Тэнүүн говийн хаан
Экологи
Хүйтрэх тусам ороо нь орсон буурын зан авир илүү хурц, догшин болдог
“Говийн гайхамшигт 6” цувралын ээлжит амьтнаар хавтгай тэмээг танилцуулж байна.
Хоёр бөхтэй тэмээг бодвол арай намхан, нарийн урт хөлтэй, шөвгөр жижигхэн бөхтэй хавтгайг говийн хаан хэмээн “авгайлдаг”. Учир нь, хавтгай ус уухаар ирмэгцээ булаг шанд, бүрдэнд усалж буй хулан, хар сүүлтийг түрэмгийлэн хөөж, зөвхөн ганцаараа л усалдаг онцлогтой. Ингэхдээ 20-30 литр усыг 30-120 минутанд уух чадвартай аж. Харин ус ихтэй газар бол энэ хэмжээний усыг 27 минутанд л залгилж орхидог.
Гэхдээ хуурай, сэрүүн улирлын үеэр 40-60 хувийн чийгтэй ургамлаар хооллож байвал дусал ус амсахгүйгээр хагас жил ч тэсэх тэнхээтэй амьтан. Тиймдээ ч бороо орох газрыг хамгийн сайн мэддэг. Бүр борооны үүл гарахыг ч андахгүй. Ерөөс говийн хааны мэдрэхүйн эрхтнүүд бусдаасаа давуу хөгжсөн аж. Тиймээс ч сонор сэрэмжээр барагтай амьтныг урдаа гишгүүлдэггүй байна. Хурц хараа, үнэрч хамарныхаа тусламжтай салхи үнэрлэн, олон км-ийн алсаас ч хүн болоод аюулыг мэдэж, өөрийгөө хамгаалах онцгой чадвартай.
Одоогоос таван сая жилийн тэртээ буюу плиоценийн үед Америкаас тив, далайг гатлан Төв Азид ирж нутагшсан энэ сүрлэг амьтныг бид тэмээний өвөг гэдгээс өөрөөр бараг л мэдэхгүй. Аляска болон Чукотскыг холбосон нарийн хуурай замаар дамжин Ази тивд ирсэн хавтгай Зүүн Азиас Зүүн Европ, Баруун хойд Африк хүртэлх уудам нутагт тархжээ. Харин энэ амьтны нэн эртний овгийн төлөөлөгчид 54 сая жилийн тэртээ амьдарч байв. Хоёр бөхтэй тэмээнээс 11-25 сая жилийн тэртээ салбарласан гэдгийг сүүлийн үеийн судалгаа нотолж буй. Тэгвэл хоёр болон нэг бөхтэй тэмээ таван сая жилийн өмнө салбарлажээ.
Азийн цөлийн бүсэд амьдарч байгаа тэмээний овгийн хамгийн сүүлчийн зэрлэг төлөөлөгч болох хавтгайн нэг сүрэгт дунджаар 5-12 хүртэлх бодгаль байдаг. Харин орооны өмнөх үедээ хавтгайн цугларалт 120 хүртэл нэмэгдэх тохиолдол ч бий. Хавтгайн ороо нийллэг 12-2 дугаар сард үргэлжилдэг. Хүйтрэх тусам ороо нь орсон буурын зан авир илүү хурц, догшин болдог байна. Энэ үедээ сүрэгт өөр буур дөхөх, ойртох үед маш ширүүн тэмцэл өрнүүлнэ. Тэмцэл нь нэг нэгнээ үхэлд хүргэж байж дуусдаг аж.
Харин 3-4 наснаас эхлэн үржилд орсон ингэний хээлээ тээх хугацаа 13 сар үргэлжилдэг. Ингэ босоогоороо ботголдог бөгөөд ихэвчлэн нэг л ботго гаргадаг. Ботго төрөхдөө 32-34 кг жин татдаг ба эхээс унаснаасаа хойш 15-30 минутанд амжиж хөл дээрээ тэнцэн, хөхөө амладаг байна.
Сүрэг хэдэн хавтгайтай байх нь говийн булаг, бүрдийн тооноос шууд хамаарна. Өөрөөр хэлбэл, сүргийн тоо толгойн тогтвортой байдал, нөхөн үржих чадвар, улирлын шилжилт хөдөлгөөн, газар нутгийн тархалт нь бүхэлдээ булаг, шандын байршлаас шалтгаалдаг аж. Биологич, амьтан судлаач Я.Адъяагийн хэлснээр Алтайн цаадах говийн хавтгай хуурай бүсийн хөхтнүүдийн адилаар ганд тэсвэртэй бутлаг, сөөглөг, нэг ба олон наст бударгана зэргээр хооллодог байна. Хавтгай уудам бэлчээрт ургамлыг сонгож түүвэрлэн, явдал дундаа иддэг онцлогтой. Ийн идээшлэх үедээ 10-12 км/ц хүртэл хурдалдаг амьтан юм. Энэ нь говийн бүс биологийн бүтээмж багатай, идэш тэжээл сийрэг байдагтай холбоотой.
Төв Азийн өндөрлөгийн эрс тэс уур амьсгалд дасан зохицох онцгой чадвар хавтгайд бий. Зуны цагт говийн агаарын температур 45 хэм давж байхад хавтгайн биеийн дулаан 33-40 градусаас хэтэрдэггүй. Биеийн дулаан нь нэмэгдэх тусам хөлс идэвхтэй ялгаруулж, дулаан нь улам нэмэгдэхээс сэргийлдэг. Тиймдээ ч хавтгайн бөөр өндөр агууламжтай шээс ялгаруулахад зохилдсон байдаг аж. Хавтгай 8-9 дүгээр сард ус бараг л уудаггүй. Усгүйгээр удаан байдаг нууц нь бөхнийхөө өөхний тусламжтай биеийн усны хэрэгцээгээ хангадагт байдгийг тогтоожээ. Иймээс ч хавтгай биеийн жингийнхээ 25 хувийг алдахад ч цусанд нь агуулагдах ус биеийнх нь чийг, дулааныг зохицуулсаар байдаг.
Харин хавар болон зуны эхэн сарын хур багатай үед хавтгай хоногт нэг л удаа ус уудаг. Говийн хаан цөлийн халуунд нар болон аюулаас өөрийгөө хамгаалах газар олж, удаан нуугддаг. Өдрийн ид халуунд нарийн хавцал, тооройн болон улиангарын сүүдэр бараадаж халууныг өнгөрөөдөг байна.
Одоо хавтгай тэмээ үндсэндээ тусгай хамгаалалттай газар нутагт л амьдардаг. 1979 онд хавтгайн эзэмшил нутаг нь 17359 ам км талбайд байсан бол 2002 онд тодорхой тооны хавтгайд сансрын дохиололтой хүзүүвч суулгаснаар газар нутгийн хэмжээ нь 28343 ам км байгааг тогтоосон байна. Хавтгай тэмээг Монголд 1930 оноос агнахыг хориглон, Ан агнуурын тухай хуульд зааж өгсөн юм. Говийн хаан нь Монголын Улаан ном болон олон улсын хөхтний Улаан жагсаалтад орсон нэн ховор, эмзэг амьтан аж.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй