Монголын дотоод аудиторууд олон улсад үнэлэгдэх боломж нээгдэж байна
Монголын үндэсний дотоод аудиторуудын холбоо маргааш албан ёсны нээлтээ хийх гэж байна. Тус холбооны удирдах зөвлөлийн дарга, Худалдаа, хөгжлийн банкны Ерөнхий аудитор П.Гантуултай ярилцлаа.
-Сайн байна уу? Юуны түрүүнд Institute of Internal Auditors (IIA Global) гэх олон улсын нэр хүндтэй томоохон байгууллагын Монгол дахь албан ёсны салбарыг нээж, Монгол Улсын дотоод аудиторуудад томоохон боломж, үүд хаалгыг нээж өгч байгаа Та бүхэнд баяр хүргэе! Шинэ холбооны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-Баярлалаа, Монголын үндэсний дотоод аудиторуудын холбоо (МҮДАХ) нь АНУ-д төвтэй Institute of Internal Auditors- ийн (IIA Global) албан ёсны салбарын эрхийг өнгөрсөн хоёрдугаар сард авсан. IIA Global нь дэлхий нийтэд дотоод аудитын мэргэжлийг хөгжүүлдэг, сурталчилдаг, дотоод аудитын стандартыг тогтоодог, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дотоод аудитын мэргэжлийн сертификатыг олгодог олон улсын институт. Ингэснээр бид IIA Global байгууллагыг Монгол Улсад төлөөлөх цорын ганц салбар нь болж байгаа. IIA нь дэлхийн 170 гаруй орны 185 мянган гишүүнтэй, 100-гаад институт, 160-аад салбартай юм. Нийт гишүүдийн 17 хувь нь Ази, Номхон далайн бүсийн улс орнуудад байдаг. Бид 75-н жилийн түүхтэй энэ томоохон байгууллагын нэг хэсэг болсноор Монгол Улсад дотоод аудитын хөгжлийг олон улсын түвшинд хүргэх нөхцөл бүрдэж байгаа юм.
Олон улсад институт гэж нэрлэж байгаа ч бид Холбоо гэсэн статустай байгааг анзаарсан байх. IIA Global-ын аль ч салбар үе шаттайгаар хөгжиж институцийн хэлбэрээ олдог зарчимтай тул энэ нь цаг хугацааны асуудал юм. Монголын дотоод аудиторууд IIA Global-ын салбарын эрхийг авахын тулд сүүлийн гурван жилийн турш уйгагүй ажилласан. Үүнд улсын болон хувийн салбарын дотоод аудиторууд, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгуууллага (JICA)- аас Сангийн яамтай хамтран хэрэгжүүлж буй “Монгол улсын дотоод аудитын чадавхийг бэхжүүлэх” төслийн баг хамт олны бүгдийнх нь хамтын хүчин чармайлт орсон.
Манай нээлтийн арга хэмжээнд IIА Global-ыг төлөөлж, Удирдах зөвлөлийн дарга асан Филип Тарлинг хэмээх эрхэм оролцоно. Тэрбээр мөн IIА- ын ИБУИНВУ дахь салбарын Удирдах зөвлөлийн даргаар, Европын Холбооны улсуудын IIА-ын салбаруудын Холбооны Удирдах зөвлөлийн даргаар тус тус ажиллаж байсан. Сүүлийн 30-аад жил дотоод аудитын салбарт ажиллаж байгаа арвин туршлагатай хүн. Ноён Тарлинг шинэ салбарынхаа албан ёсны нээлтийн үйл ажиллагаанд зориулж МУИС-ийн “Эрдмийн өргөө” танхимд Хүндэтгэлийн лекц уншина. Дотоод аудитыг сонирхож буй хүн бүрт энэхүү лекц нээлттэй.
-Монгол Улсад гадаад буюу хөндлөнгийн аудитын салбар хөгжөөд чамгүй хугацаа өнгөрч байна. Харин байгууллага дотооддоо аудиттай байх тухай ойлголт харьцангуй шинэ. Дотоод аудиттай болсноор ямар давуу талтай вэ?
-Гадаад аудит нь нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлан баланс үнэн зөв эсэхийг баталгаажуулдаг. Харин дотоод аудит илүү өргөн хүрээг хамардаг. Маркетинг, хүний нөөц, аж ахуй гээд тухайн байгууллагын үйл ажиллагааны чиглэл бүрийг шалгаж, зөвлөмж өгдөг. Хэдийгээр дотоод аудит нь байгууллагын бүтэц дотор байдаг ч гүйцэтгэх удирдлагаас хараат бус, өмчлөгчийн шууд харьяанд ажилладгаараа онцлогтой. Дотоод аудит нь баталгаажуулалт болон зөвлөгөө өгөх үйлчилгээнээс бүрддэг. Дотоод аудит хэр сайн хөгжсөн байна, тухайн байгууллагын удирдлагад төдий чинээ үнэ цэнэ авчирч, эрсдэлээ удирдахад нь тусалдаг. Ийм л үр дүнтэй удирдлагын чиг үүрэг юм. Хөндлөнгийн аудиттай ямар харилцаа холбоотой байх вэ гэвэл гадаад, дотоод аудитууд нягт хамтарч ажиллаж байх ёстой. Ингэснээр аудит хоорондын ажлын давхардал үүсэхгүй байх давуу талтай.
Хувьцаат компаниуд дотоод аудиттай байх нь олон улсад сайн туршлагад тооцогддог
-Боловсон хүчнийг хэрхэн чадавхжуулах бол? Холбоонд нийт хэдэн гишүүн өнөөдрийн байдлаар элссэн байгаа вэ?
-IIA нь дэлхийн хэмжээнд 140 мянган дотоод аудиторт Certifiad Internal Auditor (CIA) мэргэжлийн гэрчилгээг олгосноос 62 мянга нь Ази, Номхон далайн бүсийн улс орнуудын аудитор байдаг.
МҮДАХ нь CIA гэрчилгээг олгох сургалтын хөтөлбөрийг нэвтрүүлэхийг зорин ажиллаж байгаа учраас боловсон хүчний бэлтгэлд маш их дэвшил гарна гэж найдаж байна. Жишээ нь, дотоод аудиторуудыг сургахаас гадна их дээд сургуулиудтай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой. Тухайлбал, дэлхийн 12 орны 48 их, дээд сургуульд хэрэгжиж байгаа Internal Audit Education Partnership (IАEP) хөтөлбөрөөр оюутны ширээнээс дотоод аудиторуудыг бэлтгэдэг. Дотоод аудитын хичээлийн агуулгыг олон улсын түвшинд заана гэсэн үг. Дэлхий нийтэд дотоод аудитын чиглэлийн сургалтууд өндөр төлбөртэй байдаг тул маш сайн онолын мэдлэгийг мэргэжлийн суурь боловсролын түвшинд өгснөөр аль ч утгаараа чадварлаг боловсон хүчнийг бэлтгэнэ.
Манай холбоо одоогоор 20 гаруй байгууллагын 50 гаруй гишүүнтэй. Үүнд хувийн, улсын, төрөл бүрийн байгууллагын төлөөлөл бий. Дотоод аудитыг сонирхож байгаа хэн ч манай гишүүнээр элсэх боломжтой. 50 гэсэн тоо бага сонсогдож байж магадгүй. Гэхдээ энэ бол сайн эхлэл гэж бодож байна. Учир нь бид хоёр жилийн хугацаанд 50 гаруй гишүүнтэй болохоор төлөвлөж байсан. IIA Global анх 24 гишүүнтэй үүсэн байгуулагдаж байсан бол тухайн оныхоо эцэс гэхэд 1000 гаруй гишүүнтэй болсон түүхтэй. Эрэлт, хэрэгцээ байна. Бас хүмүүс ач холбогдлыг нь ойлгодог болж байгаа учраас цар хүрээ нь хурдтай тэлэх байх.
-Сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа. Танай холбоо болоод танд ажлын өндрөөс өндөр амжилт хүсье.
-Баярлалаа.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй