MEC-ийн орлого 48 хувиар өсчээ

Мэдээ

Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolia Energy Corporation” есдүгээр сарын 30-нд дуусгавар болсон санхүүгийн хагас жилийн тайлангаа танилцууллаа. Тус компани энэ оны гурваас есдүгээр сарын хооронд 140 сая хонгконг долларын орлого олжээ. Энэ нь 2015 оны мөн үеэс 48 орчим хувиар өссөн дүн. Бэлэн мөнгө болон түүнтэй адилтгах хөрөнгийн үлдэгдэл нь 18.3 сая хонгконг доллар байгаа талаар санхүүгийн тайландаа дурдсан байна. Энэ нь зургаан сарын өмнөхтэй харьцуулахад тав орчим хувиар буурсан дүн боллоо.

Тайлант хугацаанд “Mongolia Energy Corporation” 451.4 мянган тонн нүүрс олборлож, 198 мянган тонн нүүрс борлуулсан байна. Үүнээс 195 мянган тонн цэвэр коксжих нүүрсийг Шиньжанд нийлүүлсэн бол 3000 тонн дулааны нүүрсийг Монголын хэрэглэгчдэд нийлүүлжээ. Цэвэр коксжих нүүрсний дундаж ханш тонн тутамд 715.8 хонгконг доллар байгаа нь 2015 оны мөн үеэс 12 хувиар өссөн дүн. Түүнчлэн дулааны нүүрсийг тонн тутмыг нь 87.4 хонгконг доллараар худалджээ. Үүний дүнд нийт ашиг нь 88.7 сая хонгконг долларт хүрсэн байна. БНХАУ-ын гангийн үйлдвэрлэл өссөн. Тус улсын ДНБ өнгөрсөн улиралд 6.7 хувиар тэлсэн зэрэг нь ган болон коксжих нүүрсний зах зээл энэ оны хоёрдугаар хагаст тогтвортой байна гэсэн хүлээлтийг бий болгосныг “Mongolia Energy Corporation” дүгнэжээ.

САНАЛ БОЛГОХ