6.6 сая баррель газрын тос экспортолжээ

Худалдаа

Монгол Улс энэ оны эхний арван сард 6.6 сая баррель газрын тосыг 270.1 сая ам.доллараар экспортолжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс мөнгөн дүнгээр 17.6, биет хэмжээгээр 0.3 хувиар буурсан дүн юм. Зөвхөн аравдугаар сарын үзүүлэлтээс харахад “Петрочайна дачин тамсаг“ компанийн XIX талбайгаас 38, XXI блокоос 45.8 мянган тонн газрын тос олборлосон. Мөн “Доншен” компанийн талбайгаас 4400 тонныг олборлосон байна. Харин экспортын дүн олборлолтоосоо даваад байгаа. Нийт 89.1 мянган тонн газрын тос олборлож, 93 мянган тонныг экспортод гаргасан талаар Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээллээ.

Газрын тосны гол экспортлогчдын нэг “Петрочайна дачин тамсаг” компани энэ онд 1.3 сая тонн түүхий газрын тос олборлож, экспортлохоор төлөвлөсөн. Есдүгээр сарын байдлаар Тосон Уулын XIX талбайгаас 1500 тонныг олборлож, Бичигтийн боомтоор гаргасан байна. Харин Тамсагийн XXI талбайгаас 1600 гаруй тонн газрын тос олборлож, Баянхошууны боомтоор гаргасан талаар тус компаниас мэдээллээ. Газрын тосыг 100 хувьд БНХАУ- д экспортолж байгаа юм.

САНАЛ БОЛГОХ