Рублийн давшилт ба худалдааны уналт

Валют

Рублийн ханш сүүлийн нэг жилд 60 хувиар чангарчээ

Газрын тосны үнэ газардсаар. Тус түүхий эдийн ханш сар орчим 50 ам.доллараас доош хадгалагдав. Энэ уналтыг даган рублийн ханш ч уруудлаа.

Ам.доллартай харьцах рублийн ханш энэ долоо хоногийн эхэнд бүх цаг үеийн түүхэн доод цэгт хүрээд байна. Хойд хөршийн төсөв бүрдүүлэгч түүхий эдийн үнэ уруудсанаар рублийн ханш унаад буй нь энэ.


2016 оны эхний долоон сарын байдлаар ОХУ-ын төсвийн орлогын 41 хувийг газрын тос, байгалийн хий бүрдүүлснийг тус улсын Сангийн яамнаас мэдээлэв. Ам.долларын эсрэг хүчгүйдэж буй рублийн ханш монгол төгрөгийн эсрэг сүүлийн нэг жил тасралтгүй өсчээ. Оны эхнээс бараг 60 хувиар чангараад байна. Энэ оны нэгдүгээр сард 25 төгрөгтэй тэнцэж байсан рублийн ханш өдгөө 40-ийг шүргээд буй. Төв банкны энэ сарын 23-нд зарласан албан ханш 38.26 нэгжид хүрэв. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 30 хувиар өссөн дүн.

Сонирхолтой нь, рублийн энэ өсөлт ам.долларын давшилтаас илүү байна. Ам.долларын ханш цойлж буйг бид сайн мэднэ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд ам.долларын ханш 20 гаруй хувиар чангарсан. Жилийн өмнө 1992.09 төгрөг байсан “ноён” доллар өдгөө 2400-г даваад байгаа. Биднийг ам.доллартай “дайтах” зуур рубль монгол төгрөгийн эсрэг “чимээгүйхэн” хүчээ авсаар.

Мөнгөн тэмдэгтийн ханш савлахтай зэрэгцэн, хоёр улсын худалдаа хумигдаж байна. Оны эхний арван сарын байдлаар манай улс худалдааны эргэлтийнхээ 11.3 хувийг хойд хөрштэй хийсэн. Мөнгөн дүнгээр 731 сая ам.долларын худалдаа хийснийг Монголбанкны тоймд дурджээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад Оростой хийсэн худалдаа бараг 20 хувиар хумигдсан нь энэ.

Манай улсын нийт экспортын ердөө 1.3 хувь нь хойд хөршийг чиглэсэн. Энэ нь урд хөршийнхтэй харьцуулахад 60 дахин бага үзүүлэлт. Учир нь Монгол Улсын нийт экспортын 82 хувийг БНХАУ худалдаж авсныг Гаалийн ерөнхий газраас мэдээлсэн юм. Ингэснээр ОХУ Монгол дахь импортоороо Хятад, Швейцарь, Их Британийн араас бичигдэж байна. Тус улс Монголоос нефелин, жонш тэргүүтэй түүхий эд болон бага зэргийн адууны мах худалдан авдаг. Ялангуяа, жоншны экспорт жин дарах бөгөөд 69.2 хувийг ОХУ-д нийлүүлдэг байна.

Харин монголчуудын импорт экспортыг давсан. Манай улс импортынхоо 24.7 хувийг Оросоос худалдан авч байна. Өөрөөр хэлбэл, хойд хөрштэй хийж буй худалдаанд Монгол Улс алдагдал хүлээдэг гэсэн үг. Манай улсын худалдан авалтын дийлэнхийг нефтийн бүтээгдэхүүн бүрдүүлдэг. Гэвч сүүлийн жилүүдэд энэ төрлийн бүтээгдэхүүний татан авалт татраад буй. Өнгөрсөн сарын байдлаар нефтийн бүтээгдэхүүний импорт өмнөх оны мөн үеэс 32 хувиар багасчээ.

Оростой хийсэн худалдаа бараг 20 хувиар хумигдсан байна

Тодруулбал, 187.2 сая ам.доллараар буурсан байх юм. Үүнд мэдээж дээр өгүүлсэн газрын тосны үнийн уналт, цаашлаад нефтийн үнийн хямдрал нөлөөлсөн. Нефтийн бүтээгдэхүүний импортын хилийн үнэ 2013 оноос тасралтгүй буурсан. 2012 оны сүүлчээр 1270.5 ам.доллар байсан нефтийн хилийн үнэ энэ оны аравдугаар сарын байдлаар хоёр дахин буурсан. Нэг тонн нь 527.8 ам.долларт хүрээд буй. Тэрчлэн уул уурхайн үйлдвэрлэл саарснаар манай улсын түлш, шатахууны эрэлт хумигдсан байна.

Хоёр улсын худалдаанд Монголоос жонш болон ОХУ- аас нефтийн бүтээгдэхүүн голлож байгаа. Бусад төрлийн бараа бүтээгдэхүүний импорт болоод экспорт уруудсан хэвээр байна. Сүүлийн жилүүдэд Монголоос хойд хөршийг чиглэх мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэх талаар эрчимтэй ярьсан. Гэхдээ ямаа болон хонины махны нийлүүлэлт дорвитой нэмэгдээгүйг тоон үзүүлэлтүүд харуулж байна. Иймд мөнхийн хөрш гэгддэг хоёр улсын худалдааг тэлэх шаардлага байгааг ч Монгол, ОХУ-ын бизнес эрхлэгчид хэлдэг юм.


Хойд хөршийн эдийн засаг энэ оны эхний улиралд 1.2, хоёрдугаар улиралд 0.6 хувиар агшсан юм. Өөрөөр хэлбэл, тус улсын уналтын хурд нь саарч байгаа дүр зураг бий. Тэрчлэн ОХУ-ын төв банк 2014 оны арванхоёрдугаар сард 17 хувьд хүргэсэн бодлогын хүүгээ тууштай танаж байгаа. Одоогийн байдлаар тус улсын бодлогын хүү 10 хувьд хүрээд байна. Хэдийгээр тус улс мөнгөний хатуу бодлого баримталж байгаа ч рублийн ханш уналттай хэвээр байна.
САНАЛ БОЛГОХ