МӨРИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ШИНЖИХҮЙ

СОНГОЛТ
Сонгогчдын сонголтод намуудын мөрийн хөтөлбөр хүчтэй нөлөө үзүүлдэг

УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт болоход 15 хоног үлдээд байна. Өөрөөр хэлбэл, ирэх дөрвөн жилд төрийн жолоог хэнд атгуулах вэ гэдгийг шийдэх хугацаа ойртсоор. Тэгвэл иргэдийн сонголтод хүчтэй нөлөө үзүүлдэг нэг гол хүчин зүйл нь улс төрийн намуудын дэвшүүлж буй мөрийн хөтөлбөр, гаргаж буй бодлого юм. Энэ бол улс төрийн хүчнүүдийн сонгогчдод санал болгож буй нэр дэвшигчдээс илүү анхаарал татахуйц баримт бичиг. Сонгогчид сонголтоо зөв хийхийн тулд нэн тэргүүнд тухайн намын дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрийг, түүний дараа тэрхүү мөрийн хөтөлбөрийг хэнээр дамжуулан хэрэгжүүлэх гэж байна вэ гэдгийг харж сонголтоо хийдэг. Үүнийг дэлхийн жишиг хэмээн тодорхойлж болно. Гэвч монголчуудын сонголтоо хийх дээрх шат дамжлага зарим тохиолдолд солигддог жишиг бий.


Үүнийг ч дагаад улс төрийн намууд мөрийн хөтөлбөр гэхээс илүүтэйгээр мөрөөдлийн жагсаалтыг гаргаж, сонгогчдын саналыг татахыг оролддог байв. Тухайлбал, 2008 оны УИХ-ын сонгуулиар Ардчилсан нам нэг сая төгрөг амласан бол Ардын намынхан 1.5 болгож өсгөсөн түүхтэй. Гэхдээ гол хоёр хүчний дээрх амлалт биеллээ олоогүй гэдгийг санаж байгаа байх. Тиймээс 2012 оны УИХ-ын сонгуулиар МА Н, АН-ынхан “мөнгөн амлалт авахгүй, мөрийн хөтөлбөртөө ч оруулахгүй, сонгогчдын саналыг худалдаж авахгүй” хэмээн тохиролцож, Сонгуулийн тухай хуульдаа хориглосон заалтыг хүлээлгэх хариуцлагатай нь давхар тусгасан юм. Үр дүн гарч 2012 оны УИХ-ын сонгуулийн намуудын мөрийн хөтөлбөрийг мөрөөдлийн жагсаалт биш гэдгийг судлаачид онцолсон. Үүнийг батлах нэг баримт нь 2011 онд Ардынхан намын жил гаруйн хугацаанд “Ард түмнээ сонсъё” аян зохион байгуулсан. Харин Ардчилсан намынхан “Монгол хүн 2020” хэлэлцүүлгийг орон даяар явуулж, мөрийн хөтөлбөртөө сонгогчдын саналыг тусгаадхав.

Ардчилсан намынхан экспортыг эн тэргүүнд тавьж, орлогыг хоёр дахин өсгөнө хэмээн онцолжээ. 
Харин энэ удаад улс төрийн хүчнүүд мөрийн хөтөлбөрөө Төсвийн тогтвортой байдлын тухай хууль болон Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд заасан шаардлагад нийцүүлэх ёстой. Энэ бол дэвшил гэдгийг энд онцлоё. Өөрөөр хэлбэл, намуудын мөрийн хөтөлбөр мөрөөдлийн жагсаалт болохоос сэргийлсэн арга хэмжээний нэг хэмээн тодорхойлж болно.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын эдийн засгийн өсөлт 3.1 хувьтай байна. Цаашлаад цагтаа 4.8 тэрбум ам.долларт хүрээд байсан гадаадын шууд хөрөнгө оруулалт 270 гаруй саяд хүртлээ газардаад буй. Ажилгүйдлийн түвшин түүхэн дээд хязгаарыг давж, 11.6 хувьд хүрсэн. Үүнийг дагаад улсын хэмжээнд өрхийн орлого 100 мянган төгрөгөөр хумигдсан гээд таагүй мэдээлэл, уруудсан үзүүлэлт олон бий. Тэгвэл 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөж буй гол хоёр хүчин эдийн засгийн хямралаас гарах гарцыг мөрийн хөтөлбөртөө хэрхэн тодорхойлсныг сөхөж харъя.

Ардын намынхан Мэргэжлийн Засгийн газар байгуулж, эдийн засгийг хямралаас гаргана.
Ардчилсан намынхан экспортыг эн тэргүүнд тавьж, орлогыг хоёр дахин өсгөнө хэмээн онцолжээ. Энэ утгаараа тус нам эдийн засаг, аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогуудаа мөрийн хөтөлбөрийнхөө эхэнд тусгасан байна. Ингэхдээ эдийн засгийн бүтцийг шинэчлэн олон тулгууртай болгож, 2020 онд уул уурхайн бус экспортын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж, хоёр тэрбум ам.долларт хүргэх зорилтыг дэвшүүлсэн аж. Үүнээс гадна улсын нэгдсэн төсвийн тэнцлийг алдагдалгүй байлгана хэмээн амлаадахав. Төсөв, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах хуримтлалын сангуудыг иж бүрнээр нь бүрдүүлж, хөрөнгөжүүлэх бодлого баримтлахаар төлөвлөжээ.

Харин өнгөрсөн парламентад сөрөг хүчний үүрэг гүйцэтгэсэн Ардын намынхан Мэргэжлийн Засгийн газар байгуулж, эдийн засгийг хямралаас гаргах асуудлыг чухалчилжээ. Ингэхдээ эдийн засаг, мөнгөний бодлого зэрэг асуудал өнөөдөр ямар түвшинд байгааг дүгнэж, үүнийхээ дагуу зарим шийдлийг дэвшүүлсэн байна. Тухайлбал, инфляцийн түвшинг нэг оронтой тоонд барина, төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлнэ, төсвөөс гадуурх санхүүжилтийг зогсооно зэрэг зорилтыг тавьжээ. Мөн бизнес дэх төрийн дарамт, шахалтыг багасгахын зэрэгцээ тусгай зөвшөөрлийн тоог гурав дахин цөөрүүлнэ хэмээн мөрийн хөтөлбөртөө тусгасан байна. Үүнээс гадна импортыг орлох гол 100 нэрийн бараа бүтээгдэхүүнийг Монголдоо үйлдвэрлэх “21:100” хөтөлбөрийг аймаг бүрт хэрэгжүүлнэ. Үүний зэрэгцээ жилд 1,5 тэрбум төгрөгөөс бага орлоготой аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нэг хувь болгон бууруулах бодлого баримтлахаа амласан байна.

Б.Даваатогтох
@datoZGM


САНАЛ БОЛГОХ