Эдийн засгийг эмчлэх “жор”-ыг баталлаа

Нийтлэл

Гишүүд эдийн засгийн хямралаас гарахын тулд шийдэмгий алхам хийхээс өөр аргагүй

Засгийн газраас эдийн засагт үүссэн хүндрэлүүдийг богино хугацаанд шийдвэрлэх зорилгоор Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Тэгвэл уг хөтөлбөрийг УИХ- аас баталлаа. Ингэхдээ Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийн нэрийг өөрчилж, Эдийн засгийг сэргээх хөтөлбөр болгов.

Хөтөлбөрийн хүрээнд бодлогын 56 арга хэмжээ хэрэгжүүлнэ. Тухайлбал, уул уурхайн бус салбарын экспортын орлогыг нэмэгдүүлэхийг чухалчилжээ. Мөн сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ мах, махан бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэр барих аж. Үүнээс гадна арьс ширийг эко-технологиор иж бүрэн, гүн боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрийг байгуулна гэв. Түүнчлэн хөрш орнуудтай хийх худалдааг өргөжүүлж, дамжин өнгөрөх тээвэрлэлтийн хүчин чадлыг нэмэгдүүлэхийн сацуу казиногийн үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхээр болжээ. Ингэснээр эдийн засгийг төрөлжүүлэх суурь тавигдана хэмээн үзсэн байна.

Мэдээж уул уурхайн салбарын өсөлтийг хэрхэн хангах асуудлыг орхигдуулаагүй. Тодруулбал, стратегийн ач холбогдол бүхий ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулахын зэрэгцээ газрын тос болон зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эхлүүлэх аж. Мөн нүүрс угаах, гүн боловсруулах, нүүрсний нийлэг хий гаргах үйлдвэр байгуулахыг бодлогоор дэмжихээр хөтөлбөртөө тусгажээ.

Уул уурхайн бус салбарын экспортын орлогыг нэмэгдүүлж, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлснээр экспортын бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар нэмэгдэж, эдийн засгийн бүтэц сайжирна хэмээн үзсэн байна. Ингэснээр эдийн

засгийн бодит өсөлт 2018 онд 5.1, 2019 онд 7.1 хувьд хүрч өсөхөөр байгаа аж. Мөн боловсруулах салбар 2017-2019 онд дунджаар 6.3, 2019 оноос 10 гаруй хувиар өсөх боломж бүрдэхээр байгааг уг хөтөлбөрт онцолжээ. Төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр дунд хугацаанд буюу 2017-2019 онд жилд дунджаар 20 орчим мянган ажлын байр шинээр бий болж, ажилгүйдлийн түвшин 2019 оны эцэс гэхэд найман хувиас ихгүй болж буурахаар байгаа тооцоог ч гаргасан байна.


Уул уурхай, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрлэл, эрчим хүчний салбарт хэрэгжүүлэхээр тусгагдсан томоохон төслүүдийн нөлөөгөөр экспорт нэмэгдэж 2019 онд 5.4 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байгаа аж. Бүтээн байгуулалтын хэрэгцээг дагаж импорт 2019 онд 5.5 тэрбум ам.доллар болох, гадаад худалдааны нийт бараа эргэлт 10.9 тэрбум ам.долларт хүрч өсөхөөр байгааг тодотгожээ. Гэхдээ дээрх хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлж байж ийм “амжилт”- д хүрэх аж.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ- ын гишүүдээс гаргасан зарим саналыг тусгав. Тухайлбал, төрөөс бизнес эрхлэгчдэд олгож байгаа тусгай зөвшөөрлийн тоог гурав дахин цөөрүүлж, гадаадын зах зээлд экспортлох боломжтой программ хангамж, техник хангамжийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр боллоо. Мөн олон улсын байгууллагуудаас гаргадаг зээлжих зэрэглэл, бизнес эрхлэлт, өрсөлдөх чадвар, хөрөнгө оруулалтыг татах чадвар зэрэг индексүүдийг сайжруулах чиглэлд анхаарахаар болсон байна.

Энэхүү хөтөлбөрт УИХ-ын гишүүд ямар байр суурьтай байгааг сонирхсон юм.


С.Батболд: Оношийг зөв то дорхойлох ёстой
-Засгийн газрын зүгээс эдийн засгийн хүндрэлийн шалтгааныг дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн уналт, валютын хомсдолтой холбон тайлбарлаж байна. Зөв онош тавьж чадсан, эсэхийг тодорхой болгох хэрэгтэй. Гаднын хөрөнгө оруулагчид Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн дөрвөн жил хариуцлагагүй, хууль хэрэгжүүлдэггүй, төсвийн сахилга батгүй, хэлсэн амандаа хүрдэггүй, итгэл алддаг байсныг эдийн засгийн хүндрэлийн үндсэн онош гэж үзэж байна. Иймд өнөөгийн эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд Грек зэрэг орны адил огцом нэг хоёр төсөл, “стандарт бус” арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээс илүүтэй хүндрэлийн шалтгаанаа зөв тодорхойлж, төсвийн сахилга бат, хариуцлагыг өндөржүүлэх хэрэгтэй. Мөн ОУВС болон бусад улс оронтой хамтран хөрөнгө оруулагчдын итгэлийг буцаан олж авах ёстой. Түүнчлэн дунд болон урт хугацааны хөтөлбөрийг бодитой ажил болгож, хэрэгжүүлэх арга замыг хөтөлбөртөө тусгаж, нэгдсэн стандарттай болох хэрэгтэй.


З.Нарантуяа: Хүрэх үр дүнг тодорхой болгох хэрэгтэй
-Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр оновчтой, тоймтой хэдэн чиглэлд фокусласан, хүрэх үр дүн, хэмжих үзүүлэлт нь тодорхой ажил хэрэгч, биелэгдэхүйц баймаар байна. Засгийн газраас өргөн мэдүүлсэн хөтөлбөрт маш олон ажлын жагсаалт л байна. Магадгүй энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүндрэлээс гарна гэдэгт бид эргэлзэж байгаа. Эрх баригчид зөвхөн нэг тулгуурт эдийн засгаа л яриад байна. Олон тулгуурт эдийн засгийн тогтолцоонд шилжих ёстойг бид бүгд харлаа шүү дээ. Эдийн засгийн цогц бодлого харагдахгүй байна. Товчхондоо, Засгийн газрын 100 хоногийн тайлан шиг хий хоосон ажил болно.


Д.Цогтбаатар: Хүндрэл бус , хямралтай тэмцэж байна
-Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрт эдийн засаг өснө гэсэн төсөөлөл хэтэрхий өөдрөг байна. Өнөөдрийн байдлаар бид эдийн засгийн хүндрэл бус, хямралтай тэмцэж байна. Хямралыг үүсгэсэн учир шалтгаантай тэмцэхгүй бол хямрал дахиад давтагдана. Тиймээс төрийн тогтолцоо, бүтцийн өөрчлөлтийн асуудал орж ирэх ёстой. Монгол Улс хямралаас гарна гэхээр бид зөвхөн эдийн засаг, мөнгөний болон хүүгийн бодлого гэж яриад байна.

Харин ч төрийн бүтэц өөрчлөлт шинэчлэлийн асуудлаа ярих ёстой. Тэр дундаа төрийн байгууллагын тогтвортой, цомхон байдлыг хангах эрх зүйн орчин бий болгох шаардлагатай. Хэдэн тоотой зууралдаад байх юм. Монголд байгаа нөөц хөрөнгө багассан. Буцаад арвижуулахын тулд гаднын хөрөнгө оруулалт татах тал дээр ажиллах ёстой. Гэтэл одоо зээлийн асуудалд илүү анхаараад байна. Зээл хэдийгээр хөнгөлөлттэй ч буцаад төлдөг шүү дээ. Тиймээс гаднын хөрөнгө оруулалтын орчноо сайжруулах тал дээр анхаарах хэрэгтэй.


Ц.Цогзолмаа: Дотоо д нөөц бо лолцоо гоо ашиглах хэрэгтэй
-Эдийн засаг хүнд байгаа нь ард иргэд болон шийдвэр гаргах түвшнийхний санааг зовоож буй асуудал болсон. Эдийн засгийн асуудал хэлэлцэж, шийдвэрлэх гэж буй үед бодит байдал чухал нөлөөтэй. Манай улсын эдийн засгийн төлөвлөлт цаасан дээр, уламжлагдаж ирсэн арга барилаараа л яваад байна. Төсөв хямралтай үед инфляцийг 20 хувиар танах зэрэг арга барилаар явж байгаа.

Яг энэ замаараа бид өнөөгийн үүсээд буй эдийн засгийн хямралыг давах боломжгүй. Тиймээс төлөвлөлт, арга барилаа өөрчлөх хэрэгтэй. Нэг ёсондоо эдийн засгийн томоохон шинэчлэл хийх шаардлагатай байна. Засгийн газар 1.8 жилийн дотор эдийн засгийн бусад эх үүсвэрийг судлаасай. Гаднаас хөрөнгө оруулалт татаж байж л эдийн засгаа сэргээх боломжтой мэт ярих юм.

Гэтэл дотоод нөөц бололцоо, эх үүсвэрээ ашиглаж эдийн засгаа солонгоруулах арга замыг хаймаар байна. Мэдээж хөрөнгө оруулагчдыг татах нь зөв. Гэхдээ эрх зүйн тогтвортой үйл ажиллагаатай болох ёстой.
САНАЛ БОЛГОХ