Хамбан даашинз эргэн ирлээ

Мэдээ

Ам.долларын ханш чангарсан энэ үед охид, бүсгүйчүүд бартерыг сонирхох болжээ. Тэд ганц, хоёр өмсөөд л өлгөчихсөн даашинзуудаа холио, солионы өдөрлөгүүдээр солилцох гэж байна. Сүүлийн жилүүдэд энэ төрлийн өдөрлөг манайд олон зохиох болсон. Хүүхдийн эдлэл хэрэгсэл, хувцас, даашинз, гэр ахуйн бараа гээд л сонголт арвин. Сонирхуулахад, ирэх сарын 11-нд шинэ жилийн даашинз, гутал, гоёл чимэглэл солилцох өдөрлөг “Gandan Live House”-т болох ажээ.

Гэвч сонголт үргэлж таны гарт байх болно. Хэрэв та хүний хувцас өмсөх дургүй бол наашаа анхаараарай. 2016 оны өвлийн онцлох зүйл бол хамба хилэн даашинз. Мөн онгорхой, цоорхой ихтэй, хэт задгай биш ч биеийн гоёмсог хэсгүүдийг ил гаргасан, бариу даашинз хүч түрэн орж ирлээ. Хэрэв та илүү гоёмсог, чамин зүйлд дуртай бол металл өнгөтэй, төмөр, шигтгээн чимэглэлтэй, саатай материалтай ч дээрх хэв загварын даашинз сонгоорой.


Америкаас брэндийн хувцас захиалж өгдөг “Shopaholic. guide” сайтын эрхлэгч С.Энхжин “Шинэлэг зүйл гэвэл албан байгууллагууд шинэ жилийн баяраа тэмдэглэхдээ тусгай хувцаслалт заадаг болсон байна. Энэ жил яг тодорхой трэнд гэхээр зүйл байхгүй. Хүмүүсийн хандлага, эрэлтээс үндэслэвэл дараа нь өөр зүйлд өмсөх боломжтой даашинз их эрэлттэй болжээ. Урт даашинз нэг их сонирхохгүй байгааг анзаарсан. Илүү уламжлалт загварт дуртай хүмүүс А хэлбэртэй тютю тэргүүтэй сонголт түлхүү хийдэг. Гэхдээ дэлхийн загварын трэндийг дагавал тор, тор бас дахин тор нэмэх нь торго гэсэн замналаар явна. Түүнчлэн жампсют, ромпер, унтлагын хувцас мэт нимгэн, торгон материалтай энгэр нь зөрсөн даашинз моодонд орсон” гэв.



САНАЛ БОЛГОХ