Марафоны зайг 54 жил туулав

Мэдээ

Япончууд түүнийг олимпийн наадмын хамгийн удаан оролцогч хэмээн шоглон бичдэг

Японы марафон гүйлтийн тамирчин Шинзо Канакүри нэгэн содон амжилтаар олимпийн наадмын түүхэнд бичигдэн үлджээ. Тэрбээр 1912 онд Английн нийслэл Лондон хотноо болсон зуны олимпийн үеэр тэрхүү дуулианыг тарьсан юм.
Олимпийн марафон гүйлтэд уралдахаар 19 орны 68 тамирчин хүрэлцэн ирээд байлаа. Эдний дунд Японы ганц гүйгч байсан нь Канакүри. Тэрбээр бусдын адил тэвчээр заан уралдсаар 27 дахь километрт хүрлээ. Барианд ороход дахин 15 километр дутуу гэсэн үг. Гэтэл энэ үед түүний толгой эргэж, ам нь асар их цангаж байгааг мэдэрчээ. Ингээд замын хажууд байсан нэгэн айлд орж, ус өгөхийг гуйсан байна. Гэрийн эзэн хүсэлтийг нь биелүүлэхээр гал тогооны өрөө рүүгээ оров. Харин ус хийгээд буцаж иртэл өнөөх тамирчин орон дээр хэвтээд тухтай нь аргагүй унтаж байх нь тэр. Хөөрхий ядарсан тамирчныг сэрээхийг хүсээгүй тул тэр чигт нь орхижээ. Ингээд Канакүри марафоны зайгаа дуусгаж чадалгүй хасагдсан гэж бүртгэгдэв.

Энэ явдлаас хойш олон жилийн дараа буюу 1967 онд Канакүри Англид буцаж ирэв. Тэрбээр дутуу үлдээсэн зайгаа гүйж дуусгахыг хүсчээ. Шведийн телевиз түүний үлдсэн 15 километр замаа хэрхэн туулж буйг дүрс бичлэгт буулган баримтжуулсан байна. Ингээд Канакүри 42 километр замыг 54 жил, найман сар, зургаан өдөр, таван цаг, 32 минут, 20.3 секундэд туулсан хэмээн бүртгэгджээ. Япончууд түүнийг олимпийн наадмын хамгийн удаан оролцогч хэмээн шоглон бичиж байв.

Анхны олимпдоо бүтэлгүйтсэн Канакүри 1916 оны олимпод оролцохоор сонгогдсон. Гэвч энэ үед дэлхийн нэгдүгээр дайн эхэлсэн тул олимп цуцлагдсан юм. Харин 1920 онд Бельгид болсон олимпийн наадамд хурд сорьж, өөрийн зайг хоёр цаг, 48 минут, 45 секундэд туулснаар 16 дугаар байр эзэлжээ.

Ер нь марафон гүйлтийн үеэр энэ мэт итгэмээргүй, сонин тохиолдол их гардаг. Америкийн Фред Лорц гэгч тамирчны хувьд хамгийн зальтай марафонч гэдгээрээ түүхэнд бичигдсэн юм. Энэ залуу 1904 оны олимпод хурд сорьжээ. Эхний 12 км замыг туулсны дараа зүүн хөл нь өвдөж эхэлсэн байна. Тиймээс эмчийн тусламж авах нэрийдлээр машинд ороод суучихав. Уг нь эмчилгээгээ хийлгэсний дараа машинаас гарах ёстой байсан ч тэгээгүйгээр барахгүй, цааш давхин оджээ.

Улмаар барианаас найман км-ийн өмнө машинаасаа бууж, цааш гүйсээр хамгийн түрүүнд барианд орсон байна. Одоогоос 100 гаруй жилийн өмнөх олимп болохоор хяналт бага байсан нь мэдээж. Фред үүнийг нь далимдуулж, зохион байгуулагчдыг хуурч дөнгөжээ.

Түүнийг барианд орсны дараа америкчууд баяр хөөр болж, Ерөнхийлөгч Т.Рузвельтийн охин алтан медаль гардуулж өгөв. Харин бусад тамирчид барианд орж ирээд Фредийн булхайг илчилснээр алтан медалийг нь хураан авчээ. Энэ явдлын дараа Америкийн олимпийн хороо зальтай тамирчны тэмцээнд оролцох эрхийг хассан юм. Харин Фред олимпийн будлианаа “Зүгээр л тоглоом байсан” хэмээн зөвтгөсөн гэдэг.
САНАЛ БОЛГОХ