Л.Ганболд: Аялал жуулчлал орлогын гол эх үүсвэр болно

Ярилцлага

Аймаг орлогоо нэмэгдүүлэхэд анхаарч байгаа

Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдтой ярилцлаа. “Ирэх дөрвөн жилийн гол зорилго бол Хөвсгөл аймаг орлогоо бүрдүүлэх тал дээр түлхүү анхаарч ажиллана. Аймаг орлогоо бүрдүүлээд зогсохгүй сум болгон орлогоо нэмэгдүүлэх чиглэлд төвлөрнө” хэмээн тэрбээр тодотгов.

-Малын гаралтай түүхий эдийн үнэ өнөө жил зах зээлд хямд байгаа. Энэ нь малчдын амьжиргааны орлогод сөргөөр нөлөөлөх болсон. Хөвсгөл аймгийн хувьд нөхцөл байдал ямар байна вэ?

-Улс орны хэмжээнд үүсээд байгаа эдийн засгийн урт хугацааны хүндрэл нь ялгаагүй орон нутгийн иргэдийн амьжиргаа болон эрхэлж буй аж ахуйд сөрөг нөлөө үзүүлж байна. Иргэдийн орлого буурах болсноор худалдан авах чадвар нь урьд жилүүдтэй харьцуулахад эрс муудсан. Ажил хүлээж аваад орон нутгийнхаа иргэдтэйгээ уулзаж, санал хүсэлтийг нь сонсож, нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан. Ингэж явахад дээрх хүндрэл, бэрхшээлийг хэлж байсан. Малын гаралтай түүхий эдийн үнэ хямд байгаагаас үүдэж малчдын орлого багассан нь үнэн. Орон нутгийн зүгээс иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх зорилгоор боломж, бололцоог эрэлхийлж байна. Энэ хүрээнд цөөнгүй ажил төлөвлөн ажиллаж байгаа. Үүний нэг нь мах экспортлох.


-Мах экспортлох нь орлогоо нэмэгдүүлэх боломж. Энэ хүрээнд ямар санаачилга гаргаж байгаа вэ?
-БНХАУ-д мах экспортлох талаар тус улсын мужийн удирдлагатай уулзаж, цаашдын тогтвортой хамтын ажиллагааг эхлүүлэхээр яриа хэлэлцээ хийж байгаа. Баруун аймагт бог малын гоц халдварт өвчин гарсантай холбоотойгоор мах экспортлох хэлэлцээ удаашрах болсон. Хориг тогтоосон нь яриа, хэлэлцээнд сөргөөр нөлөөлсөн тал бий. Мах экспортлох нь орлогоо нэмэгдүүлэх гарц. Энэ утгаараа боломж гэж харж байгаа. Хонь болон үхрийн мах экспортлох боломж, нөхцөлийг бүрдүүлэх нь чухал байгаа. Мөн тодорхой тооны адууны мах гаргах ажлыг зохион байгуулж байгаа.

-Танай аймаг зөвхөн БНХАУ-аас гадна ОХУ-д мах экспортлох боломжтой. Үүнийг хэрхэн үр өгөөжтэй ашиглахаар төлөвлөж байна вэ?
-ОХУ-д мах гаргах асуудлыг хөндөж, энэ хүрээнд хэрхэн экспортлох талаар судалж байна. Хойд хөршийн хилээр хонь амьдаар нь гаргах ажлыг зохион байгуулж үзсэн. Тухайн үед бүгдийг нь хараахан гаргаж чадаагүй ч дараа дараагийн боломжийг үүгээр нээсэн. Ирэх жил ОХУ болон Тува улс руу үржлийн малыг тодорхой тоогоор гаргахаар төлөвлөж байна. Энэ хүрээнд бэлтгэл ажил хийгдэж байгаа. Эдгээр нь иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх зорилготой. Үүнээс гадна орон нутгийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа, бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд сурталчлан таниулах, хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд орон нутгийн зүгээс ихээхэн анхаарч ажиллаж байна. Энэ нь орлого нэмэгдүүлэхээс гадна ажлын байраа хадгалж, үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд тустай арга хэмжээ юм.

-Аймгийн хэмжээнд өвөлжилт одоогоор ямар байдалтай байна вэ. Бэлтгэл ажил хэрхэн хангагдсан бэ?
-Аймгийн хэмжээнд нийт нутгаар цасан бүрхүүлтэй байгаа. Тэр дундаа зарим суманд цас ихээр орсон тул өвөлжилтийн байдал хүндрэх шинжтэй байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг аймаг, сумын түвшинд хангаж ажилласан. Аймгийн Засаг даргын ажлыг хүлээд аваад эхний ээлжинд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулахад нэлээд анхаарсан. Мөн төрийн бүх шатны байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, орон нутгийн иргэдтэйгээ уулзсан. Энэ болгонд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд чиглэл өгч ажилласан.

-Танай аймагт тулгамдаж байгаа нийгэм, эдийн засгийн ямар асуудал байна вэ?
-Иргэдэд орлогоо нэмэгдүүлэх боломж, бололцоо хомс байгаа. Энэ нь эдийн засаг талаасаа тулгамдаж байгаа асуудал. Эдийн засгийн амаргүй хүндрэлийг даван туулах нь сорилт болж байна. Хямралтай байдлаас болж аймаг, сумын хэмжээнд бүтээн байгуулалтын зарим ажил санхүүжилтээс болж зогссон байгаа. Зарим ажлын гүйцэтгэл нэлээд тааруухан явцтай байна. Эдгээр ажлыг нэн тэргүүнд гүйцэтгэх, санхүүжилтийг нь шийдвэрлэх тал дээр онцгой анхаарах шаардлага бий. Тиймээс орон нутгийн зүгээс тулгарч байгаа асуудлаа цаг алдалгүй шийдэхээр зорилт тавин ажиллаж байна. Төсөв, санхүүжилт хүнд байгаа учраас бүхнийг нэг дор хийж, хэрэгжүүлэх боломжгүй. Гэхдээ боломж, нөөц бололцоогоо дайчлах нь чухал.

-Та ажил хүлээж аваад багагүй хугацаа өнгөрсөн байна. Ирэх дөрвөн жилд ямар бодлого хэрэгжүүлэх вэ. Тэр дундаа шинээр ажлын байр бий болгох чиглэлд хэр өөрчлөлт гаргах вэ?
-Орон нутгийн иргэддээ 100 хоногийн ажлын тайлангаа танилцуулсан. Ирэх дөрвөн жилийн гол зорилго бол Хөвсгөл аймаг орлогоо бүрдүүлэх тал дээр түлхүү анхаарч ажиллах явдал. Аймаг орлогоо бүрдүүлээд зогсохгүй сум болгон орлогоо нэмэгдүүлэх чиглэлд төвлөрч ажиллах учиртай. Үүнд гол бодлого маань чиглэх юм. Энэ хүрээнд олон ажил төлөвлөсөн байгаа. Аймгийнхаа бизнес эрхлэгчдийн зөвлөлгөөнийг зохион байгуулсан. Бизнесийн салбарт үйл ажиллагаа явуулахад тулгамдаж байгаа асуудлуудыг нь сонссон. Үүний зэрэгцээ эдийн засгийн хямралтай байгаа үед бизнес эрхлэгчтэйгээ хамтарч ажиллахад боломжтой гарц, шийдлийг хэлэлцсэн. Засаг даргын дэргэдэх Бизнесийн зөвлөлийг байгуулсан. Энэ нь орон нутагт үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд голлох үүрэгтэй. Үйлдвэрлэл, үйлчилгээ тэлж, сайжрах хэрээр ажлын байр шинээр бий болж, орлого нэмэгдэнэ гэсэн үг. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг ирэх жилүүдэд шинэ түвшинд гаргахаар зорьж байгаа.

-Засаг даргын зүгээс тэргүүлэх бодлогын чиглэлээ танилцуулна уу?
-Ирэх дөрвөн жилд бодлогын гурван чиглэлийг түлхүү баримтална. Тодруулбал, эдийн засаг, нийгмийн салбарт онцолж анхаарал хандуулахаас гадна засаглалын чанарыг сайжруулахаар зорьж байгаа. Эдийн засаг талаасаа орлогоо нэмэгдүүлэх, ажлын байр олноор бий болгох нь чухал. Мөн жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд бодлогын түвшинд дэмжиж ажиллана. Сум хөгжүүлэх сан болон жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас олгож байгаа хөнгөлөлттэй зээлийг хамгийн оновчтой төслүүдэд олгох бодлого гаргана. Зорилтот салбарт анхаарал хандуулах нь чухал байгаа. Нийгэм, эдийн засгийн үр ашигтай төслүүдийг хэрэгжүүлэх гэж байгаа аж ахуйн нэгжээ мэдээж дэмжиж ажиллана. Энэ хүрээнд, газрыг нь үнэгүй олгох, эрчим хүч татах, худаг ус шинээр гаргах, дэд бүтцийг нь шийдэж өгөхөд аймгийн зүгээс ирэх дөрвөн жилд анхаарна.

Нийгмийн асуудал дээр онцгой анхаарах шаардлага их байна. Зорилтот бүлэгт нийгмийн халамж, үйлчилгээг хүргэх нь чухал. Нийгмийн салбарт цаг үеэ олсон шийдвэр гаргаж, түүнийгээ хүргэж ажиллана гэсэн зорилготой байгаа. Энэ хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настан, хүүхэд, өрх толгойлсон эцэг, эхчүүд бүгд багтана. Үүнд чиглэсэн арга хэмжээг зохион байгуулна. Дан ганц төсвийн санхүүжилтийн хүрээнд бус олон улсын байгууллагын дэмжлэг, туслалцааг авч онцгой анхаарал хандуулах учиртай. Ингэж ажиллах шаардлага ч бидний өмнө тулгарч байна.


-Аймаг өөрийн өрсөлдөх чадвараа хэрхэн сайжруулах вэ?
-Аймгийн өрсөлдөх чадвар салбар бүрт харилцан адилгүй байгаа. Манай аймаг өрсөлдөх чадварын зарим үзүүлэлтээр тэргүүлж байгаа бол зарим нь доогуур байх жишээтэй. Өрсөлдөх чадвар гэдгийг амьдрах чадвар гэж ойлгож байгаа. Үүнийг тодорхой хэмжээнд урагшлуулсан дөрвөн жил болно гэж бодож байна. Ирэх дөрвөн жилийн хугацаанд боловсролын салбарын чанарыг сайжруулахаар төлөвлөж байгаа. Энэ нь үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт ч багтсан. Сургалтын чанар, ур чадвараар урагшаа ахисан дөрвөн жил байна гэж харж байгаа. Бидний зүгээс өрсөлдөх чадвар болон бусад олон улсын судалгаа, шинжилгээнд тулгуурлан мөрийн хөтөлбөр, бодлогын чиглэлээ гаргасан.

-Гадаад хамтын ажиллагаагаа хэрхэн өргөжүүлэхээр зорьж байна вэ?
-Гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь чухал. Олон улсын 30 орчим байгууллагын төлөөлөлтэй уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцсэн. Тодорхой төслүүдээ зарим байгууллагад хүргэсэн. Тухайлбал, Азийн хөгжлийн банкинд гурван гол төслөө танилцуулсан. Мөрөн хотынхоо цэвэрлэх байгууламжийн асуудлыг шийдвэрлэх шаардлага бий. Үүнийг шийдэж чадсанаар үйлдвэрлэл, үйлчилгээ, ажлын байр нэмэгдэх ач холбогдолтой. Мөн аймгийн төвийн оршин суугчдын цэвэр, бохир усны асуудлыг шийдэх төслөө хүргүүлсэн. Аялал жуулчлалын тулгуур бүс нутгийн хувьд энэ байдалд анхаарал хандуулахаас аргагүй байгаа. Эдгээр ажлаас гадна залуучууд руу чиглэсэн төслийг Азийн хөгжлийн банкинд өгсөн.
» Нийгмийн асуудал дээр онцгой анхаарах шаардлага их байна. Зорилтот бүлэгт нийгмийн халамж, үйлчилгээг хүргэх нь чухал.
» Аймгийн өрсөлдөх чадвар салбар бүрт, харилцан адилгүй байгаа.
» Орон нутгийн зүгээс иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх зорилгоор боломж, бололцоог эрэлхийлж байна. Энэ хүрээнд цөөнгүй ажил төлөвлөн ажиллаж байгаа. Үүний нэг нь мах экспортлох.
-Хатуу дэд бүтэц хөгжиж, аймаг, нийслэл хоорондын зам харгуй сайжирч байгаа. Үүнтэй холбоотойгоор дотоодын жуулчлал хөгжих болсон. Үүний гол маршрут нь Хөвсгөл. Та бүхний зүгээс аялал жуулчлалын салбарт ямар бодлого баримталж ажиллах вэ?
-Манай аймаг бол аялал жуулчлалын гол бүс нутаг. Энэ утгаараа жуулчдын хөл хөдөлгөөн ихтэй байдаг. Тиймээс Хөвсгөл аймаг ирэх онуудад ч аялал жуулчлалаар орлогоо нэмэгдүүлнэ. Дотоодын аялал жуулчлал хөгжиж байгаа нь сайн талтай. Бидний зүгээс хэрэгжиж байгаа хууль, тогтоомж, стандартыг тус салбарт мөрдүүлж, аялал жуулчлалыг тууштай хөгжүүлэхийн төлөө ажиллана. Хөвсгөлчүүдийг өөрсдөө аялал жуулчлалын орлогоо бүрдүүлэх тал дээр тодорхой ажилладаг болгоно. Аялал жуулчлалын орлого орон нутагт үлдэх, ажлын байр бий болгоход анхаарах хэрэгцээ, шаардлага бий. Орон нутагтаа аялал жуулчлалыг идэвхтэй хөгжүүлэхээр төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэхээр зорьж байгаа.

-Засаглалын чанарыг сайжруулах хүрээнд ямар ажил хийхээр төлөвлөж байгаа вэ. Энэ талаар сонирхуулаач?
-Залуу гэр бүлээ дэмжих, залуучуудынхаа боловсрол, мэдлэг, ур чадварт анхаарах шаардлага гарч байна. Засаглалаа сайжруулах бодлогын хүрээнд төрийн албанд ажиллаж байгаа залуучуудын ур чадварыг нэмэгдүүлэх, сургах тал дээр анхаарал хандуулж байгаа. Урсгалаараа бус, өөрсдөө сэтгэдэг, бүтээмж өндөр байх нь чухал. Тиймээс залуучууд болон залуу гэр бүлээ дэмжинэ. Энэ хүрээнд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт нэлээд ажил төлөвлөсөн. Аймгийн Засаг даргын ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрөө “Хөгжлийн хөтөч” нэртэйгээр боловсруулж, хэрэгжүүлэн ажиллаж байна.

-Танай аймагт ямар мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай бас илүүдэлтэй байгаа вэ?
-Орон нутагт эрэлт, хэрэгцээтэй байгаа мэргэжлээр суралцахыг залуучуудад уриалж байгаа. Тухайлбал, манай аймагт эмч, дуу хөгжим болон дүрслэх урлагийн багш хэрэгтэй байна. Цаашдаа нарийн мэргэшсэн мэргэжлийн хэрэгцээ, шаардлага гарч байгаа. Тодорхой төлөвлөгөө гаргаж, орон нутгийн зүгээс гадаад, дотоодын их, дээд сургуульд нутгийн залуусаа сургах, дэмжих тал дээр ач холбогдол өгч байна.
САНАЛ БОЛГОХ