УИХ -ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар гурван асуудлыг хэлэлцлээ. Эхнийх нь Эрчим хүчний салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл, хөтөлбөрүүдийн тухай байв. Салбарын сайд П.Ганхүү “Төвийн бүсийн хэрэглээний өсөлтийг хангах, чадлын нөөцийг бий болгох хүрээнд ДЦС-5, ДЦС-3-ыг 250 мВт-аар өргөтгөх, Багануур, Бөөрөлжүүт, Тэвшийн говь Чандгана цахилгаан станц, говийн бүсийн орд газруудыг дотоодоос хангах Таван толгойн цахилгаан станц, бүс нутгийн цахилгаан хангамжийг сайжруулах хүрээнд Улаанбаатар-Мандалговь 330кВ, 270 км төслүүдийг тус тус эхлүүлэх шаардлагатай байгаа” гэлээ. Түүнчлэн эрчим хүч экспортлох бодлогын хүрээнд Шивээ-Овоогийн нүүрсний орд газрыг түшиглэн экспортлох уурхай, цахилгаан станц дамжуулах шугамын төсөл, Азийн хөгжлийн банкны 1.8 сая ам долларын санхүүжилтээр 2017-2019 онд Гобитек-Азийн нэгдсэн сүлжээ төслийн нарийвчилсан судалгааг эхлүүлэх, олон улсын байгууллагуудтай хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөснөө танилцуулсан юм.
Салбарын сайдын мэдээллийг сонссоны дараа Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва 2015 онд тус байнгын хорооноос эрчим хүчний салбарын чиглэлээр гаргасан УИХ -ын тогтоолын төслийг хэрэгжүүлж ажиллахыг анхаарууллаа.
Үүний дараа төмөр замын салбарын талаар чиглэл өгөх тухай тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Уг тогтоолын төсөлд “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг, “Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компаниудад тулгамдаад буй асуудлыг шийдвэрлэх хүрээнд зургаан чиглэлд арга хэмжээ авч ажиллахыг тусгасан. Тухайлбал, Монгол Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгийн хэрэгцээнд импортлох дизелийн түлшийг онцгой албан татвараас чөлөөлөх тухай хууль хэрэгжиж эхлэх хүртэл 36 тэрбум төгрөгийн өр үүссэн байна. Үүнийг шийдэх санхүүгийн боломж тус нийгэмлэгт байхгүй учир тусгайлсан чиглэл оруулжээ. Уг тогтоолын төслийг дэмжих нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 68.4 хувь нь дэмжив.
Төгсгөлд нь Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнийг томилох асуудлыг хэлэлцлээ. Сангийн дэд сайд Х.Булгантуяа уг орон тооны бус гишүүнд Сангийн яамнаас нэр дэвшүүлсэн төлөөлөгчийг танилцуулав. Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд Сангийн яаманд мэргэжилтэн, хэлтсийн даргаар ажиллаж байсан Н.мандуулын нэрийг дэвшүүлсэн байна.