Дэлхийн шинэ дэг: "Хельсинк", Балтик, Арктик

Судлаачийн үг

Нэг. Хельсинкийн зарчмууд алдагдлаа

Одоогоос 41 жилийн тэртээ 1975 оны наймдугаар сард Хельсинк хотноо Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны асуудлаарх Төгсгөлийн баримт бичигт гарын үсэг зурсан. Тэр үеийн Европын 33 улс, дээр нь АН У, Канад оролцоод 35-уулаа түүнд гарын үсэн зурж, сондгой, зожиг, коммунист Албани түүнд оролцоогүй. 1945 онд Дэлхийн II дайн дараах түүхэн үеийг зурагласан “Ялтын энх тайван”-ы хөгжлийн оргил үе нь ийнхүү Финландын нийслэлээр овоглосон билээ. Гэхдээ тэр үед Европ, улмаар дэлхий ертөнц «социалист-капиталист» буюу «ардчилсан-тоталитар» хэмээн хоёр ертөнцөд хуваагдаад үзэл суртлын тэмцэлд хөл алдсан байсан ба харин Хельсинкэд үзэл суртлын маргааныг хойш тавьж, тэр хуваагдлаа Төгсгөлийн баримт бичигтээ тусган зааж өгөхөөс зайлсхийсэн нь дэвшил байлаа. Хельсинк хотыг сонгож авсан нь Төвийг сахисан Финландад чухам тохирсон үүрэг байсан ба Өрнө-Дорнын аль нь ч биш улс байхад хожмын хэрүүл маргааныг гэтэлгэнэ гэж үзсэнийх билээ.

Нэгэнтээ л 1945 онд Ялта, Потсдамд дайны дараах дэлхийн дэгийг хэлэлцэн тогтсон юм бол Хельсинкэд ингэж ёсорхох хэрэг байсан уу гэх мэтгэлцээн өрнөдөг. «Дэлхийн хувьсгал»- ын тухай коммунист мөрөөдлөө Зөвлөлтийн эвслийнхэн таягдан хаяж, газар зүйгээр өргөжин тэлсэн өөрийн эвслийн (ЭЗХТЗ, Варшавын гэрээ) хилээ хүлээн зөвшөөрч, түүнийхээ статус- квог авч үлдэх асуудал тэдэнд тулгарчээ. Хэчнээн мөрөөдөөд Өрнөд Европт – Франц, Бельги, Итали, Нидерланд, Швед, Данид ... коммунист хувьсгал дэгдэхгүй, цаадуул нь коммунистуудад хэзээ ч итгэл өгөхгүй, нөгөө талаасаа өөрсдийнх нь хил дотор ч коммунизмын эсрэг, Москвагийн эсрэг хэд хэдэн удаа бослого тэмцэл өрнөчихсөн, ийм нөхцөлд Европын коммунист блокийг эсэн мэнд авч үлдэхийн тулд Хельсинкэд ёсорхохоос аргагүй байсан биз ээ.

Өрнөд Европын орнуудад 1960-аад онд элдэв тэмцэл өрнөсөн. Тэр нь Москваг шүтсэн гэхээсээ дайныг эсэргүүцсэн «зүүний», анархи-либертар, пацифист уриа бүхий хөдөлгөөн байснаас бус, нийгмийн байгууллыг халах, АН У-аас холбоотны харилцаагаа таслах талаар ганц ч үг ган хийгээгүй юмсанж. СССР-т өөрийн нийгмийн загварын реформын эхлэл нь «бодит социализм» гэх нэрийн дор явагдаж байв.

Хельсинкийн тэрхүү хэлэлцээрт өвөр хоорондоо холбоо бүхий гурван багц асуудлыг, тухайлбал төр-улс төрийн, худалдаа-эдийн засгийн, хүмүүнлэг-эрх зүйн асуудлыг тусгаж, улс орнууд нь нийгмийн байгуулал үл харгалзан суурь зарчмуудаа мөрдөж ажиллахаар амалцгаажээ. Хэрэг дээрээ тэр нь өрнөдийн улс төрийн ухааны эрдэмтдийн мөрөөдөл болох «конвергенц» онолын тусгал байж, коммунист эвслээс академич Сахаров мэтийн ганц нэг тэрслүү үзэлтэн түүнийг нь шимтэн тосож авсан билээ.

Олон улсын зарчмууд үзэл суртлынхаа цаад хязгаарыг давлаа
Эдийн засгийн асуудлаарх багцад бүр ч ноцтой заалтууд далд нуугдаж байлаа. Европын эдийн засгийн хамтын нийгэмлэг (өнөөгийн Европын холбоо), ЭЗХТЗ хоёр халз уралдахгүй ч хамтын ажиллагаанд саад учруулдаг элдэв хоригуудаа зөөлрүүлнэ, чөлөөт худалдааг дэмжинэ, бизнесийн ажил хэрэгч хэлхээ холбоог дэмжинэ хэмээн амалсан нь хожмын ноцтой үр дагаврын эхлэл байв. Барууны капиталист нийгэмтэй өөрсдийгөө харьцуулж үзээд хоцрогдсоноо мэдрэх гэгч аюулыг нийгэмд авчрах эхлэл тэр боллоо. «Коммунизмын бүтээн байгуулагчид» америк, канадаас үр тариа авах дээрээ туллаа. Технологи, гэр ахуйн цахилгаан техник нойл заасныг мэдлээ. Хариуд нь өгье гэхнээ Сибирийн эрчим хүчний эх үүсвэрээс өөр юу ч байхгүй, түүнийгээ Европын зах зээл рүү гаргаж эхэллээ. АН У, Британид эхлэн туршсан эдийн засгийн либертар загварыг Европ, дараа нь дэлхий дахинаараа авч мөрдсөн бол СССР ба Дорнод Европт хэрэгжүүлсэн төвлөрсөн төлөвлөгөөт социалист эдийн засгийн загвар, нийгмийн халамжийн төр зөв зүйтэйгээ нотлон харуулж чадаагүй юм.

Хүмүүнлэг-эрх зүйн гурав дахь багц нь бүр ч ноцтой гэмээр уршиг дагуулахаар байлаа. Иргэншил, соёл хоорондын хэлхээ холбоо, солилцоо. Өрнийнхний урлагийн бүтээл, рок-поп хөгжим, кино, ном зохиол, сэтгүүл, реклам соронз мэт СССР ба Дорнод Европын коммунист орнуудын залуучуудыг алмайруулав. Хориглож хүчрэхгүйгээс гадна өөрийнх нь рок-поп урлаг өөрийнх нь коммунист-эх оронч хүмүүжлийн эсрэг чиглэж эхлэв. Залуус баруун руу шимтэх нь их болжээ. Эрх зүйн хувьд коммунист эвсэл юунд өөрсдийгөө барьцаалуулснаа мэдсэнгүй. “Олон улсын эрх зүйн дагуу, энх тайвны арга замаар, хэлэлцэн тохирч байж хил хязгаарыг өөрчилж болно” хэмээн заасныг алс хэтийн, бараг хэзээ ч бүтэхгүй заалт хэмээн Зөвлөлтийн эрх баригчид үзжээ. Нэгэнтээ л эрх баригч дэглэм гэж байгаа бол төр улсынхаа нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, бүрэн эрхт байдлыг хамгаалчихаж дөнгөнө хэмээн төсөөлжээ.

Энд бас нэг алдсан зүйл бол, хүний эрхийн тухай заалтууд байлаа. Хэлэлцээрт нэгдсэн улс орнууд хүний эрхийг хүндэтгэнэ, сэтгэн бодох, жудагтай байх, шашин шүтэх, итгэл үнэмшилтай байхыг оролцуулсан үндсэн эрх чөлөөг хүндэтгэнэ хэмээн заасныг коммунист эвслийнхэн мэдсээр байж гарын үсгээ зурж, өөрсдийгөө барьцаалуулжээ. Москвад “Хельсинкийн бүлэг” гэгч байгуулагдаж, Төгсгөлийн баримт бичгийг СССР-т ягштал мөрдөж байгаа, эсэхэд хяналт тавьж эхлэв. Эрх баригчид нь түүнийг цагдан, мөрдөж мөшгив. Зөвлөлт Холбоот Улсад тэрс үзэлтнүүдийн хөдөлгөөн өрнөжээ. Хүний эрхийн шаардлагууд ар араасаа хөвөрч, тэр шаардлага нь 10 жилийн дараа «перестройкийн эрин үе» болж даамжирлаа.

Ийнхүү олон улсын эрх зүй, хүмүүнлэгийн зарчмууд, соёлын солилцоо нь улс төр- үзэл суртлынхаа цаад хязгаарыг давлаа. Зөвлөлтийн эвслийнхэн цэрэг-зэвсэг пуужингаар ялагдал хүлээсэнгүй, харин рок-хөгжим, Холливудын кино, жийнсэн өмд, бохь, кока- колагаар ялагдал хүлээлээ. Коммунист иргэншилд татан дагуулах увдис дутжээ. Итгүүлж үнэмшүүлж ч чадсангүй. «Зөөлөн хүчний бодлого» илт үгүйлэгдлээ. Дотооддоо СССР нь коммунист намаа булшилсан явдал зүүний үзэл суртлын глобал хямралыг ийнхүү нөхцөлдүүлсэн юм. ЗХУКН сулрахын хэрээр Дорнод Европын эрх баригч коммунист намууд толгой дараалан ялагдаж дампуурлаа.

Үр дүн нь Европт «ялтын» хил нуран уналаа. Дэлхийн коммунист эвсэл задран уналаа. Даян дэлхийн коммунист- ажилчны хөдөлгөөн үгүй боллоо.

Хоёр. Зовсон Орос
Пост-Зөвлөлтийн Орос шинэ, глобал ертөнцөд интеграцчилагдах гэж 1990-ээд онд байдгаараа мэрийлээ. Хельсинкэд Төгсгөлийн баримт бичигт гарын үсэг зурснаас хойш 40 гаруй жил өнгөрөхөд эргээд харвал өнөөгийн Орос нь «намжмал байдал»-ын үеэсээ хойших хамгийн таагүй харилцааг Европын орнуудтай хөгжүүлж (хөгжүүлэх ч гэж дээ, торгоож байна) байна. Хельсинкийн бага хуралд оролцогсдоос олон улс орон (СССР, Чехословак, Югослав) тарж бутарсан ба эсрэгээр ХБН ГУ, БНА ГУ нэгдэж нийлжээ. Тарсан ба нэгдсэн шинэ улсуудын эрх баригчид нь Хельсинкийн зарчмуудад үнэнч байгаагаа андгайлж, ялангуяа нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэнэ хэмээн уриалдаг. Тэгвэл Крымыг 2014 онд Орост нэгтгэсэн нь урьд хожид үзэгдээгүй шинэ үзэгдэл болжээ. Зарим нутаг дэвсгэр хүлээн зөвшөөрөгдөөгүй, хагас хүлээн зөвшөөрөгдсөн улс (Косово, Приднестровье, Нагорно-Карабах, Абхаз, Өмнөд Осет, Луганск, Донецк) болж өөрсдийгөө зарлажээ. Энэ нь ч Хельсинкийн зарчмуудын эсрэг юм. Крымыг Орост нэгтгэсэн, Донбассыг Украины эсрэг босгосны гайгаар Орос нь Европын бусад улс орныхоо эсрэг өөрсдийгөө сөргүүлэн тавьжээ. Хариу нь хатуухан бууж, эдийн засгийн санкц харилцан тавилцсанаар олон улсын чөлөөт худалдааны тухай Хельсинкийн зарчмууд алдагдсан байна. Иргэний эрх, эрх чөлөөний талаар Орос нь перестройкийнхоо өмнөх үе рүү ухарч очжээ.

Эндээс үзвэл Хельсинкийн түүхт хэлэлцээрт хэрэгжихгүй байгаа мэт. Түүхэн буулт хийх дээрээ тулбал гишүүн улс орнууд нь «Хельсинкийн үзэл санаа» гэдэг тайлбар гаргаж ирнэ. Бусдаар бол уг хэлэлцээр огтоос хэрэгжихгүй байгаа.

Гурав. Либертар бодлогын мухардал
Перестройкийнхоо өмнөх үе рүү эргэж очсон Оросын тухайд яагаад гэдэг элдэв асуулт тавьж, хариулт хайж болно. 1989 оны Вашингтоны консенсус гэдгийг энд эшлэж болно. Юу гэвэл либертар улс төрийн бодлого баримталсан нөхцөлд ОУВС нь хөгжиж буй ертөнцөд зээл олгохоор 1989 онд тэгж тохиролцсоныг хэлж байна. Либертар бодлого өөрөө 10 гаруй жил амжилттай туршигдаж, 2000 он гараад элдэв эсэргүүцэлтэй тулгарчээ. Үүнд ОХУ хувьчлалыг буруушааж, Вашингтоны консенсусыг сөрлөө. Латин Америкт «нөөц социализм»-ын загвар гэдгийг сөргүүлж гаргаж ирэв. Нийгмийн төр улсын загвараа Хятад, Япон нотоллоо. Грекийн хямрал бас нэг өөр зүйлийг хэллээ. Нийгмийн баримжаат төр улсын загварыг Грек нотолж чадсангүй. Либертар бодлого явууллаа гээд дэлхийн санхүүгийн хямралыг тойрч гарсангүй. Банкны тогтолцооны талаар 2008 оны намар АН У-ын Сангийн сайд Генри Поллсон гэнэтийн мэдэгдэл хийж, энэ хямралыг зарлалаа. Банкны системийг зохицуулж, хянах тухай түүний мэдэгдлийг «Поллсоны төлөвлөгөө» хэмээн нэрлэв. «G20» үндэстэн дамнасан капиталын урсгалд хяналт тавина гэлээ. «Инновацын эдийн засаг» цаашаа явсангүй. Төр ба томхон бизнес л технологийн шийдлийг санаачилж, төрийн мэдлийн том төслүүдээр түүнийг босгоно гэж үзэх болов. Орост яг тэгж үзэж байна.

Оросуудын хувьд Балтик бол хамгийн эмзэг, аюул дагуулах орон зай
Эдийн засаг учраа олж, хямралаа гэтэлгэж эхэлтэл дараагийнх нь залгаж, улмаар орон нутгийн чанартай элдэв мөргөлдөөн дэлхийд (хамгийн томхон нь Дорнод Украин, Сири- Иракийн) энд тэндгүй дэгдээд эхэллээ. Орос ба Америкийн хооронд далд өрсөлдөөн нь ил боллоо. Дүрэмгүй тоглолт эхэллээ. Энэ нь “Хүйтэн дайн” гэгчээс ч аюултай үзэгдэл юм.

Дөрөв. Мөргөлдөөн дэгдэх орон зай
Бүр аюултай үе рүүгээ шилжиж орлоо хэмээн миний таньдаг орос профессор Алексей Фененко анхааруулж байна. Тэрбээр Орос- Америкийн хооронд мөргөлдөөн дэгдэх хэд хэдэн орон зайг нэрлэжээ.

1) Юуны өмнө Балтийн тэнгисээс үүдэн мөргөлдөж болох аж. Оросуудын хувьд Балтик бол тэр хавийн бүс нутгийг оролцуулан хамгийн эмзэг, аюул дагуулах орон зай юм. Балтид ялагдал хүлээхгүйн тулд Орос Крымээ эргүүлэн авч, Абхазад хяналт тогтоож, тэгснээрээ Орос нь Хар тэнгист урьд хожид дуулдаагүй ялалт хангасан. Оросоос өшөө авахын тулд Балтийн тэнгисийг өрнийнхөн бужигнуулах ба тэр бүс нутагт Оросын эсрэг хийрхэл улам дэвэрнэ. Балтийн орнуудад орос хүн амыг хөөж тууж, хавчиж байгаа нь эргээд Орост таагүй уур амьсгал төрүүлнэ. Ийм нөхцөлд Балти дахь НА ТО-гийн гишүүн гурван улс Оросын геополитикийн золиос болж болно.

2) Швед, Финланд хоёр НА ТО-д элсэх явдал гаргавал Оросын хувьд байж болшгүй үзэгдэл болно. Орос-Шведийн харилцаа жилээс жилд хурцдаж байна. Оросыг хардах явдал хэрээс хэтэрч, Орос нь ч усан ба агаарын хилийг нь олонтаа зөрчлөө. Уг нь Оросын хувьд Финланд, Шведийн нейтралитет онц чухал байж ирсэн. Оросын Калининградыг далайгаас хааж, бүслүүлэхгүй байлгахад тэдний төвийг сахисан бодлого л гол баталгаа болно. Үүнийг зөрчин тэд НА ТО-д элсвэл Балтид мөргөлдөөн дэгдэх магадлал бүр ч өснө.

3) Орос-Америк хоёр халз мөргөлдөх өөр нэг шалтгаан бол Беларусьт засгийн эрхийг хүчээр халж солих гэж оролдох явдал байж болно. Орос үүнд хатуу няцаалт өгөхөд бэлэн байна.

4) Цаашлаад Орос-Америкийн хил нийлдэг бүс нутгуудад нутаг дэвсгэрийн маргаан дэгдвэл мөргөлдөх магадлал бодитой болно. Берингийн тэнгис, Чукотын тэнгис, тэнгис дэх олборлолтын бүсийн зааг, Агнуурын тэнгисийг Оросын өөрийнх нь тэнгис гэдгийг үл зөвшөөрсөөр ирсэн, Орос-Японы нутаг дэвсгэрийн маргаан хожмын мөргөлдөөний эх сурвалж байж болно хэмээн Фененко үзэж байна. Умард мөсөн далай буюу Арктик нь ирээдүйн мөргөлдөөнд бэлэн байлгах чухал бүс нутаг болох аж. «Арктик бол Оросын стратегийн цөмийн зэвсгийн тулгуур цэг” хэмээн Фененко нэрлэжээ. АН У ч нөгөө талаас нь энд бэхжихийг зорино. Оросын умард флотын хариуцах орон зайд АН У санаархана. Тэнд атомын шумбагч хөлгүүдээ байрлуулж магадгүй. Үүнд Норвегийг татан оролцуулахгүй байх гэж Орос 10 жил яриа хэлэлцээ өрнүүллээ. Норвег нь өөрөө НА ТО-гийн гишүүн. Тиймдээ ч НА ТО- гийн нэгдмэл байр сууринаасаа ухрахгүй байна. Одоо Орос Данитай ганцаарчилсан тоглолт хийж эхлэх гэж байна, гэхдээ үр дүн гарна гэдэгт итгэл алга хэмээн Фененко үзсэнийг эшлэх нь зүйтэй.

Дүгнэж үзвээс «Хельсинкийн үзэл санаа» түүх болж, харин дүрэмгүй тоглолт Европт нүүрлэж байгаа бололтой. Оросын амин чухал ашиг сонирхлыг хөндөх тохиолдол бүр шинэ мөргөлдөөний дохио сануулга болох юм байна. Хар тэнгисийн район бус, харин Балтик, Арктик, Берингийн хоолой мөргөлдөөний шинэ голомт байх нигуртай юм байна.
САНАЛ БОЛГОХ