ЗУНЫ ТҮГШҮҮР ЗИКА

Эрүүл мэнд
Шумуулын өндөгнүүд усны савны дотор хананд цавуу шиг наалддаг тул хүн тэр бүр хардаггүй

Дэлхийн дулаарал нэмэгдэхийн хэрээр элдэв төрлийн халдварт өвчин тархаж буйг эрдэмтэд хэлж байна. Энэхүү дулаарлын улмаас дахин сэргэсэн халдвар бол Зика юм. Шумуулаар дамжин халдварлаж буй уг вирус одоогоор Өмнөд Америк, Хойд Америк, Ази, Африкийн 46 улсад тархсан бөгөөд Бразилд л гэхэд ургийн гажиг үүсгэсэн 3670 тохиолдол бүртгэгджээ.


Сүүлийн үеийн мэдээллээр манай урд хөршид хоёр, ОХУ-д нэг тохиолдол бүртгэгдсэн байна. Иймд зуны улирал эхэлсэн энэ үед шумуулаар дамжих халдвар гарахгүй гэсэн баталгаа алга. ДЭМБ-ын мэдээлснээр дэлхий дээр ойролцоогоор 41 төрлийн 3600 зүйлийн шумуул тархсан байдаг аж. Үүнээс Aedes, Anopheles, Culex, Culiseta төрлийн 22 зүйлийн шумуул манай оронд тархсан болохыг судлаачид тогтоожээ. Anopheles төрлийн шумуул нь хумхаа, Aedes aegypt төрлийн шумуул нь шар чичрэг, Денгийн чичрэг, Culex төрлийн шумуул нь баруун Нилийн
чичрэг, Япон энцефалит, филарис Culiseta төрлийн шумуул нь адууны энцефалит өвчнийг дамжуулдаг аж.

Шумуулын хөгжлийг өндөг, авгалдай, хүүхэлдэй, бие гүйцсэн гэсэн дөрвөн үе шатад хувааж үздэг байна. Агаарын хэмээс хамаарч 15-20 хоногийн дотор үржил нь явагдаж дуусдаг боловч хүйтний улиралд шумуулын хөгжил хоёр сар хүртэл хугацаагаар удааширдаг аж. Эр, эм шумуул нь амьдралын явцад нэг л удаа үржилд ордог байна. Үржилд орсныхоо дараа эм нь цус сорж хооллон өндөглөдөг бол эр шумуул нь ургамлын цэцгийн тоосоор хооллодог. Үдэш шөнийн цагаар тогтмол цэнгэг усны мандалд өндгөө гаргадаг. Өндөг нь усны гадаргууд 5-7 хоноод авгалдай болно. Авгалдайн хөгжил нь усанд явагдаж, усны мандал дээрх үсэнцэр, хялгасанцаар амьсгална. Шумуулын амьдралын мөчлөг нь үе шат бүртээ 5-14 хоног үргэлжилдэг. Гэхдээ амьдарч байгаа газрынхаа онцлогоос хамаараад хэдэн сараас жил хүртэлх хугацаагаар уртасдаг. Шумуул нь нар үзэхгүй харанхуй газар, бут сөөгөнд нуугдах бөгөөд зохиомол гэрэлтүүлгээс үргэдэггүй, хар өнгөнд мэдрэмтгий, хоолоо хүн, амьтнаас ялгарч буй нүүрсхүчлийн хий, хөлсний үнэрээр олдог. Агаарын хэмийн хэлбэлзлэлээс хамаарч чийглэг биш, хуурай орчинд шумуулын амьдралын идэвх эрс буурдаг байна. Авгалдай болон хүүхэлдэй нь ичдэггүй, зөвхөн өндөг нь ичдэг аж. Шумуулын өндөгнүүд усны савны дотор хананд цавуу шиг наалддаг тул хүн тэр бүр анзаарч хардаггүй байна.

Хамгийн аюултай нь шумуул халдварт өвчин тараадагт л байгаа юм. Тэдний тараасан Зика вирус өдгөө нярайн тархи жижигрүүлэх эмгэг үүсгэж байна. Тодруулбал, Зика вирус нь халдвар авсан жирэмсэн эхийн хэвлийд бүрэлдэж буй ургийн тархины өсөлтийг зогсоож, хараа, сонсгол, хэл муутай, оюун ухааны хомсдолтой, жижиг толгойтой хүүхэд төрөхөд нөлөөлдөг microcephaly өвчин үүсгэж буйг судлаачид тогтоов.

Манай урд хөрш аль хэдийнэ анхааруулга өгч эхлээд байгаа. Аялал жуулчлалаас үүдэн Бээжинд Зика вирус тархах эрсдэл өндөр байгаа аж. Энэ нь манай улсад ч хамаатай. Учир нь монголчуудын хамгийн их зорчдог газар бол урд хөрш. Тиймээс манайхан ч гэсэн анхаарал сэрэмжтэй байхад илүүдэхгүй.

Б.Гантиг
ЗГМ


САНАЛ БОЛГОХ