МҮОНРТ-ийн тухай хуулийн зөрчлийг Цэц хэлэлцэнэ

Мэдээ

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Х.Чилаажавыг томиллоо

УИХ-ын чуулганы пүрэв гарагийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын нэг нь МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн А.Мөнхбатыг чөлөөлж, түүний оронд зохиолч Х.Чилаажавыг томилох тухай байв. Томилгооны асуудал ярихад МҮОНРТ-ийн зөрчлийн талаар гишүүд хөндөж байсан юм. Тодруулбал, тус байгууллагын захирал 500 сая төгрөг хууль бусаар авсан байж болзошгүй гэсэн хардлага байгааг зарим гишүүн цухас дурдсан.

УИХ-ын гишүүн Н.Энхболд “МҮОНРТ дээр хууль хэрхэн хэрэгжиж буй талаар шалгалт хийсэн. Гэхдээ энэ хүн гэмт хэрэг хийжээ гэдэг нь батлагдаагүй. Төрийн байгуулалтын байнгын хорооноос тус байгууллагын Үндэсний зөвлөлд зөвлөмж хүргүүлж байгаа. Хууль зөрчсөн үйлдэл ажиглагдаагүй” гэсэн тайлбар хийлээ.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “Хуулийн хэрэгжилтийг Үндэсний зөвлөл нь хянах ёстой. Хэрэв хууль хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй бол гишүүдийг нь эргүүлж татах учиртай. Нэг зүйл онцлоход, МҮОНРТ-ийн тухай хуульд өөрөө өөрийгөө хянах заалт бий. Иймээс л Үндэсний зөвлөлийн гишүүд хэзээ ч хянаагүй хэрэг. Ажлын хэсэг гаргадаг боловч бурууг илрүүлдэггүй.

Тиймээс хөндлөнгийн хяналтын зөвлөл гаргах талаар хуульд тусгах нь зүйтэй болов уу. Олон нийтийн радио телевизийн тухай хууль амьдралд нийцсэн сайн хууль болсон. Уг хуулийн 13 дугаар зүйлд арилжааны чиглэлээр зар сурталчилгаа явуулах тухай заалт орсон байсан. Үүнд 2005 оны хоёрдугаар сард Ерөнхийлөгч асан Н.Багабанди хориг тавьж, үүнийг холбогдох байнгын хороо, УИХ хүлээж авсан. Гэвч тэр заалтыг хуульд оруулаагүй учраас л хэн нэг нь тоглолт хийгээд байна. Нөгөөтэйгүүр, МҮОНРТ гурван МҮОНРТ-ийн тухай хуулийн зөрчлийг Цэц хэлэлцэнэ тэрбум төгрөгийн өртэй болсон талаар Байнгын хороогоор ярьсан. Үндэсний зөвлөл хяналт тавиагүй учраас ийм өр үүссэн. Улсын хэмжээнд өнөөдөр телевиз үздэг сая гаруй өрх бий. Нэг айлаас сард 1200 төгрөгийн хураамж авдаг гэж тооцоход нэг тэрбум 200 сая төгрөг болно. Дээр нь улсын төсвөөс 13 тэрбум хүртэлх төгрөг авдаг. Энэ бол сурталчилгаа явуулахгүйгээр хүрэлцэх санхүүжилт” гэлээ. Төрийн байгуулалтын байнгын хороо шаардлагатай бол МҮОНРТ-ийн тухай хуульд өөрчлөлт оруулах уу гэдгийг хэлэлцэх хэрэгтэй гэж үзээд байгаа аж. Хуулийн цоорхойн талаар Үндсэн хуулийн цэцэд ханджээ.

Эцэст нь гишүүдийн олонхийн саналаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Х.Чилаажавыг томилсон юм. Мөн А.Мөнхбатыг Үндэсний зөвлөлийн гишүүнээс 76 хувийн саналаар чөлөөлөв.

ГААЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭЖ ҮЗЭВ

Чуулганы хуралдаанаар Гаалийн тариф, татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх, асуудлыг орууллаа.

Хуулийн төслийг Гадаад харилцааны сайд Ц.Мөнх- Оргил танилцуулав. Манай улс дэлхийн Худалдааны байгууллагын гарал үүслийн дүрмийн тухай хэлэлцээрт 1994 онд нэгдсэн. Түүнчлэн Гаалийн тариф худалдааны ерөнхий хэлэлцээрт 1997 онд нэгдэн оржээ. Гаалийн тариф, татварын тухай хуулийг эдгээр хэлэлцээрт нийцүүлэн баталсан бөгөөд 2015 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Тодруулбал, Нэн тааламжтай тариф хэрэглэх, гарал үүслийн баталгаагүй бараанд ердийн тариф хэрэглэх тухай өөрчлөлт оруулсан байна.

» НҮБ-тай хамтарч хийсэн судалгаагаар гадаад худалдаанд саад учруулж буй хүчин зүйл нь гаалийн бүрдүүлэлт, тээвэр орж байна.
» Япон улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хийхэд хүндрэл гарсан тул гадаад худалдааны эрх зүйн орчныг сайжруулах шаардлага тулгарчээ.
» Хөршүүдээр дамжин өнгөрөх тээвэрлэлтийн асуудлыг шийдвэрлэх зайлшгүй шаардлага тулгарсан.

Гэтэл Япон улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хийж хэрэгжүүлэхэд хүндрэл гарсан тул гадаад худалдааны эрх зүйн орчныг сайжруулах шаардлага тулгарчээ. Иймд дээрх хэлэлцээрт нийцүүлэн хуульд өөрчлөлт оруулах төсөл боловсруулсан байна. Барааны гарал үүслийг нотлох баримт бичгийн төрлийг нэмэгдүүлэх, гарал үүслийн гэрчилгээ заавал шаардах барааны жагсаалтыг Засгийн газар батлах талаар төсөлд оруулжээ. Мөн хөнгөлөлттэй болон нэн тааламжтай тариф хэрэглэх эрх зүйн орчныг сайжруулж Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт нийцүүлэх талаар тусгасан байна.

Хуулийн төслийн өөрчлөлттэй холбогдуулан Төсвийн байнгын хорооноос хэд хэдэн санал, дүгнэлт гаргажээ. Барааны гаалийн бүрдүүлэлтийн зардлыг өсгөсөн, дэлхийн Худалдааны байгууллагатай хийсэн хэлэлцээрийг зөрчсөн, аж ахуйн нэгжид дарамт учруулж буй гэж үзэн холбогдох хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй хэмээсэн байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар “Эдийн засгийн хямралын үед гадаад худалдааны нөхцөлийг хөнгөвчлөх арга хэмжээ авах нь зөв. Цаашид гадаад худалдааг хэрхэн, яаж хөнгөвчлөх вэ гэдэг саналаа хурдан оруулах хэрэгтэй. Ялангуяа экспортыг дэмжих талаар ямар бодлого барих вэ” гэсэн асуулт тавив.

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил “Бизнес эрхлэгчид тэр дундаа гадаад худалдаа эрхлэгчдэд зориулсан Мэдээллийн сүлжээ төв байгуулж ашиглалтад оруулахаар зорьж байна. Үүнийг 2017 онд багтаан туршилтаар ажиллуулна. Ингэснээр дэлхийн Худалдааны байгууллага, импортлогчидтой холбогдох боломж бүрдэх юм. Энэ нь худалдааг хөнгөвчлөх том алхам болно. НҮБ-тай хамтарч хийсэн судалгаагаар Монгол Улсын гадаад худалдаанд саад учруулж буй хүчин зүйл нь гаалийн бүрдүүлэлт, мэргэжлийн хяналтын шалгалт, тээвэр орж байна. Хоёр хөрш дэлхийн Худалдааны байгууллагын гишүүн хэрнээ хэлэлцээр нь хүчин төгөлдөр болоогүй байгаа. Ер нь хоёр хөршийн гаалийн хүндрэл амаргүй байна. Тиймээс хоёр хөрштэй хамтарч ажиллах гэрээ, хэлэлцээрийг хийж байгаа. Гуравдугаарт, зам тээврийн асуудал, боомт орж байгаа юм. Тэгэхээр хөршүүдээр дамжин өнгөрөх тээвэрлэлтийн асуудлыг шийдвэрлэх зайлшгүй шаардлага тулгарсан. Гурван улсын зам тээврийн сайдууд транзит тээврийн гэрээнд гарын үсэг зурах байсан ч хойшлуулсан. Хятадтай төмөр замын тээвэрт гарын үсэг зурсан байсан ч мөн тодорхойгүй шалтгаанаар хойшлуулаад байна” хэмээлээ.

Зарим гишүүн журам нь хуультайгаа нийцэж байх ёстой гэсэн санал хэллээ. Ингээд гишүүдийн 72.3 хувийн саналаар Гаалийн тариф, татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжиж анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв.
САНАЛ БОЛГОХ