Ханиад, томууны оргил үе иржээ
Улаанбурхан өвчний үлдээсэн мөр өдгөө ч арилаагүй
Томуугийн вирусын гаралтай ханиад арваннэгдүгээр сарын сүүлч, арванхоёрдугаар сарын эхээр идэвхждэг. Харин энэ жил сар гаруйн өмнө буюу аравдугаар сарын эхээр дэгдэж, оргил үе нь эхлээд байна. Энэ нь эмнэлгүүдийн хүүхдийн тасгийн ачааллыг багагүй нэмжээ. Бид энэ талаар сурвалжлахаар Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийг зорилоо.
Халуурч бүлээрсэн хүүхдээ тэвэрсэн эцэг, эхчүүд хүлээн авахын үүдэнд дугаарлан сууна. Нусаа гараараа арчин, үе үе бөгшүүлэн ханиалгах хүүхдүүд эмнэлгээр дүүрэн. Өнгөрсөн жилийг бодвол тус эмнэлгийн орчин нөхцөл сайжирчээ. Хонгилд гудас дэвсээд хүүхдээ сахидаг байсан тэр өрөвдөм дүр төрх энэ жил алга. Тус эмнэлэг ачаалал нэмэгдэхээс өмнө хүүхдийн болон том хүний эвхдэг ор тус бүр 20-ийг авсан байна. Мөн 50 ширхэг хөнжил, гудас зэхжээ.
Төрөлтийн хугацаа ойртсоноор дархлаа султай хүүхдүүд төрж байна
Хүүхдийн тасагт хэвтэж байгаа багачуудын ихэнх нь 0-7 насныхан байв. Сүүлийн үед хүүхдүүд эмнэлэгт ирэхдээ биеийн байдал нь хүндэрч, хатгаа тусаад ирэх нь олширчээ. Энэ нь олон шалтгаантай. Өнгөрсөн жил улаанбурхан өвчний үлдээсэн мөр өдгөө ч арилаагүй байна. Улаанбурхнаар өвдсөн хүүхдүүдийн уушги гэмтэж, дархлаа нь эрс суларсан байдаг аж. Тиймээс хүүхдүүд амархан халдвар авч, богино хугацаанд биеийн байдал нь хүндрэх болжээ. Мөн эцэг, эхчүүд хүүхдээ ханиадны анхны шинэ тэмдэг илэрмэгц антибиотикоор “бөмбөгддөг”. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хандаж буй хүүхдүүдийн 90 гаруй хувь нь эмнэлэгт ирэхээсээ өмнө ямар нэг антибиотик хэрэглэсэн байдаг гэж арга зүйч эмч Б.Мөнхтуяа хэлэв. Тоомжиргүй эцэг, эхчүүд ханиад хүрмэгц нь нэг эмийг тогтмол авч өгснөөр, хүүхэд түүнд нь дасал болдог аж. Дасал болсон эмээ хоёр, гурван өдөр уусан хүүхэд их ханиалгаснаас болж уушги нь гэмтэх тохиолдол ч бий гэнэ. Харин тус эмнэлгийн захирал Б.Даш-Яндаг “Төрөлтийн хугацаа ойртсоноор дархлаа султай, бие муутай хүүхдүүд төрж байна. Эмэгтэй хүний төрөлтийн хоорондох хугацаа 2.5 жилээс дээш байх ёстой. Гэтэл сүүлийн үед жил дараалан төрөх нь ихэссэн. Ингэснээр эхийн биед ч сөрөг талтай” гэв. Тэрбээр мөн орчны утаа хатгалгаа хүндрэх бас нэгэн шалтгаан гэдгийг онцоллоо.
Баянзүрх дүүргийн иргэдийн 80 гаруй хувь нь гэр хорооллынх. Ханиад хүрсэн хүүхэд нүүрсхүчлийн хийгээр амьсгалбал мөгөөрсөн хоолой нь улам үрэвсдэг. Түүнчлэн орон сууцыг бодвол орчны хэм нь тогтмол биш. Гал түлсний дараа халууцаж хөлөрсөн хүүхэд хаалга онгойход л салхи авдаг. Тиймээс гэр хорооллын хүүхдүүдийг аль болох дулаан хувцаслаж, орчны дулааныг тогтмол байлгах хэрэгтэйг эмч нар зөвлөлөө.
» Хүүхдүүдийн 90 гаруй хувь нь эмнэлэгт ирэхээсээ өмнө ямар нэг антибиотик хэрэглэсэн байдаг.
» Ханиадтай хүүхэд нүүрсхүчлийн хийгээр амьсгалбал хоолой нь улам үрэвсэнэ.
» Нэгдүгээр сараас өдөрт 200, заримдаа 280 хүүхэд хэвтэн эмчлүүлдэг.
» Эм авах мөнгөгүй учраас эмнэлэгт хэвтэж эмчлүүлье гэсэн хүн цөөнгүй.
Биднийг очиход 130 ортой тус эмнэлэгт 157 хүүхэд хэвтэн эмчлүүлж байлаа. Өрөө бүрт 4-6 хүүхэд. Нэгдүгээр сараас ачаалал улам нэмэгдэж өдөрт 200, заримдаа 280 хүүхэд хэвтэн эмчлүүлдэг юм байна. Б.Даш-Яндаг захирал “Манайх жилд 15 мянган хүнд үйлчлэх нормтой. Гэтэл энэ тоо 17 мянгад хүрчихээд байгаа. Эм авах мөнгөгүй учраас эмнэлэгт хэвтэж эмчлүүлье гэсэн хүн олон байдаг. Эмнэлэг өөрөө нийгмийн тусгал шүү дээ. Иргэд ядуу байгаа учраас хүүхдээ дулаан хувцаслах боломжгүй, амин дэмтэй хоол өгч чадахгүй байна” гэв.
Хатгаа нь хүндэрсэн хүүхдүүдэд ямар эмчилгээ хийж байгаа талаар сонирхлоо. Нэг үеэ бодвол эмнэлгийн байгууллагууд хүчтэй антибиотикийг “шүтэх”-ээ больжээ. Хүүхдүүдэд утлаг хийх, бумба тавих зэрэг уламжлалт арга хэрэглэж эхэлсэн байна. Энэ нь ч үр дүнтэй байгааг эмч нар онцолж байлаа.
ЗГМ: Тодруулга
Утлага хийх нь хамгийн үр дүнтэй
Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн өвчин судлалын төвийн захирал Ө.Туулаас зарим зүйлийг тодрууллаа.
-Эмнэлэгт хандаж буй хүүхдүүдийн хэдэн хувь нь ханиад хүрсэн байдаг вэ?
-Хүлээн авах хэсэгт өдөрт 170-250 хүүхэд үзүүлдэг. Үүний 95 хувь нь ханиад, уушгины хатгалгаа тусаад ирдэг нь өндөр үзүүлэлт. Эмчид үзүүлж, зөвлөгөө авсан хүүхдүүдийн 25-30 хувь нь хэвтэн эмчлүүлж байна.
-Ямар эмчилгээ хийж байгаа вэ?
-Хүүхэд бүрийн биеийн байдлыг харгалздаг. Вирусын үрэвслийг дарах онцгой эмчилгээ хийхгүй байгаа. Хүүхдийн судсанд зүү хатгахын оронд манайх уламжлалт аргуудыг түлхүү хэрэглэдэг. Хамар болон хоолойн шарлага, бумба, долгионт массаж хийж байна. Тэр дундаа уламжлалт аргаар хийсэн тангаар хойлойг утах нь хамгийн үр дүнтэй. Хүүхдийн хоолойд тээглэсэн цэр хурдан ховхорч, эдгэрэх хугацаа нь наашилдаг юм.
-Эцэг, эхчүүд гэртээ утлагын аппарат хэрэглэх нь хэр зөв бэ?
-Утлага хийхэд ямар ч сөрөг зүйл байхгүй. Нярай хүүхдүүд эхэндээ айдаг ч сүүлдээ дасчихдаг. Хүчтэй антибиотик өгч хордуулснаас дээр. Сүүлийн үед эцэг, эхчүүд гэртээ утлагын аппарат хэрэглэх болсныг эмч нар дэмжиж байгаа. Гэртээ тогтмол утлага хийж байсан хүүхдийн бие хүндрэх нь цөөн.
-Гэрийн нөхцөлд ханиадтай хүүхдийг хэрхэн эмчлэх вэ?
-Хангалттай шингэн зүйл уулгах, дааруулахгүй байх нь чухал. Хэрэв ханиадны шинж тэмдэг илэрсэн бол цэцэрлэг, сургуульд нь явуулах хэрэггүй. Хамрыг нь цэвэрлэж, халуун буулгах эм өгөхийг зөвлөе. Эцэг, эхчүүд ханиадтай хүүхдээ цэцэрлэгт явуулдаг нь буруу. Нэг ангид 3-4 хүүхэд ханиадтай байвал агаар дуслын замаар бусад хүүхдүүдэд халддаг. Тиймээс бусад хүүхдүүдийг бодсон ч тэр гэрт нь эмчлэх нь хамгийн зөв.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй