Үндэсний хэмнэлтийн хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлнэ
Хөтөлбөрийн эхний шатанд макро эдийн засгийг тогтворжуулах арга хэмжээ авна
Засгийн газраас Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийн төслийг УИХ- д өргөн мэдүүлсэн. Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Занданшатартай ярилцлаа. Тэрбээр УИХ дахь МАН-ын бүлгээс уг төсөлд санал, дүгнэлт боловсруулахаар байгуулсан Ажлын хэсгийн гишүүнээр ажилласан юм.
-Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрт санал, дүгнэлт өгөх УИХ дахь МАН-ын бүлгээс байгуулсан Ажлын хэсэгт орж ажиллалаа. Хэр чамбай хөтөлбөр болсон хэмээн дүгнэж байгаа вэ?
-Монгол Улсын эдийн засаг түүхий эдийн үнэ, бонд, зээлийн эх үүсвэрийн орлогын мөчлөг дагасан, эмзэг бүтэцтэй. Тиймээс цаашид учирч болох эрсдэлийг даах хуримтлалгүй, дотоодын үйлдвэрлэлийн өрсөлдөх чадвар сул, импортын хэрэглээг дэмжсэн эдийн засагтай байгааг бид харж байна. Мөн экспорт нь уул уурхайн салбараас 90 орчим хувийн хамааралтай болсон. Үүний үр дүнд сүүлийн жилүүдэд макро эдийн засгийн үндсэн тэнцвэрүүд алдагдаж, эдийн засгийн бодит өсөлт саарсан. Тодруулбал, эдийн засгийн өсөлт 2011 онд 17.3 хувьд хүрч байсан боловч сүүлийн таван жилд тасралтгүй буурсаар 2016 оны гуравдугаар улирлын байдлаар хасах 1.6 хувьд хүрээд байна. Мөн ажилгүй иргэдийн тоо ч энэ оны гуравдугаар улиралд өмнөх оны мөн үеэс 57 хувиар өсөж, ажилгүйдлийн түвшин 9.4 хувьд хүрчээ. Үүнээс үүдэн эдийн засаг дахь нийт эрэлт хумигдах, банкны зээлийн чанар муудах зэрэг сөрөг үр дагаврыг бий болгоод байна. Иймд богино хугацаанд Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Товчхондоо, богино хугацаанд үр дүнгээ өгч чадахуйц чамбай хөтөлбөр болсон хэмээн дүгнэсэн.
-Ажлын хэсэг дүгнэлтээ бүлгийн хуралдаанд танилцуулсан. Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг хөтөлбөрийг ямар тооцоо судалгааг үндэслэн боловсруулсан бэ?
Зорилтоо биелүүлсэн, эсэхийг хэмжих шалгуур үзүүлэлтийг тодорхой заасан
-Хөтөлбөрт төсвийн алдагдал, өрийн дарамтыг бууруулах, төсвийн тогтвортой байдлыг хангах зорилт тавьсан байсан. Энэхүү зорилтын хүрээнд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх вэ?
-Үндэсний хэмнэлтийн хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байгаа. Мөн төсвийн сахилга батыг сайжруулах, бизнесийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, төсвийн орлогын бааз суурийг өргөжүүлэх чиглэлд анхаарч ажиллана. Харин гадаадын хөрөнгө оруулалтын татах хүрээнд "Хөх үнэмлэх" болон "Цагаан зам хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэхээр тусгасан.
-Хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд ямар ажлууд хийх вэ?
-Хөтөлбөрийн эхний үе шат буюу арванхоёрдугаар сарын хугацаанд макро эдийн засгийг тогтворжуулж, улсын төсвийн алдагдлыг бууруулах, төлбөрийн тэнцлийн дарамтыг арилгах чиглэлд анхаарна. Мөн ойрын хугацаанд төлөх гадаад өр төлбөрийг санхүүжүүлэх эх үүсвэрийг шийдвэрлэх болон бодит салбарын өсөлтийг дэмжих томоохон төслүүдийг эхлүүлнэ. Үүнээс гадна дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр хөтөлбөрт тусгасан байгаа.
-Засгийн газар мега төслүүдийг яаралтай хөдөлгөх бодлого баримталж байна. Богино хугацаанд эдийн засагт үр өгөөжөө өгөх үү?
-Өгнө. Тухайлбал, "Оюутолгойн" далд уурхайн төслийг эрчимжүүлснээр гадаад валютын урсгал нэмэгдэж, төлбөрийн тэнцлийн дарамт буурахын зэрэгцээ ашигтай гарах боломж бүрдэнэ. Ингэснээр валютын ханшийн дарамт багасах боломжтой. Эдгээр томоохон төсөл хөтөлбөр хэрэгжсэнээр дунд хугацаанд экспортын орлогыг нэмэгдүүлэх, болзошгүй өрийн дарамтаас сэргийлэх, эдийн засгийн бүтэц сайжрахын сацуу цар хүрээ өргөжих боломж бүрдэнэ хэмээн харж байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй