Өнөөгийн парламентын бүрэлдэхүүнд 11 эмэгтэй гишүүн ажилласан
Монгол Улс шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх хөшүүргийг Сонгуулийн тухай хуулиар дамжуулан хийх ёстой гэдгийг судлаачид хэлдэг. Эхний алхмуудыг ч энэ хүрээнд хийж эхэлсний баталгаа нь 2012, 2016 оны Сонгуулийн тухай хууль. Үр дүнд өнөөгийн парламентын бүрэлдэхүүнд 11 эмэгтэй гишүүн ажиллаж, түүхэн дээд амжилтыг тогтоосон. Тэгвэл өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хамтран хийсэн ажлын талаар УИХ дахь эмэгтэй гишүүдийн албан бус бүлэг мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “2012 оны УИХ-ын сонгуулиар парламентад улс төрийн таван намын төлөөлөл бүхий 11 эмэгтэй гишүүн сонгогдсон. Ингэснээр эмэгтэйчүүд хууль тогтоох, бодлого тодорхойлох, шийдвэр гаргах түвшинд үзэл бодлоо хүргэх, нийгэмд тулгамдсан олон эмзэг асуудлыг шийдвэрлэх боломжтой болсон. Парламентад эмэгтэйчүүдийн тоо 11 болж нэмэгдсэн нь сайн үзүүлэлт боловч 76 дотор дэндүү цөөхөн. Гэсэн ч эмэгтэй гишүүд хамтран болон хувь гишүүнийхээ хувиар олон хууль, тогтоолын төслийг өргөн барьж, Ажлын хэсгийг ахлан ажиллаж, зарим хууль, тогтоолыг батлуулж чадлаа.
Улсын хэмжээнд нийт 152 цэцэрлэг, цэцэрлэгийн өргөтгөл баригдсан байна
Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд эмэгтэй гишүүд Гэр бүлийн хүчирхийлэлтэй
тэмцэх тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай, Тамхины хяналтын тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай, Соёлын тухай, Хог хаягдлын тухай хуулийг батлуулсан. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Монгол хэлний тухай, Түрээсийн тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай, Органик хүнсний тухай зэрэг хууль, тогтоолын төслүүд
дээр хамтран ажиллалаа” гэв. Түүнчлэн эмэгтэй гишүүд дөрвөн жилийн хугацаанд БСШУЯ-тай хамтран ажиллаж, улсын төсөв болон гадаадын урт хугацааны зээл, тусламжаар сургууль, дотуур байрны хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлэхэд онцгой анхаарал тавьж ажилласан. Тухайлбал, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд улсын хэмжээнд нийт 152 цэцэрлэг, цэцэрлэгийн өргөтгөл баригдсан байна.
Үүнээс гадна бүх хүүхдээ цэцэрлэгт хамруулахын тулд шинээр барих шаардлагатай 800 цэцэрлэгийн хөрөнгө оруулалтад нэг их наяд төгрөг шаардлагатай байгаа. Энэ нь Монгол Улсын нийт төсвийн 30 гаруй хувийг эзлэх хэмжээний хөрөнгө. Нэгэнт төсвийн хөрөнгөөр нэг дор бүгдийг шийдэх боломжгүй. Иймд эмэгтэй гишүүд асуудлыг шийдвэрлэх өөр арга зам хайж Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг санаачлан боловсруулж, УИХ-ын чуулганаар батлуулан, өнөөдөр хэрэгжиж байгааг дуулгасан юм.
Мэдээллийн төгсгөлд УИХ дахь эмэгтэй гишүүд нам харгалзалгүй эв нэгдэлтэй ажиллаж чадсан гэдгийг онцлов.
Б.Тогтох
ЗГМ