Гоо сайхан золиос шаарддаг

Амьдралын хэв маяг

Гоо сайхны газрууд гурав дахин хямд үнээр ботокс хийдэг

Цагаан арьст хүмүүсийн дунд хөх, бөгс, уруулаа томсгож, шанаа нарийсгах, хацар дүүргэх ботокс, филлэр эрчээ авч байна. Манай улсад ч гоо сайхны эмнэлгүүд энэ төрлийн үйлчилгээг үзүүлж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Ботокс, филлэрийн давуу тал бол мэс хүргэлгүйгээр, богино хугацаанд хүссэн үр дүндээ хүрэх явдал юм. Мэдээ алдуулж, хэдэн газар тариагаар шингэн шахахад л ажиллагаа дуусч байгаа нь тэр.

Ботокс, филлэр нь хүний биед бүрэн задардаг уураг тул эхний удаад 3-6, хоёр дахь удаад 6-9 сар болоод уусан алга болдог. Товчхондоо, байнгын давтамжтай хийлгэх шаардлагатай гэсэн үг. Ботоксыг булчингийн хэт хувирлаас үүдэлтэй үрчлээг тэнийлгэх зорилгоор хийнэ. Харин филлэрийг нүүрний унжсан, хонхойсон хэсгийг тэлэх маягаар хийдэг байна.

Монголд энэ чиглэлээр найман жилийн турш үйл ажиллагаа явуулж буй “Dermaesthetic Beauty” эмнэлгийн эмч А.Хатанзул “Гоо сайхан, эмчилгээний зориулалтаар ботокс, филлэр хийх эрхийг тусгай зөвшөөрлөөр олгож, нарийн мэргэшсэн эмч нар хийж гүйцэтгэдэг. Гоо сайхны газруудад хямд үнээр хийж байгаа нь ариун цэвэр, чанарын шаардлага хангасан, эсэх нь эргэлзээтэй. Ер нь охид бүсгүйчүүд ботокс, филлэрийг их хийлгэдэг. Хагалгаа биш, ерөнхийдөө аюулгүй эмчилгээний төрөлд багтдаг юм” хэмээлээ.

Үйлчлүүлэгчдийн дийлэнх нь хүрсэн үр дүндээ сэтгэл ханамжтай байдаг болохоор жил ирэх тусам хүрээгээ тэлсээр. Зөвхөн Их Британид л гэхэд 3.6 тэрбум паунд энэ салбарт эргэлдэж байна. Гэхдээ цар хүрээ нэмэгдэхийн хэрээр салбарыг бүхэлд нь хянах аргагүйд хүрч байна. Түүнчлэн аюулгүй байдал, сөрөг үр дагавар нь эрдэмтэн судлаачдын анхаарах асуудал болжээ.

Бүтэн нэрээ хэлэхээс татгалзсан 24 настай Тина “Филлинг хийлгэж дуусаад би маш их уйлсан. Өөрийгөө балласан юм шиг л санагдсан даа. Бүх зүйл маш хурдан бас хялбар болоод өнгөрсөн. Нэг мэдэхэд уруулаа томруулчихсан байсан. Орой нь би амьдралдаа хэзээ ч мэдрээгүйгээрээ их өвдөж байлаа. Уруул минь тэсрэх гэж байгаа юм шиг л” гэв. Энэ төрлийн үйлчилгээг Их Британид заавал мэргэжлийн эмч гүйцэтгэх шаардлагагүй тул зөвшөөрөлгүй газрууд олширчээ. Тина шинэ урууландаа 75 паунд зарцуулсан байна. Мэргэжлийн эмнэлгүүдэд уруулын филлэрийг 300 орчим паундаар хийдэг. Харин ботоксыг зөвхөн нэг хэсэгт хийхэд л 199 паунд байдаг нь манайхаар бол 600 орчим мянган төгрөг юм.

Филлэр, ботокс нь уураг учир хүний биед 3-6 сарын дараа уусдаг

Эхний хоёр жилд дунджаар гурван удаа, цаашид хоёр жилд нэг удаа тогтмол хийлгэвэл тохиромжтой. Ингээд бодохоор санхүүгийн боломжтой хүмүүсийн гоёо гэдэг нь илт. Гэвч зөвхөн Монголд гэлтгүй хаа сайгүй л хямд төсөр аргаар гоо сайхнаа хохироож буй хүн олон байгаа юм. Эрэлт хэрэгцээгээр нь авч үзвэл, уруул томруулахын дараа хөх томруулах үйлчилгээ бичигдэж байна. Мөн нүүрний хэлбэрийг нарийсгаж засах, хамар өндөрлөх, хөмсөг өргөх зэрэг үйлчилгээ эрэлттэй байдаг аж.

21 настай Сара туранхай, хөх гэхээр юмгүй байжээ. Удаан бодсоны эцэст мэргэжлийн бус гоо сайхны газар 500 паунд төлөөд цээжний булчингийнхаа доор имплант суулгуулжээ. Уг нь бол энэ төрлийн имплантыг 2500-7000 паундаар хийдэг байна. Ажиллагааны дараах өвдөлт тэсвэрлэхийн аргагүй байсныг тэрбээр өгүүлээд “Надад хуурамч мэдрэмж төрдөг. Шинэ залуутай болзох бүртээ би ичдэг болсон” хэмээв. Хүний биед мэс хүргэж, цус гаргаад байдаггүй болохоор энэ төрлийн үйлчилгээг манай гоо сайхны газрууд ихээр хийх болсон. Өөрөө ч юу болохыг нь мэдэж амжаагүй байтал “Энэ их гоё, та ёстой сайхан харагдана, таван насаар залуужина” гэсээр “дарж” авах нь холгүй байдаг болж. Олон нийтийн сүлжээ, сайтаар ч сурталчилгаа их явж байгаа нь охид бүсгүйчүүдийн анхаарлыг ихээхэн татаж байгаа юм. Гэхдээ бүсгүйчүүдийн дунд шинэ хандлага болж буй ботокс, филлэрийг хийлгэхээр бол мөнгөө харамлалгүй, зөвшөөрөлтэй эмнэлэгт, мэргэшсэн эмчээр хийлгэхийг олон улсын шинжээчид зөвлөж байна.
САНАЛ БОЛГОХ