Хотын захиргааны шинэ цогцолбор "үлгэр" болжээ

ЗГМ: Тодруулга

2019 онд шинэ байрандаа орохоор байв

Улаанбаатарын төвлөрлийг сааруулах, олон төвт хот болгон хөгжүүлэх зорилгоор хотын захиргааг Баянхошуу руу нүүлгэх шийдвэрийг нийслэлийн өмнөх удирдлагууд гаргаж сүр дуулиан болж байсан билээ.

Сонгинохайрхан дүүргийн VI хороо буюу хуучнаар Ханын материалын үйлдвэрийн орчмын есөн га газарт уг шинэ цогцолборыг барихаар шав тавьж, Солонгосын хөрөнгө оруулалттай “Халла” групп төсөл хэрэгжүүлэх эрх авсан.

2013 оны аравдугаар сараас эхлэн “Халла” групп барилгын зураг төслийг боловсруулан нийслэлийн удирдлагуудад танилцуулж, санал авсан юм. Түүгээр ч зогсохгүй талууд инженерийн дэд бүтэц, цахилгаан хангамж зэрэг нарийн төлөвлөлтийн ажлаа тохиролцсон байв.

“Халла” группын архитекторын танилцуулснаар уг цогцолборын барилгыг 50400 ам метр талбайд барихаар төлөвлөсөн юм. Цогцолборын ерөнхий загвар нь хүний нүд мэт хэлбэртэй байхаар төсөөлж боловсруулсан ба 2015 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байв.

Тухайн үеийн нийслэлийн Засаг даргын тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун цогцолбор барихад нийт 37,1 тэрбум төгрөг шаардлагатайг онцолж байсан. Дөрвөн жилийн өмнө барилгын шавыг тавьж, багагүй ажил хийж гүйцэтгээд байв. Тухайлбал, 9.2 га талбайг бүрэн чөлөөлж, барилгын дизайн, төлөвлөлт, зураг төсөл, ажлын инженер геологийн судалгааны дүгнэлтэд магадлал хийж амжжээ. Гэвч эдийн засгийн хямралаас шалтгаалан төсөл хэрэгжүүлэгч “Халла Гонсол” ХХК гэрээ байгуулах, барилга угсралтын ажил эхлүүлэх боломжгүйгээ илэрхийлснээр төслийн ажил зогсонги байдалд оров.

Гэтэл энэхүү төслийг Унгарын хөрөнгө оруулалттай “Глобал бридж консерциум” компани концессын гэрээгээр гүйцэтгэхээр болж, барилгын ажлаа эхлүүлсэн. Тэд барилгын ажлыг гадна тохижилтын хамт өөрийн хөрөнгөөр гүйцэтгэж, нийслэлийн шинэ цогцолбор бүрэн ашиглалтад орсны дараа гурван жилийн хугацаанд төлбөрөө авахаар болсон юм. Төслийн явцад 800- 1000 иргэн ажлын байртай болж, 150 орчим тэрбум төгрөгийг гүйцэтгэгч компаниудад олгохоор төлөвлөсөн байлаа. Ийнхүү 2019 онд хотын захиргаа шинэ байрандаа үйл ажиллагаагаа явуулах боломжтой болох байсан.

Гэтэл нийслэлийн Засаг дарга хотын захиргааг нүүлгэхгүй гэдгээ нийслэлийн ИТХ-ын үеэр мэдэгдлээ. Үүнийг тодруулахаар нийслэлийн ЗДТГ-ын дарга М.Отгонбаяртай холбогдсон юм. Тэрбээр “Концессын гэрээгээр 220 тэрбум төгрөгөөр барих гэрээ байгуулсан байсан. Гэвч ийм хэмжээний санхүүгийн боломж байхгүй. Өнгөрсөн наймдугаар сард Засгийн газраас концессын гэрээг зогсоох үүрэг өгсөн. Тиймээс хотын захиргааны шинэ цогцолборыг барихгүй байхаар шийдвэрлэлээ” гэв.


САНАЛ БОЛГОХ