Төмөр зам барих дөрвөн төслийг эхлүүлнэ

Мэдээ

“Орлоготой оюутан” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боллоо

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Эрчим хүч, зам, тээврийн салбарт хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг баталлаа. Жагсаалтад багтсан төслийг хөрөнгө оруулагч өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх нөхцөлтэйгөөр гүйцэтгэгчийг холбогдох хууль, тогтоомжийн дагуу шалгаруулах юм. Дээрх төсөл, хөтөлбөрүүдийг ирэх оны эхний улиралд багтаан гэрээ байгуулж, ажлыг нь эхлүүлэх үүргийг холбогдох сайд нарт даалгав.

Энэхүү жагсаалтад Дулааны III цахилгаан станцын хүчин чадлыг 250 МВт-аар нэмэгдүүлэх, дулаан дамжуулах сүлжээг өргөтгөх төсөл болон Чойбалсангийн дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 50 МВт-аар нэмэгдүүлэх төсөл багтсан байна. Мөн Багануур-Чойрын өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам, Багануурын дэд станцыг өргөтгөх болон Чойрын дэд станц барих, өргөтгөх төслийг ч багтаасан аж. Үүнээс гадна Хөшөөтийн уурхайгаас Ховд аймгийн Алтай сум хүртэлх 35 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих төсөл хэрэгжүүлэхээр жагсаалтад оруулжээ.

Түүнчлэн төмөр зам барих хэд хэдэн төслийг уг жагсаалтад оруулсан байна. Тодруулбал, Нарийнсухайтын уурхайгаас Шивээхүрэн боомт хүртэлх 45.3 км төмөр зам барих төсөл багтав. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнгөрсөн амралтын өдрүүдэд Өмнөговь аймгийн Гурвантэс суманд ажиллах үеэрээ дээрх төслийн ажлыг ирэх хавар эхлүүлэх амлалт өгсөн юм. Ингэхдээ “Монголын Алт” компани болон нүүрс экспортлогч аж ахуйн нэгжүүдээр гүйцэтгүүлэхээр төлөвлөсөн байна.

Төмөр зам барихад нүүрс экспортлогч ААН-үүд тусална

Мөн Чойбалсан хотоос Хөөтийн уурхай хүртэлх 192 км төмөр зам барих, Хөөтийн уурхайгаас Бичигт боомт хүртэлх 234 км төмөр зам барих болон Зүүнбаян өртөөнөөс Ханги боомт хүртэлх 281 км төмөр зам барих төсөл Эрчим хүч, зам, тээврийн салбарт хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтад багтжээ.

Үүнээс гадна “Орлоготой оюутан” хөтөлбөрийг хэлэлцэж, хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг жил бүрийн улсын төсөвт тусгаж байхаар шийдвэрлэв. Оюутнуудыг суралцах хугацаанд нь цагийн ажил, хөдөлмөр эрхлэх боломж бүрдүүлэх зорилготой уг хөтөлбөрийг ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх бөгөөд хэрэгжилтийг жил бүр дүгнэх аж. Хөтөлбөр хэрэгжүүлснээр оюутнууд цагийн ажил, хөдөлмөр эрхлэх, эзэмшиж байгаа мэргэжлээрээ дадлагажих, туршлагажих, мэргэших, төгсөөд ажлын байртай болох боломж бүрдэх юм. Мөн ажил олгогчид цагийн ажил, оюутны хөдөлмөр эрхлэлтийн хууль, эрх зүйн зохицуулалттай болох зэрэг давуу тал бий болно хэмээн Засгийн газар үзэж байна.

Дашрамд дурдахад, Монголын оюутны холбоо өнгөрсөн онд их, дээд сургууль, коллеж, МСҮТ-д суралцаж буй 15 мянган оюутны дунд судалгаа явуулсан байна. Судалгаанаас үзэхэд 10 оюутан тутмын долоо нь цагийн ажил хийх сонирхолтой гэдгээ илэрхийлжээ. Оюутнууд ажил, хөдөлмөр эрхэлж цалингаа сургалтын төлбөртөө нэмэрлэх, амьжиргаандаа зарцуулах боломж бүрдэнэ.

Энэ бүхэн нь нийтийн тээврийн хөнгөлөлт, 70 мянган төгрөгийн тэтгэлгээс илүү ач холбогдолтой гэж Засгийн газар үзэж байна.

САНАЛ БОЛГОХ