Эрчим хүч, зам тээврийн салбарт 2017 онд хэрэгжүүлэх төслүүд

Эрчим хүч

Монгол Улсын эрчим хүч, зам, тээврийн салбарт хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг Засгийн газраас баталлаа. Жагсаалтад багтсан төслийг түлхүүр гардуулах нөхцөлөөр хөрөнгө оруулагч өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх нөхцөлтэйгөөр гүйцэтгэгчийг холбогдох хууль, тогтоомжийн дагуу шалгаруулах юм байна. 2017 онд Дулааны III цахилгаан станцын хүчин чадлыг 250 МВт-аар нэмэгдүүлэх, дулаан дамжуулах сүлжээг өргөтгөх, Чойбалсангийн дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 50 МВт-аар нэмэгдүүлэх, дулаан дамжуулан сүлжээг өргөтгөх, Багануур-Чойрын өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам, Багануурын дэд станцыг өргөтгөх, Чойрын дэд станц барих, өргөтгөх, мөн Хөшөөтийн уурхайгаас Ховд аймгийн Алтай сум хүртэлх 35 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих зэрэг төслийг эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх юм байна.

Харин Чойбалсан хотоос Хөөтийн уурхай хүртэлх 192 км төмөр зам барих, Хөөтийн уурхайгаас улсын хилийн Бичигт боомт хүртэлх 234 км төмөр зам барих, Зүүнбаян өртөөнөөс улсын хилийн Ханги боомт хүртэлх 281 км төмөр зам барих болон Нарийнсухайтын уурхайгаас улсын хилийн Шивээхүрэн боомт хүртэлх 45.3 км төмөр зам барих зэрэг төслийг зам, тээврийн салбарт хэрэгжүүлэхээр болжээ. Үүнээс Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 45.3 км төмөр замын ажлыг “Монголын Алт” компани болон нүүрс экспортлогч аж ахуйн нэгжүүдээр гүйцэтгүүлэх ажлыг эхлүүлэхээр болсон байна. Саналыг Засгийн газрын тэргүүн Өмнөговь аймгийн Гурвантэс суманд ажиллах үед аж ахуйн нэгжүүд өөрийн саналаар тавьсныг ийнхүү Засгийн газар дэмжиж ажиллахаар болжээ. Ийнхүү шинэ төмөр зам барихад Засгийн газар нэмэлт санхүүжилт гаднаас татах шаардлагагүй болж байна. Дээрх төсөл, хөтөлбөрүүдийг 2017 оны эхний улиралд багтаан гэрээ байгуулж, ажлыг нь эхлүүлэх юм байна.



САНАЛ БОЛГОХ