Үргүйдлийн учиг

Эрүүл мэнд

Үрэвслийн улмаас нэгэнт бүрэлдсэн ураг өсөлтгүй болох аюултай

“Авах ёстойгоо авсан мэт жил бүр БЗХӨ-өө эмчлүүлэхээр ирдэг эрчүүдийн тоо буурахгүй байна. БЗХӨ-өөр өвчлөгсдийн тоо арваад жилийн тэртээ ямар байсан, яг тийм тааруу үзүүлэлттэй хэвээрээ л байна. Үүнээс дордоно гэж байхгүй байх” хэмээн эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн “Цэ Пү” эмнэлгийн их эмч Ц.Ариунбаяр ярив. Бүр 14-15 настай өсвөр насны хөвгүүд хүртэл ирдэг нь бараг хэвийн үзэгдэл аж.

БЗХӨ-ий улмаас эрэгтэй хүн насан туршдаа үр удмаа үлдээх чадваргүй болох аюултай. Учир нь БЗХӨ тусаад хагас жил болоход л үрийн суваг нь битүүрдэг. Манай улсад төдийгүй дэлхий нийтэд эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг нь үргүйдэл. Олон улсад таван гэр бүл тутмын нэг нь үр удмаа үлдээж чаддаггүй гэх судалгаа бий. Харин манай улсад өлгөөд авах олигтой судалгаа огт хийгээгүй. Үндсэндээ монгол эрчүүдийн үр тогтоох чадвар, эр бэлгийн эс хэр зэрэг эрүүл байгаа талаарх ойлголт эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн тоотой хэдхэн эмнэлгээр л хязгаарлагдаж байна.

Гэтэл хосуудын үргүйдлийн шалтгаан нь эрэгтэй, эмэгтэй хүнээс ижил тэнцүү хамаардаг. Үүнийг ч мэргэжлийнхэн анхааруулаад багагүй хугацаа өнгөрөв.

Бидний хэрэглэж буй хоол хүнс, орчны бохирдол, амьдралын хэв маяг, амин дэмийн дутагдал гээд эр хүний үр тогтоох чадварт сөргөөр нөлөөлөх маш олон хүчин зүйл бий. Үүний хамгийн ноцтой нь БЗХӨ юм. Энэ нь эрчүүдийн үргүйдэлд хэд хэдэн янзаар нөлөөлдөг байна.

БЗХӨ-ий улмаас олдмол үргүйдлийн голлох шалтгаан нь түрүү булчирхайн үрэвсэл болдог. Өвчтөнүүдийн асуумжаас үүнийг тодорхой харж болно. Өвчний вирус эр бэлгийн эсийн сүүлэн дээр очиж наалдсанаар хөдөлгөөнийг нь хязгаарладаг аж. Тиймээс сэлэх чадваргүй болсон эр бэлгийн эсийн өндгөн эсэд хүрэх чадварт үлэмж саад болдог байна.

Эмэгтэйчүүдийн эмч нар нөхрийг нь үзээгүй байж дур мэдэн эм бичиж өгдөг
Хэнэггүй байдлын улмаас үүсдэг өөр нэг эрсдэл нь БЗХӨ-ийг дутуу болон оройтож эмчилснээр түрүү булчирхай үрэвсдэг. Түрүү булчирхай уг нь эр бэлгийн эсийн амьдрах орчин, хоол тэжээлийг бүрдүүлдэг, шингэн ялгаруулах үүрэгтэй эрхтэн. Харин үрэвслийн улмаас энэхүү шингэний найрлага өөрчлөгддөг байна. Ингэснээр эмэгтэй хүний умайд тодорхой хугацаагаар амьдарч, өндгөн эсэд хүрэх үүрэгтэй эр бэлгийн эс хоол тэжээлгүй болж, үхдэг байна.

БЗХӨ бас төмсөгний үрэвсэл үүсгэдэг аюултай. Энэ нь үргүйдэлд хүргэх өөр нэг шалтгаан. Үрэвслийн улмаас эр бэлгийн эс гадагшлах сүв битүүрдэг. Тиймээс эр бэлгийн эсгүй үрийн шингэн гадагшлах нөхцөл үүсдэг.

Үрэвсэл бидний бодсоноос ч хөнөөлтэй үзэгдэл. Учир нь үрэвсэлтэй удаан явснаар нэгэнт бүрэлдсэн ураг өсөлтгүй болох, зулбах, жирэмслэлт савны гадуур тогтох зэрэг аюул нүүрэлдэг байна. Өөрөөр хэлбэл, үрэвслийн улмаас эрэгтэй хүний биед исэлдэлт явагдаж, эр бэлгийн эсийн удмын мэдээллийн программыг гажуудуулдаг. Программчлалын алдаатай эр бэлгийн эсээр тогтсон жирэмслэлт байгалийн жамаараа таслагддаг буюу дээрх үр дагаврууд бий болдог байна.

Мэргэжилтнүүдийн зөвлөж буйгаар ийм явдал тухайн гэр бүлд давтагдаад байвал нөхрийг заавал шинжлүүлэх ёстой аж. Гэтэл манайд зөвхөн эмэгтэйчүүд л эмнэлгээр улаа эргэтэл явдаг нь нууц биш. Энэ буруу жишгийн бас нэг аюул нь эмэгтэйчүүдийн эмч нар нөхрийг нь үзээгүй байж дур мэдэн эм бичиж өгдөг явдал. Өвчтөнийг үзээгүй, шинжлээгүй байж онош тавьж, эмчилгээ бичиж өгнө гэдэг байж боломгүй алдаа гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байна.

Нөгөөтэйгүүр эрэгтэйчүүдийн үргүйдлийн эмчилгээ эмэгтэйчүүдийнхээс огт өөр, нарийн төвөгтэй байдаг аж. Ямар өвчин авсан нь нэг шинжилгээгээр бүрэн илрэх боломжгүй. Өндөр хөгжилтэй орнуудын боломж ч гэсэн ийм л хэмжээнд байгаа аж.

ЗГМ: Тодруулга
Аминдэмийн дутагдал үр тогтоох чадварт сөргөөр нөлөөлдөг

"Цэ Пү" эмнэлгийн их эмч Ц.Ариунбаяраас дараах тодруулгыг авлаа. -Үр хүүхэдтэй болж чадахгүй байгаа шалтгааны хэчнээн хувь нь эрчүүдийн үргүйдэлтэй холбоотой вэ?

-Гэр бүл дэх эрчүүдээс шалтгаалсан үргүйдэл 20 хувь гэж үздэг байсан ойлголт одоо өөрчлөгдөж байна. Үргүйдэл бол одоо дэлхий даяар 50:50 хувийн хамааралтай болж байна. Үр тогтоох чадварт эрчүүдийн оролцоог маш бага үнэлдэг байсан бол одоо нэмэгдэж байна гэсэн үг. Чанартай эр бэлгийн эс ирэхгүй бол үр тогтох явц мууддаг юм байна шүү дээ. -БЗХӨ-өөс өөр ямар шалтгаан байдаг вэ?
-Сүүлийн үед "Омега 3" тосны дутагдал нь үр тогтоох чадварт сөргөөр нөлөөлдөг нь батлагдсан. Ийм тосны дутагдлын улмаас эр бэлгийн эс өндгөн эсийн хальсыг нэвтлэх чадвар нь мууддаг. Мөн манай эмчилгээний практикт Д аминдэмийн дутагдлыг нөхөхөд илүү анхаарч байна. Д амин дэм нь бэлгийн үйл ажиллагаа, үр тогтоох чадвар хэвийн явагдах гол нөхцөл болох дааврын үндсэн түүхий эд болдог. Харамсалтай нь манайд Д аминдэмийн дутагдал их байна.

-БЗХӨ-ийг бүрэн гүйцэд оношилж чадаж байгаа юу?
-Эрчүүдийн туссан БЗХӨ- ийг илрүүлэх шинжилгээ гэж байдаггүй. Харин шинжлэхэд хэрэг болдог цөөн хэдэн арга бий. Цусны, молекул биологийн, түрүү булчирхайн үрэвслийн гээд олон төрлийн шинжилгээ хийж байж илрүүлдэг. Илрүүлэлт нь 30-90 хувь. Хугацаа алдсан, эмээ дутуу уусан зэргээс шинж тэмдэг нь дарагдсан байвал илрүүлэхэд бүр хэцүү.

-БЗХӨ-ийг бүрэн эмчлэхэд хэр зэрэг хугацаа орох вэ?
-БЗХӨ-ий үед нэг эмийг 1-6 сар хүртэлх хугацаагаар уудаг. Гэтэл эмэгтэйчүүдийн эмч нар 7-14 хоногийн антибиотик бичиж өгч байгаа нь өвчний шинж тэмдэг дарагдахаас авахуулаад дараа дараагийн эмчилгээнд маш том саад болдог. Үүнээс болж бүтэн жил зууралдаад ч эдгэхгүй байгаа өвчтөн олон байна.

-Бид нэгэнт орчноо хянаж чадахгүй байна. Тэгвэл үргүйдлээс хэрхэн сэргийлэх вэ?
-Юуны түрүүнд БЗХӨ авахгүй л байх ёстой. Авсан бол цаг алдалгүй эмчлүүлж, эмчилгээний дараа заавал ирж хяналтад хамрагдах ёстой.

-Эмчилгээ хийлгээд бүрэн эдгэх магадлал хэдэн хувь бэ?
-Шинжлэх ухаан БЗХӨ-ийг 100 хувь илрүүлэх хэмжээнд хөгжөөгүй байна. БЗХӨ-ийг төгс эмчлэх нь бүх л эмчийн толгойн өвчин. Гэтэл манайхан баахан эмчилгээ хийлгэж байгаад л дуусгалгүй алга болчихдог. Миний ч, өөрийнхөө ч хөдөлмөрийг үрэн таран хийж байгаа нь энэ.

-Өсвөр насандаа бэлгийн замын өвчин авбал насан туршдаа үргүй болох аюултай гэдэг. Энэ хэр ортой вэ?
-Монголд бол БЗХӨ-ий улмаас үрийн суваг нь битүүрэх магадлал маш өндөр. Маш сайн эмчлэхгүй бол үргүй болно гэсэн үг. Үрийн сувгийг нээх хагалгааг 100 хувь баталгаатай хийх эмнэлэг Монголд байхгүй. Боломжтой нь гадагшаа явж хийлгэдэг. Зарим нь үр шилжүүлэн суулгадаг. Гэхдээ энэ арга бол 30 хүртэлх хувийн магадлалтай. Үр тогтлоо гэхэд төрөх магадлал бас 25 хувь.

-Танай эмнэлэгт санаачилгаараа ирдэг эрчүүд хэр олон бэ?
-Цөөхөн дөө. Эхнэр нь ихэвчлэн дагуулж ирдэг. Ирмэгцээ өөрт нь асуудал байгааг хэлээд ч хүлээн зөвшөөрдөггүй. Шинжилгээний хариу нь өвчтэй гарсан байхад л гүрийгээд байдаг. Эсвэл, эхнэр гадуур явж байгаад өвчин авсан гэх мэтээр өөрийгөө хамгаалж, бусдыг буруутгах нь их. Ийм хандлагатай хүмүүст эмчилгээ хийхэд үр дүн нь хүртэл олигтой гардаггүй.
САНАЛ БОЛГОХ