"Эрдэнэс Тавантолгой" нүүрсээ 50 ам.доллараар борлуулна

Түүхий эд

“Эрдэнэс Тавантолгой” компани олборлогч “TTJVCo”-той дахин хэлэлцээ хийж, ирэх сард тонн нүүрсээ 50 ам.доллараар борлуулахаар тохирчээ. Одоогоор тонн нүүрсээ 33 ам.доллараар борлуулж байгаа талаар “Эрдэнэс Тавантолгой” компани мэдээлж байсан юм. Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу Цанхийн баруун уурхайн олборлолтыг эхэлсэн.

Одоогоор хөрс хуулалтын ажил хийж байгаа аж. “Эс жи эс”, “Хишиг Арвин”, “Моннис” компани хоёр сар орчмын хугацаанд 1.1 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөжээ. Одоогоор зүүн Цанхийн нүүрсийг зөвхөн “Chalco”, “TTJVCo”-д нийлүүлж байгаа гэнэ. Нүүрсний ханшийн өсөлт энэ хэвээрээ үргэлжилбэл “TTJVCo”-д төлөх өрөө ирэх хоёрдугаар сард, “Chalco”-д төлөх өрөө зургадугаар сард барагдуулж дуусна гэж “Эрдэнэс Тавантолгой”-гоос мэдээлсэн юм. Харин баруун Цанхийн нүүрсийг нийлүүлэх гэрээ хэлцлийг хараахан эцэслэж хийгээгүй байна. Нэг цонхны бодлогын хүрээнд “Энержи Ресурс”- тэй хэлэлцээ хийж байгаа, зах зээлийн ханшаар “Энержи ресурс”-т нийлүүлэх боломжтой гэж үзэж байгаа юм байна.

Ирэх онд зүүн Цанхиас 8.7 сая, баруун Цанхиас зургаан сая тонн нүүрс олборлохоор төлөвлөж байгаа ажээ. Гашуунсухайтын боомт хүртэлх авто зам жилд 17 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай. Харин хамгийн их ачаалалтай үе буюу өнгөрсөн аравдугаар сард 1.7 орчим сая тонн нүүрс тээвэрлэжээ. Үүнээс гадна цаг агаар хүндэрч, цас их орсноос нүүрсний компаниудын тээвэрт саад учирч байна. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой”- н тээвэрлэлт 4-5 цагаар тасалджээ.

САНАЛ БОЛГОХ