Намын даргын хэлсэн үг тэгтлээ жин дарсангүй гэж чамлах гишүүн олон таарч байна
УИХ болон орон нутгийн сонгуульд ялагдал хүлээсэн Ардчилсан нам өөрсдөдөө дүгнэлт хийж, намаа шинэчлэхээр Их хурлаа хуралдуулав. Дөрвөн сарын өмнө товлосон Их хурал өнөөдөр өндөрлөх бөгөөд үндсэн дүрмээ шинэчилж, энэ хүрээнд нээлттэй, ил тод, бодлогын улс төрийн хүчин болохоор зорьж буй.
Сонгуулийн дүн гарсан цагаас л Ардчилсан намд шинэчлэл хийх хэрэгтэйг намын удирдлага, гишүүд дэмжигчид төдийгүй жирийн иргэд ч анхааруулсан. Тухайлбал, Ардчилсан намыг үүсгэн байгуулалцсан Э.Бат-Үүл, Б.Батбаяр, Да.Ганболд нар уриалга гаргаж, намаа яг л хуучны улс төрийн товчоо шиг хаалттай байгааг шүүжилсэн удаатай.
Тэд энэ намд нэгдэж, эх орныхоо хөгжлийн төлөөх үйл хэрэгт хүч нэмэрлэе гэх залууст хаалт тавьдаг, ардчиллын зарчмаас аажмаар ухарсан нам болсон гэдгийг онцолсон билээ. Мөн намын гишүүд нь дуртай зүйлээ ярьдаг, намынхаа нэр хүндийг сэвтээх элдэв мэдэгдэл хийхийн зэрэгцээ талцаж, хуваагддаг зэрэг асуудлыг ч бас дүрмийн дагуу тодорхой болгох ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн.
Үүнээс гадна дүрмийн шинэчлэлээр үзэл баримтлалаа тодотгож, нээлттэй, ил тод болгохын хамт хариуцлага, сахилга батыг ч бас сайжруулах ёстой гэсэн хүлээлт намын гишүүд, дэмжигчдэд бий.
Товчхондоо, энэ удаагийн Их хурлаас гарах бодлого, шийдвэр Ардчилсан намын цаашдын өнгө төрхийг тодорхойлж, үйл ажиллагааг чиглүүлэх “луужин” болох тул хүлээлт өндөртэй байгааг онцолъё. Учир нь энэ намын дүрмээр удирдах дээд байгууллага нь Их хурал. Их хурал нь намын бодлогын ямар ч асуудлыг хэлэлцэж болох бөгөөд өөрийн онцгой бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэхээр заасан асуудалд нь намын дүрэм, мөрийн хөтөлбөр, тэдгээрт нэмэлт, өөрчлөлт оруулах, намын даргыг сонгох зэрэг багтах тухай заалт дүрэмд нь байдаг. Тэр утгаараа энэ удаагийн Их хурлаар намынхаа дүрэмд салхи оруулах, үзэл баримтлалаа шинэчлэх зэрэг суурь өөрчлөлтүүдийг хийхээр төлөвлөсөн нь анхаарал татаж байгаа юм.
Тэгвэл Их хурал намын дарга З.Энхболдын илтгэлээр эхлэв. Тэрбээр илтгэлдээ Ардчилсан намын сонгуулийн ялагдлын шалтгааныг тодорхойлсон. Ингэхдээ Ардчилсан нам цаг үргэлж ачааны хүндийг үүрч ирснийг онцлоод өнгөрсөн дөрвөн жилд эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байсан. Мөн гүжир гүтгэлэг, царцааны нүүдэл, Сонгуулийн хуулийн өөрчлөлт зэрэг нь Ардчилсан намд таагүй мэдээ дуулгахад хүргэсэн гэлээ. Намын даргын хэлсэн үг тэгтлээ жин дарсангүй гэж чамлах гишүүн олон таарч байна. Учир нь сонгуулийн ялагдлын шалт гааныг тодорхойлох дорвитой судалгаа байхгүй учир бусдаас алдаа эрсэн хэмээн хурлын зарим төлөөлөгч шүүмжлэлтэй хандсан юм. Онцлоход, Ардчилсан намын даргын нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай ажлыг аваад хоёр жил ажиллахдаа намдаа шинэчлэлт, өөрчлөлт хийхийг эрмэлзэж, олон ажил эхлүүлэх оролдлого хийсэн ч олонхын дэмжлэг авч чадаагүй гэдгийг З.Энхболд илтгэлдээ тодотгов.
» Дүрэмгүй нам дураараа дургиж, уруудаж байгаагийн тод жишээ Ардчилсан нам боллоо гэсэн шүүмлэл.
» Ардчилсан нам төрийн эрх барих тамгыг гартаа атгасан үед сайд, дарга нарыг томилохдоо ҮЗХ-ны гишүүдэд давуу боломж олгож байгааг дүрэмдээ хязгаарлах ёстой.
» Ардчиллын төлөө зүтгэсэн намын жирийн гишүүд, дэмжигчдийн үзэл бодол, итгэл үнэмшлийг яагаад ингэж утга учиргүй болгож байгаа юм бэ гэсэн гишүүдийн үг Их хурлын танхимаас сонсогдох.
Хурлын үеэр хийсэн хамгийн хурц мэдэгдэл бол намын экс дарга Н.Алтанхуягийнх байжээ. Тэрбээр Ардчилсан нам ялагдсан биш тус намыг ялагдуулсан зохион байгу ула лт тай ажиллагаануудыг нэрлэсэн байна. “Улаанбаатарт байгаа хэдэн дарга юм уу, хэдэн УИХ- ын гишүүнээр Ардчилсан намыг төсөөлөхөө болих хэрэгтэй. Ард гэдэг бол ард түмнээс үүдэлтэй, Ардчилсан намын мянга мянган гишүүнээс, тэдний дэмжигчдээс бүрддэгийг бид мартаж байна. Дарга болохоороо чих нь дүлийрч, нүд нь юм харахаа больж байна. Бидний алдаа энэ. Манай нам нэг хүнээс, хоёр хүнээс хамаардаггүй нам болох ёстой. Гишүүдээсээ намын даргаа сонгох ёстой. Гүйцэтгэх зөвлөлийн хорин хэдэн гишүүнээс чинь эхлээд шоронд хийгээд байна. Нэг нэгнээ ээлжээр дарамтлуулаад, төмсөгдүүлээд байсаар байх юм уу. Бид нэг байж чадвал Ардчилсан нам хүчтэй байна. Хамтаръя, нэгдье, ялъя, дийлье” гэжээ.
Түүний хэлсэн үг жин дарсан, үндэслэлтэй байсан гэдгийг хурлын зарим төлөөлөгч онцлоод, энэхүү үг энэ намтай хувь тавилангаа холбож зүтгэсэн мянга мянган гишүүний дотоод сэтгэлийн үг байсан хэмээн тодотгов.
Санал шүүмжлэл үүгээр дууссангүй. Ардчилсан намыг үүсгэн байгуулсан түүхэн дөрвөн хөдөлгөөнийхөн саналаа хэлэхийн зэрэгцээ намынхаа удирдлагуудад хатуухан шүүмжлэл өгөөдөхөв. Тухайлбал, дүрэмгүй нам дураараа дургиж, уруудаж байгаагийн тод жишээ Ардчилсан нам боллоо гэсэн шүүмлэл. Уг нь тус нам дүрэмтэй гэдэг боловч улс төрийн идэвхтэй гишүүд нь хоорондоо “зодолддог”, дүрмийн бус тоглолт хийдэг байсныг дүрэмгүй гэж хэлэхээс өөр арга байхгүй байсан гэж хэлж болно. Үүний гол буруутан нь ҮЗХ-ны гишүүд бөгөөд ивээн тэтгэгчийн төлөө санал өгч, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ худалдсан гэлээ.
Хэдийгээр Их хурлын эхний өдөр намын удирдлага, мөн авч хэрэгжүүлсэн бодлого шийдвэрт санал шүүмжлэлээ хэлсэн ч зарим гишүүн дүрмийн төслийн талаар байр сууриа илэрхийлж, тусгах саналаа ч давхар хэлсэн. Тодруулбал, намын дарга УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг тодруулж байгааг буруутгаад эрх ямбыг тодорхой хүрээнд хязгаарлах ёстой гэв. Гэхдээ намын даргын албан тушаалаасаа буусан ч дараагийн удирдлагуудтай хамтарч ажилладаг байх тогтолцоог нэвтрүүлэх ёстой гэлээ. Мөн Ардчилсан нам төрийн эрх барих тамгыг гартаа атгасан үед сайд, дарга нарыг томилохдоо ҮЗХ-ны гишүүдэд давуу боломж олгож байгааг дүрэмдээ хязгаарлах ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн. Харин дүрмийн төсөлд татвараа нэмэхээр тусгасан байгааг эрс буруутгаж, төлсөн татвар, хандиваар нь эрэмбэлж байгааг хориглох ёстойг намын ахмад гишүүд санууллаа.
Үүнээс гадна дүрмийн төсөлд намын дотоод сонгууль буюу ротаци явуулахаар тусгасан байгаад шүүмжлэлтэй хандав. Анх 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө тус намын ҮЗХ гэнэт хуралдаж, намын дотоод сонгууль буюу ротаци явуулахыг хориглосон. Шалтгаан нь фракцуудын тэмцлийн талбар, хөрөнгө хүчээ зарцуулдаг гишүүдийг хэд хэд хувааж тарамдуулдаг хэмээн үзсэнтэй холбоотой юм. Нөгөөтэйгүүр, Ардчилсан намын нэр дэвшигч өрсөлдөгчийнхөө өмнө очихоос урьтаж, өөрсдийнхөө өмнө өвдөг шороодоход хүрээд байгааг ҮЗХ-ны гишүүд шүүмжилж, дээрх шийдвэрийг гаргасан. Тэгвэл дотоод сонгуулийг өнгөрсөн парламентын үеэс л намын зарим гишүүн үгүйлж эхэлсэн. Тодруулбал, Ардчилсан нам засгийн эрх барьж байх үед албан тушаалын “бялуу”-наас хүртэж чадаагүй гишүүд дотоод сонгууль явуулж, цус сэлбэх шаардлагатай байгааг үе үехэн хэвлэлээр дайн илэрхийлж байсан юм. Тэдний гоморхол ч намын ялагдлын нэг шалтгаан болж тодорхойлогдсон тул шинэчлэлийн хүрээнд дотоод сонгуулийг сэргээхээр төсөлд тусгасан байна. Өөрөөр хэлбэл, ротацигүй болсноор үзэл бодлоор бус, мөнгөөр шийдвэрлэгддэг ҮЗХ-ны гишүүн хэмээх нэр зүүдэг явдал байхгүй болно гэж үзэж байсан Ардчилсан намын гишүүд гаргасан шийдвэрээ ийнхүү эргэж харсан байна.
Хэдийгээр Их хурлаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг ҮЗХ-ноос баталсан ч зарим төлөөлөгч намын даргыг томилох асуудлыг яаралтай хэлэлцэх санал гаргав. Ерөнхийлөгчийн сонгуулийн тов дөхөж буй өнөө үед намын даргын сунгаа явуулж цаг алдах ёсгүй гэлээ. Тиймээс намын даргыг сонгох ажлыг дараагийн Их хуралд шилжүүлэхээс илүүтэйгээр өнөөдөр эцэслэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн байна. Ямартай ч намынхаа үйл ажиллагаа, цаашдын бодлого, шийдвэрт санаа зовсон гишүүдийн санал шүүмжлэл өчигдрийн хуралдаанд голлох байр суурь эзэлжээ. Ардчиллын төлөө зүтгэсэн намын жирийн гишүүд, дэмжигчдийн үзэл бодол, итгэл үнэмшлийг яагаад ингэж утга учиргүй болгож байгаа юм бэ гэсэн гишүүдийн үг Их хурлын танхимаас сонсогдох.
АН-ын Их хурал ийнхүү халуухан өрнөж байна. Хүлээлт үүсгэсэн энэ хурал өнөөдөр шинэ дүрмээ эцэслэнэ. Харин энэ удаагийн хурлын ирцийг өнгөрсөн сард хуралдсан ҮЗХ-ныхтой харьцуулахад хангалттай гэж дүгнэж болохоор. Учир нь Э.Бат-Үүл, С.Баярцогт, Б.Болор, Д.Бат-Эрдэнэ, Р.Бурмаа, Д.Ганхуяг, Б.Наранхүү, Л.Эрдэнэчимэг нарыг эс тооцвол бусад УИХ-ын гишүүн болон экс гишүүд хуралдааны танхимд сууж харагдсан юм.