй хөгжлийн талаар үзэл бодлоо хуваалцаж байна. Шинэ технологи хүн төрөлхтөнд тус болохоосоо гай болно хэмээн эрдэмтэн үзлээ.
Өнөөгийн автомашины голлох томоохон үзэсгэлэнд хиймэл оюуны тусламжтайгаар жолооддог автомашины загвар сонирхуулахгүй өнгөрөх нь ховор. Ойрын ирээдүйд автомашины жолоочийн үүргийг компьютер бүрэн орлоно хэмээн үзэх нь улам бүр нийтлэг болсоор. Гэхдээ технологийн энэхүү хэтийн хандлагад эргэлзэгчид цөөнгүй. Автомат жолоодлоготой автомашиныг эсэргүүцэгчдийн нэг нь Лондоны эдийн засаг, улс төрийн ухааны сургуулийн профессор, Нобелийн шагналт Кристофер Писсаридес.
Тэрбээр автоматжуулах үйл явц ойрын 5-10 жилд чухам ямар салбарт түлхүү хөгжих талаар хэлэлцсэн томоохон семинарт Лондон хотноо оролцсон тухайгаа ОХУ-ын “Ведомости” сонинд тайлбарлажээ. Автоматжуулалт нь ачаа тээвэр болон жолоочгүй автомашин бүтээх салбарт хамгаас хурдацтай хөгжих талаар уг семинарт оролцогчдын дийлэнх нь санал нэгдсэн байна. Харин профессор уг форумд санал зөрсөн цөөнхийн нэг байсан тухайгаа өгүүлсэн юм.
Тэрбээр жолоочгүй автомашин ядаж л аюулгүй байдлын үүднээсээ ирээдүй муутай хэмээн үзэж байна. “Амиа золиослогч террорист тэсрэх бодисоор дүүргэсэн автомашиныг хүн цугларсан газар луу илгээдэг болчихвол юу нь сайхан байна? Ийм технологийг дундаас нь зогсооно гэдэг тун хүнд ажил” хэмээн профессор тайлбарлав. Автомат жолоодлогыг хүн жолоочоос илүүд үзэх нөхцөл хараахан бүрдээгүй байгаа нь уг технологид эргэлзэх бас нэг шалтгаан хэмээн ноён Писсаридес өгүүлсэн юм. Тэрбээр өнөөгийн нөхцөлд жолооч заавал жолооны ард байдлыг хянаж, автомат удирдлагын систем нисэх онгоцныхтой адилаар үндсэн ажиллагааг гүйцэтгэх нь зүйтэй хэмээн үзсэн юм.
Эдүгээ ихэнх үйлдвэрлэгч бүтээгдэхүүндээ нэвтрүүлчихээд байгаа автоматаар парклах системийг тэрбээр жишээ болгов. “Машиндаа хаана парклах ёстойг нь жолооч хэлээд өгнө. Машин бие дааж парклах ажиллагааг гүйцэтгэх үү, эсвэл таны туслалцаа авах уу гэдгийг компьютер шийдвэрлэнэ” хэмээн профессор тайлбарлаж байна.
Автомашины хөгжлийн ирээдүй бүрэн автомат жолоодлогод бус, дээр өгүүлсэнчлэн хүн жолоочид туслах чанартай технологид чиглэх ёстойг эрдэмтэн анхаарууллаа.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй