РМ2.5-ын хэмжээ хорт хавдарын эрсдэлт түвшнээс хэд дахин өндөр болов
Баримжаа алдуулам өтгөн утаа нүд халхалж, хоолой хорсговч алгын чинээ хоёр улаан уушигаа хамгаалах сэдэл бидэнд алга. Ядаж “Утаа ихтэй үед гарч болохгүй. Ойлгож байна уу” гээд ухамсрын "шанаа" өгөөд аль. Эс бөгөөс дөжирсөн чихийг онгойтол дуут дохиогоо ханги нуулж өгнө үү, дарга нар аа! Нэгэн танил маань саяхан Дубайг зориод ирэв. Буцах замдаа Бишкекээр дайрч, ямар их утаатайг нь гайхсанаа хуваалцëàà. Уг нь эндээс явахдаа Бишкек хотод саатсан ч утааг нь төдий л мэдрээгүй юмсанж. Гол ялгаа нь, Дубайн агаарын эрүүл мэндэд үзүүлэх нөлөө нь хэвийн буюу чанарын шаардлага хангадаг. Харин Улаанбаатарын агаарын чанар тэндхээс бүхэл бүтэн гурван шат доогуур. Тиймээс л танил маань буцах замдаа цээж нь бачуурч, хоолой нь хорссон нь тэр.
Агаарын олон улсын чанарын индексээр Улаанбаатарын агаар маш их бохирдолтой буюу эрүүл мэндэд аюултай түвшинд хүрсэн учраас гэрээсээ гарахгүй байхыг мэргэжлийнхэн зөвлөдөг.
Харамсалтай нь, эхүүн үнэртэй, тортогт утаандаа бид дасчихаж. Өтгөн утаагаа өрийм сөх болсныг танилын маань уушги гэрчлэв.
Гэвч үүний уршгийг бидний бие махбод, эрүүл мэнд даахгүй байна. Монгол Улсын хэмжээнд хүн амын тэргүүлэх өвчлөлд агаарын бохирдлын шалтгаант өвчлөл түрүү магнайд давхиж буйг НЭМХ-нээс шийдвэр гар гагч нар зориулсан баримтын цомогт дурджээ. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд 10000 монгол хүн тутамд ногдох амьсгалын замын болон зүрх судасны өвчлөл 2-2.4 дахин нэмэгдсэн байна. Гэвч энэ тоо буурах төлөв даанч алга. Мөн нийслэлийн хүн амын нас баралтын 9.2, уушгины хавдрын бараг 40 хувь нь агаарын бохирдлоос шалтгаалжээ.
Хамгийн аюултай нь Улаанбаатар хотын агаарын найрлагад PM2.5 буюу нарийн ширхэглэгт тоосонцор хүлцэх хэмжээнээс байнга өндөр гарч байна. Агаарын чанарын мэдээгээр арваннэгдүгээр сарын 14-20-нд нарийн ширхэглэгт тоосонцорын агууламж хүлцэх хэмжээнээс бараг дөрөв дахин өндөр байв. Гэтэл PM2.5 тоосонцорт хүлцэх хэмжээ гэж байхгүйг 2013 онд европ эрдэмтэд баталчихаж. Нэг шоо метр дэх PM2.5 тоосонцрын агууламж 10 мкг байхад л уушгины хавдартай болох магадлалыг 36 хувиар өсгөдөг аж. Харин нийслэлийн 10 цэгт байрлуулсан агаарын чанарын хяналтын цэгийн мэдээгээр дөрвөн цэгт нь РМ2.5 тоосонцрын хэмжээ маш их бохирдолтой буюу нэг шоо метрт 300 мкг-ээс дээш байна.
Ийм үзүүлэлтийг улаан өнгөөр тэмдэглэдэг. Агаарын чанарыг ингэж улаан өнгөөр илэрхийлж буй бол хүн бүрийг гадагшаа гарахыг хориглодог юм. Өөрөөр хэлбэл, иргэд гадаад орчинд маск зүүж яваад ч эрүүл мэндээ хамгаалах боломжгүй гэсэн үг. РМ2.5 бол агаар бохирдуулагч зургаан төрлийн хорт утааны хамгийн аюултай нь. Нарийн элсний ширхэгийг 36 хувааснаас ч бага хэмжээтэй уг тоосонцор наалдамхай тул агаар дахь бүхий л төрлийн хүнд металлыг тээвэрлэн, амьсгалын замаар саадгүй нэвтэрдэг аж. Гадаад орчны агаар дахь РМ2.5-ын хэмжээ нэг шоо метр тутамд 10 мкг-аар нэмэгдэхэд л зүрх судасны өвчлөлийн улмаас эмнэлэгт хэвтэгсдийн тоог 0.8 хувиар нэмэгдүүлж буйг манай О.Чимэдсүрэн нарын мэргэжилтнүүд тогтоосон. Харин иргэд амны хаалт зүүх нь бүү хэл агаарын бохирдол хоногийн аль цагт хамгийн өндөр байгааг ч мэдэхгүй байна.
Энэ талаарх зөвлөмж, мэдээлэл хүргэдэг суваг, аппликейшн, хяналтын самбарыг харах ухамсартай иргэд тун цөөхөн. Ялангуяа агаарын бохирдолд өртөх хамгийн эрсдэлтэй бүлэг болох хүүхэд, өндөр настнуудад дээрх мэдээлэл огт хүрэхгүй байна гэхэд хилсдэхгүй.
Анхааруулж хэлэхэд, засаг дөнгөж төвхнөөд буй эдгээр сард агаарын бохирдлын хор уршгаас эрүүл мэндээ иргэд өөрсдөө хамгаалахаас өөр сонголт байхгүй цаг үе ирээд байна. Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын ажлаа аваад удаагүй байгаа дарга М.Дэлгэрэх агаарын бохирдлыг бууруулах ажлыг судалгаанд үндэслэн ул суурьтай хийх хэрэгтэйг онцолсон юм. Гэхдээ судалгаа хийж, ажил хэрэг болгох гэсээр үр дүн энэ жилдээ гарахгүй гэдгийг тэрбээр ний нуугүй хэлэв. Тиймээс иргэдэд бохирдол ихтэй үед албан тасалгаа, гэр орноосоо гарахаас аль болох зайлсхийхийг ухуулах ажилд “сул” өнгөрч буй энэ жилийг зориулах хэрэгтэй мэт.
Фейсбүүкийн 40 болон 30 мянган гишүүнтэй ээж нарт зориулсан хоёр группт явуулсан бичил судалгаагаар, дийлэнх нь агаарын бохирдол ихтэй байгааг хараад л мэддэг, мэдээлэх шаардлагагүй гэж хариулав. Гэвч гэр бүлийнхээ эрүүл мэндэд нэн түрүүнд санаа тавих учиртай гэрийн эзэгтэй нар ч бохирдлын хор уршгаас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэддэггүй байна. Угтаа үр хүүхэд, өндөр настан, ойр дотнынхондоо бохирдлоос урьдчилан сэр гийлэх талаар зөвлөх сэдэл тэдэнд алга. Харин агаарын бохирдлын оргил үед дуут дохио болон түгшүүрийн гэрэл асаах зэргээр сэрэмжлүүлэх нэгдсэн арга хэмжээ авбал бусдадаа анхааруулж, дотоод орчноос гарахгүйгээр ажлаа зохицуулах боломжтой гэсэн юм.
Өнгөрсөн пүрэв гарагт болсон Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны анхдугаар хуралдаанаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нийслэлийн агаарын бохирдлыг үндэсний аюулгүй байдлын хэмжээнд тулгамдсан асуудал болсныг онцолсон. Харамсалтай нь, бохирдлын аюулаас сэргийлж, эрүүл мэндээ нандигнах ухамсар иргэдэд төлөвшөөгүй нь нэг талаар мэдээлэл сурталчилгаа хангалтгүй, оновчтой сувгаар бус, ухамсрыг нь өөрчлөх хэмжээнд хүрэхгүй байгаагийн илрэл. НЭМХ-гийн орчны бо хирдлын мэргэжилтэн Б.Болор ч өнгөрсөн хугацаанд бүх ний тийг хамарсан сэрэмжлүүлэх ажил зохион байгуулж байсныг санахгүй байгаагаа хэлсэн нь үүнийг нэг нотолгоо юм.
Гэтэл бохирдол ихтэй томоо хон хотууд иргэдийнхээ эрүүл мэндийг нандигнах шийдвэртэй алхам авч эхэллээ. Хамгийн сүүлд, Лондон хотын захирагч Садик Хан иргэдээ гадаад орчинд дасгал хийж, гүйхгүй байхыг анхааруулав. Үүний хүрээнд өнгөрсөн пүрэв гарагаас хотын автобусны 2500, метроны 270 буудал, ачаалал ихтэй авто замуудын 140 цэгт “Агаарын бохирдлын хэмжээ өндөр байна” гэсэн анхааруулга тавьж эхэлжээ. Мөн оршин суугчдынхаа эрүүл мэндийн төлөө утаа ихтэй саруудад зарим төрлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг шийдвэртэй хязгаарлах талаар санал боловсруулж буйг ч туслах нь мэдээлсэн юм.
Харин Шинэ Дели хот Хятадтай адил агаарын чанарыг дөрвөн түвшинд ангилж, шат бүрт таарсан арга хэмжээ авахаар ажиллаж байна. Өнгөрсөн баасан гарагт Энэтхэг улсын Дээд шүүхээс Делигийн Ерөнхий сайд Арвинд Кежривалын кабинетийн боловсруулсан агаарын бохирдлыг бууруулах яаралтай арга хэмжээг баталжээ.
Уг төлөвлөгөөгөөр агаарын бохирдлын аюултай түвшний үед цахилгаан станц, барилгын ажлыг тодорхой хугацаагаар зогсоож, хуурай навч, хог шатаахыг хориглож, замын тоос тортгийг цэвэрлэж байх аж. Түүнчлэн түгшүүрийн улбар шар дохиогоо асаагаад буй Хятад улс агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээгээ чангатгахаар шийдэв. Өмнө нь зөвхөн түгшүүрийн улаан дохио ассан үед зарим төрлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хяз гаарлаж, үйлдвэрүүд сул зогсолт хийдэг байсан. Харин энэ сарын 15-наас түгшүүрийн улбар шар, улаан дохионы үеэр ч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хяз гаарлахаар болов. Манайхаас 400 гаруй дахин их хүн амтай Хятад улс хүртэл иргэн бүрийнхээ эрүүл мэндийг хамгаалах ажлаа эрчимжүүлсэн нь энэ.
Бид ч мөн хавтгайрсан бус дээрх шиг тодорхой ажлууд хийж байж л агаарын бохирдолд зарцуулж буй зоос бүр үнэ цэнэтэй болох биз ээ. Ядаж л нийслэлийн хэмжээнд 60 цэгт байрласан дуут дохиог бохирдол хамгийн ихтэй бүс, цагуудыг мэдээлэхэд ашигламаар байна. Хэдий бусад оронд агаарын бохирдол хүлцэх хэмжээнээс давсан үед дуут дохио дамжуулах жишиг бараг үгүй ч Монголын хувьд байж болох хувилбар мэт санагдана.