Иргэдийн газрыг орон сууцаар солих нь хамгийн боломжит гарц гэв

Нийтлэл

Одоо үргэлжилж буй ажлыг дуусгана гэвэл 58 тэрбум төгрөг шаардлагатай

Сүүлийн зургаан жилийн турш хэрэгжүүлсэн гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил өнөөдөр зогсонги байдалтай байна. Үр дүнд нь төрийн байгууллагын уялдаа холбоогүй ажиллагаа, барилгын компанийн санхүүгийн чадавхгүй байдлаас болж хашааны газраа чөлөөлж өгсөн олон иргэн орон гэргүй хөхөө өвлийн хүйтэнтэй золгоод байна.

Харин лхагва гарагт нийслэлийн шинэ удирдлагууд, шинэчлэгдсэн бүтцээр ажиллаж буй харьяа газрууд гэр хорооллыг шинэчлэн зохион байгуулахад ямар гарц байгаа талаар эрэлхийллээ. Тэгэхдээ олон улсын байгууллагын хөрөнгө оруулалт, улсын болон нийслэлийн төсвийн хөрөнгө зэрэг олон эх үүсвэрийг ашиглах талаар санал гарч байна.

Гэхдээ өмнөх удирдлагуудын ажил бүгд бүтэлгүй байсан гэвэл хилсдүүлсэн хэрэг болно. НИТХ-аас нийт дөрвөн удаа тогтоол гаргаж, 24 байршлын 75 хэсэгчилсэн талбайд орон сууцжуулах төслийг хэрэгжүүлэхээр болсон аж. Тэгвэл үүний 28 талбайд нь ажил эхэлсэн байна. Гэхдээ харилцан адилгүй гэдгийг онцолъё. Учир нь зарим компани барилгын суурь ухаж, шав тавихаас өөр ажил хийгээгүй бол, төлөвлөгөө ёсоор орон сууцаа барьж, айлуудаа оруулсан нь ч цөөнгүй байна. Тодруулбал, газар чөлөөлөлтийн ажлыг 28 талбайн 1470 нэгж талбарт хийснээс 916-д нь орон сууц барьжээ. Нийслэлийн зүгээс гурван талт гэрээгээр хүлээсэн үүргийнхээ хүрээнд 18 байршлын дэд бүтцийг шийдэхэд 191 тэрбум төгрөг зарцуулжээ. Энэ хүрээнд дэд бүтцийн ажлын явц 76, зураг төслийн ажил 96 хувьтай байгаа аж.

Өнгөрсөн хугацаанд дахин төлөвлөлтийн хүрээнд 3516 айлын орон сууц ашиглалтад оржээ. Харин цаашид уг төслийг хэрэгжүүлэхийн тулд нийслэл шаардлагатай санхүүжилтийг олгох нөхцөл бий болно. Ингэснээр дахин 9854 айлын орон сууц ашиглалтад орох боломж бий. Гэхдээ үүнд 120 тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатай.

Лхагва гарагийн уулзалт дээр нийслэлийн Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга П.Баярхүү “Бид энэ ажлыг зөвхөн нийслэлийн төсвөөр хийнэ гэвэл 80-90 жил шаардана. Тиймээс гаднын хөрөнгө оруулагчдын тусламжийг авах шаардлагатай. Энэ нь цаг хугацааг ч хэмнэнэ.

Мөн өнөөдрийн байдлаар түрээсийн орон сууцанд 5254 өрх амьдарч байна. Гэтэл барилгын салбарт 30 гаруй мянган орон сууц хоосон, худалдаж авах эзнээ хүлээж байгаа. Тиймээс ипотекийн найман хувийн зээлийг үргэлжлүүлэх нь зүйтэй. Хэрэв энэ асуудал нааштай шийдэгдвэл сул байгаа орон сууцыг нийслэл худалдан авч, гэр хорооллын айлуудыг оруулна” гэв.

Түүнээс гадна Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр гэр хорооллыг шинэчлэн зохион байгуулахад салбарын зүгээс ямар дэмжлэг үзүүлэх талаар мэдээлэл өгөв. Тэрбээр юун түрүүнд дулаан болон эрчим хүчний дэд бүтэц байгуулах ёстой гэдгийг онцолсон юм. Өөрөөр хэлбэл газар доорх “хот”-оо байгуулчихвал, дээр нь барилга босоход амар гэдгийг онцолж байв. Гэвч сүүлийн найман жилийн хугацаанд “Амгалан” дулааны цахилгаан станцын ажлыг эхлүүлснээс өөрөөр дэд бүтцийн ажил хийгдээгүй аж. Харин зам талбайн уулзвар байгуулахад 200 сая ам.доллар зарцуулсан нь үр ашиггүй болсон. Хэрэв энэ хөрөнгийг гэр хорооллын дэд бүтцийг бий болгоход зарцуулсан бол агаар, хөрсний бохирдлыг шийдвэрлэхэд тодорхой нөлөө үзүүлэх байсныг салбарын сайд хэлж байлаа.
18 байршлын дэд бүтцийг шийдвэрлэхэд 191 тэрбум төгрөг зарцуулжээ
Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийт 80 мянган айлын орон сууц барих ажил өрнөж буй. Үүний 35 мянга нь бэлэн болсон байр. Тэдгээрийн 20 мянгыг нь улсын комисс хүлээгээд авчихсан юм байна. Өөрөөр хэлбэл, өнөөдөр нүүгээд ороход бэлэн дээрх тооны орон сууц сул хэвтэж байна гэсэн үг.

Барилгын салбартай холбоотой бас нэгэн статистикийг энд дурдая. Манай арилжааны банкууд бүх салбарт нийт 11 их наяд төгрөгийн зээл олгосноос хоёр их наяд нь чанаргүй гэсэн ангилалд багтдаг аж. Харин чанаргүй зээлийн дийлэнх хэсгийг барилгын компаниудын өр, зээл эзэлж байгааг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Гантулга “Смарт микро сити” илтгэлдээ дурьдав.

Тэрбээр “Гэр хорооллын өрхүүдийг бэлэн байгаа 20 мянган айлын орон сууцанд оруулж, урьдчилгаа төлбөрт газрыг нь авч болно. Харин сольж авсан газраа борлуулах эсвэл, дээр нь шинэ орон сууц барьж борлуулах байдлаар үйл ажиллагаа явуулбал, банкны өрөө дарах боломж байна” гэсэн юм.

Гэр хорооллыг шинэчлэн зохион байгуулахад дэд бүтцийн асуудал хамгийн чухал гэдгийг хэлэлцүүлэгт оролцсон бүх хүн хэлж байлаа. Тиймээс дэд


бүтцийн асуудлыг томоор нь шийдэхэд чамгүй их хөрөнгө оруулалт шаардлагатай талаарх тооцоог ч танилцуулж байсан. Тоон дүнгээр ярьвал нийт 360 сая ам.долларын асуудлыг энд хөндөж байна. Мөн ажил хэрэг болгохын тулд хамгийн багадаа есөн жил шаардлагатай аж. Дээрх хэмжээний мөнгөөр төдий хугацаанд нийт зургаан дэд төв барих боломж бий.

Эхний ээлжинд Баянхошуу, Сэлбэ дэд төвийг бий болгохоор төлөвлөжээ. Төслийн хувьд Баянхошуу дэд төвд нийт 162 га газарт шинээр төлөвлөлт хийж, орчин үеийн шийдэл бүхий инженерийн байгууламж бий болгох юм. Харин энэ ажлыг хийхэд Азийн хөгжлийн банкнаас 163.7 сая ам.долларын хөрөнгө оруулах аж. Энэ талаар тус банкны Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн төслийн зохицуулагч Д.Авирмэд танилцуулсан юм. Түүнчлэн БНХАУ-ын Хөгжлийн банкнаас Монгол Улсын Засгийн газарт зээл олгох боломжтой талаараа мөн үеэр дурдаж байсан юм. Ийнхүү төлөвлөгөө ёсоор ажиллаж, нийслэлийн өрх бүрийг орон сууцанд оруулсны дараах үлдэх сул газрыг хэрхэн ашиглах талаар ч төлөвлөснөө танилцууллаа. Товчхондоо тэдгээр газарт дагуул хот байгуулах боломж бий болно. Тодруулбал, нэгэнт чөлөөлсөн газарт дахин дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэвэл амины орон сууц бүхий 100 мянган айлын хороолол байгуулахаар төлөвлөжээ.
САНАЛ БОЛГОХ