Зиданы баг “Барса”-д хожигдох дургүй

Спорт

Хоёр багийн өмнөх тоглолтыг дэлхий дахинд 150 сая хүн шууд үзэж сонирхсон

Өнгөрсөн бямба гарагийн үдэш спортын хорхойтнуудын анхаарал Испанийн Барселона хот руу хандаад байлаа. Учир нь энд Испани төдийгүй дэлхийн хоёр шилдэг баг нүүр тулсан юм. “Реал Мадрид”, “Барселона” гэсэн өнө эртний баялаг түүхтэй, хүчирхэг хоёр багийн өрсөлдөөн олны анхаарлыг үргэлж татсаар ирсэн. Энэ удаа ч урьдын адил байлаа.

Тэдний өрсөлдөөний хэр чухлыг ойлгуулахын тулд хэдэн тоо баримт сонирхуулья. Хоёр багийн өмнөх халз дуэлийг дэлхий дахинд 150 сая хүн шууд үзэж сонирхсон нь “Супер боул”-аас 40 саяар илүү гэсэн үг. Форбс сэтгүүл дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгийн багуудыг жагсаахад тэд нэг, хоёрт бичигдсэн. Мөн хоёр баг зөвхөн тоглогчдын цалинд нэг жилийн хугацаанд бараг 1.4 тэрбум евро зарцуулдаг юм. Хоёр багийн лидерүүд болох Л.Месси, К.Роналду нар сүүлийн долоон жилийн турш дэлхийн шилдэг хөлбөмбөгчнөөр ээлжлэн шалгарсан, тэд сүүлийн 12 жилийн 11-д нь улсынхаа аварга цолыг ээлжлэн хүртсэн, энэ хоёр баг сүүлийн гурван жил Аваргуудын лигийн түрүүг бусдад алдаагүй гээд тоглолтод хачир нэмэх баримт олон. Мөн хоёр багийг Феррари болон Ламборжини тансаг зэрэглэлийн машинтай зүйрлүүлэх нь ч бий.

Гэхдээ энэ бүхнээс илүүтэй “Эль Класико”-г (тэдний хоорондын тоглолтыг ийн нэрлэдэг) алдартай болгосон зүйл нь өрсөлдөөний түүх. “Барселона”-гийн өлгий нутаг каталончууд өөрсдийгөө тусгаар улс гэж үздэг, үүнийхээ төлөө үеийн үед тэмцсээр ирсэн. Харин 1940-өөд онд засгийн эрхэнд гарсан генерал Франко каталончуудын өөртөө засах эрхийг нь хүчингүй болгож, цэргийн харгис дэглэм тогтоож, тун ч их хядлага үйлдсэн байдаг. Тэрбээр “Реал”-ыг дэмждэг байсан тул “Барселона”-г үзэн ядаж, тэднийг доош нь дарахын тулд зүйл бүрээр оролддог байв. Чухам энэ үеэс хойш хоёр багийн өрсөлдөөн дээд цэгтээ хүрч, спортоосоо халиад улс төрийн шинжтэй болжээ. Тэд улирлын эцэст нэгнийхээ дээр л гарч байвал цом хүртэхгүй байсан ч хамаагүй гэж үзнэ. Ийм онцгой багуудын тулааныг хөлбөмбөгийн хорхойтнууд хоног тоолон хүлээхээс ч аргагүй. Тэд өмнө нь албан ёсны тэмцээнд 231 удаа халз тулахад “Реал” 93, “Барса” 90 удаа хожиж, 48 тоглолтод эвийн гэрээ байгуулжээ.

» Хоёр баг зөвхөн тоглогчдын цалинд нэг жилийн хугацаанд бараг 1.4 тэрбум евро зарцуулдаг.
» “Реал” З.Зиданы удирдлагад очсоноос хойш заналт дайсандаа хожигдоогүй явна.
» Рамос тэнцээний гоол оруулж, гол баатар болсон ч төвийн хагас хамгаалагч Л.Модрич түүнээс дутахгүй үүрэг гүйцэтгэсэн.
Мэдээж “Эль Класико” бүхэн чухал ач холбогдолтой. Харин энэ удаа “Барса”-гийнханд дарамт илүү их байсан болов уу. Юуны өмнө тэд гэртээ тоглож байгаа. Мөн лигт гол өрсөлдөгчөөсөө зургаан оноогоор хоцорч буй. Хэрэв талбайдаа дийлдвэл зөрүү ес болон холдож, гүйцэх найдлага улам багасна гэсэн үг. Мөн өмнөх уулзалтад тэд талбайдаа 2:1-ээр ялагдсан нь каталончуудыг улам хурцалж байв.

“Реал”-ын хувьд сүүлийн дөрвөн жил дараалан дотоодын лигтээ аваргалж чадаагүй. Харин энэ удаа “Барса”-гийн талбайд хожигдохгүй бол онооны зөрүүгээ хадгалж, аваргалах замдаа алхам дөхөх байлаа. Тэд бүх тэмцээнийг оролцуулаад сүүлийн 33 тоглолтын турш ялагдаагүй нь хөгжөөн дэмжигчдэд итгэл төрүүлж байв. Гэхдээ гол тоглогчдын нэг Г.Бейл гэмтлийн улмаас тулааныг өнжихөөр болсон нь тэдэнд базаахгүй мэдээ болжээ.

Тоглолт намдуухан эхэлсэн. “Барса” бөмбөгийг илүүтэй эзэмшиж байсан ч гоол оруулах хэмжээний аюултай довтолгоо өрнүүлж чадсангүй. Энэ завсар “Раел” хэд хэдэн чанартай сөрөг довтолгоо хийж, багийн лидер Роналду эсрэг багийн хаалгачийг хоёронтаа шалгаад амжлаа. Харин хоёрдугаар үе эхлээд удаагүй байхад “Барса” хүсэн хүлээсэн гоолоо оруулж чадав.


Стандартаас дамжуулсан Неймарын бөмбөгийг Суарес оновчтой мөргөн гоолын салхийг хагаллаа. Түүнийг хамгаалах ёстой байсан Варан үүргээ хангалтгүй биелүүлсэн нь ийнхүү гоол болж хувирсан. Үүний дараа Неймар хамгаалагчийг дарж хуураад хаалгачийн эсрэг ганцаар гарсан ч хөндлөвч давуулан цохиж орхив. Хэрэв энэ гоол орсон бол тулааны хувь заяа ерөнхийдөө ойлгомжтой болох байлаа. “Барса”-гийнхан сайхан боломж алдсаныхаа горыг тоглолтын сүүлийн минутад амсах хувьтай байж. Үндсэн цагийн эцсийн минутад “Реал” стандарт цохилт гүйцэтгэх эрхтэй болж, зүүнээс дамжуулсан бөмбөгийг багийн ахлагч С.Рамос онож мөргөснөөр тооны харьцаа тэнцлээ. Рамос өмнө нь хэд хэдэн чухал тоглолтод хожигдож явсан багаа аварсан удаатай. Энэ тоглолтод ч багийн ахлагч хүн ямар байдгийг харуулж, хүнд хэцүү тулааны эцсийн цэгийг тавьсан юм. Ийнхүү хоёр баг 1:1-ээр тэнцсэнээр зургаан онооны зөрүү хэвээр үлдэж байна. Мөн “Реал” Зиданы удирдлагад очсоноос хойш заналт дайсандаа хожигдоогүй явна.

Хэдийгээр Рамос тэнцээний гоол оруулж, гол баатар болсон ч төвийн хагас хамгаалагч Л.Модрич түүнээс дутахгүй үүрэг гүйцэтгэсэн болохыг хөлбөмбөгийн тоймчид онцлон бичиж байна. Тэрбээр эсрэг багийн гол найруулагч Иньестаг хамгаалах үүргээ гойд сайн биелүүлсэн нь “Барса”-гийн довтолгоо төвдөө тасалдах үндэс болж байв. Мөн талбайн гүнээс тоглолтыг чадварлаг удирдсан нь эцсийн үр дүнд сайнаар нөлөөлжээ.


САНАЛ БОЛГОХ