Том хотуудын загварыг нутагшуулах нь чухал
Сурвалжилга
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэх зайлшгүй шаардлагатай гэв
Нийслэлд өнөөдөр 1.3 сая хүн амьдардаг ч хууль эрх зүйн хувьд төдийлэн тодорхой биш байна хэмээн шүүмжилдэг. Адаглаад л нийслэлийн иргэн ямар эрхтэй, ямар үүрэг хүлээх вэ гэдэг талаар хэн ч мэдэхгүй байгаа юм. Иймээс хотын дарга С.Батболд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах саналыг Засгийн газарт тавьсан. Өдгөө тус хуулийн төсөл бэлэн болжээ.
Энэхүү хуулийн төслийн талаар хотын удирдлагууд лхагва гарагт нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.
Хотын дарга С.Батболд “Би хуулийн төсөл өргөн барих эрхтэй хүн биш. Тиймээс Засгийн газарт санал болгосон юм. Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн үзэл баримтлалын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлсэн. Олон заалтыг шинэчлэх шаардлагатай байна гэсэн асуудлыг тавьсан. Ингээд ерөнхий санаануудыг хүлээн зөвшөөрч, гурван сайдад даалгасан байгаа. Нийслэлийн үзэл баримтлалын төслийг гурван сайд хянаад Засгийн газарт оруулах юм. НИТХ-ын төлөөлөгчид надаас “Та хууль өргөн барьсан байна. Бидэнтэй зөвшилцөх ёстой” гэсэн асуулт тавьж байсан. Энэ бол ташаа ойлголт. Санал тавьсан гэдгийг дахин тайлбарлах нь зүйтэй болов уу. Одоо бид Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд иргэд, төлөөлөгчдийн саналыг тусган Засгийн газраар хэлэлцүүлэх юм” гэлээ.
1994 онд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталснаас хойш 22 жил өнгөрчээ. Энэ хугацаанд хот өргөжин тэлж, хүн амын нягтаршил нэмэгдэж, автомашины тоо өсөж, агаарын бохирдол, замын түгжрэл гээд олон асуудалтай нүүр тулгардаг болсон. Тиймээс холбогдох хууль өнөөгийн нөхцөл байдалд нийцэхгүй, хэрэгжүүлэх бололцоогүй болсон тул зайлшгүй өөрчлөх шаардлага тулгараад байгаа аж. Нийслэл хөгжихгүй байгаа шалтгаан нь хууль эрх зүйн орчинтой холбоотой гэж хотын удирдлагуудын зарим нь үзэж буйгаа хэлж байв. Тус хуулийн шинэчилсэн найруулгад хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлсэн, өрсөлдөх чадвартай, бие даан хөгжиж, өөрөө өөрийгөө тэтгэх боломжтой эдийн засгийн бодлогыг тодорхойлох. Суурин соёл иргэншлийг хөгжүүлэх бодлого хэрэгжүүлэх, үйлдвэрийн тусгай бүс бүхий олон улсын санхүү, эдийн засаг, аялал жуулчлалын томоохон төв, зорчигч ачаа тээврийн зангилаа болгон хөгжүүлэх зэрэг олон заалт тусгасан байна.
Түүнчлэн Токио, Сөүл, Берлин, Лондон, Москва, Шанхай зэрэг том хотын хөгжлийн загварын нутагшуулж, үйлчилгээний стандартыг нэвтрүүлэх гээд хууль эрх зүйн орчныг нь шийдээд өгвөл хийх зүйл их байгааг хэлэлцүүлэгт оролцогчид дуулгаж байлаа.
Мөн нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын засаглалыг сайжруулж, ашиггүй ажиллаж байгаа аж ахуйн нэгжийг хувьчлах гээд шийдэх асуудал ар араасаа ундарсаар байгаа аж.
ХОТЫН ИРГЭНИЙ ЭРХ, ҮҮРГИЙГ ТОДОРХОЙ БОЛГОМООР БАЙНА
Тус хэлэлцүүлгийн үеэр Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалангаас зарим зүйлийг тодрууллаа.
-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар хэлэлцэж байна. Ямар өөрчлөлт оруулж байгаа вэ?
-Энэ бол том алхам. Засгийн газар нийслэл хотоо дэмжлээ. Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт орсон эрх зүйн шинэчлэлд ахиц гарч байна. Монгол Улсын хүн амын талаас илүү хувь нь Улаанбаатарт амьдардаг. Суурьшлын бүсээр нь харвал дөрвөн уулын дунд орчны бохирдол ихтэй нутаг дэвсгэрт тухайн улсын дийлэнх нь аж төрж байгаа нь эрүүл, аюулгүй амьдрах эрх нь байнга зөрчигдөж байна гэсэн үг. Ялангуяа үйлчилгээний чанар хангалтгүй байна. Тиймээс УИХ эрх зүйн болоод эдийн засгийн дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлагатай. Улсын төсвийн ес орчим хувьд нь нийслэл багтдаг. Улаанбаатар өнөөдөр 20 мянган хүн амтай аймагтай ижил эрх зүйн болон эдийн засгийн чадамжтай байна. Тэгэхээр иргэдийн эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх боломж хомс.
-Одоо мөрдөж байгаа хуульд нийслэлийн иргэний эрх, үүргийн талаар тусгасан заалт бий юу?
-Байхгүй. Хуулийг хэрэгжүүлэхэд хязгаарлагдмал учраас шинэчлэн найруулах хэрэгтэй гэж үзсэн. Нийслэлд шилжин ирэгсдийн тоо жил бүр нэмэгдэж байна. Өдөр бүр 350 мянган автомашин замын хөдөлгөөнд оролцдог. Тиймээс шинэ зохицуулалт шаардлагатай. Зохицуулалт хийхийн тулд холбогдох хуульд өөрчлөлт оруулж, эрх зүйн орчныг нь эхлээд бүрдүүлэх хэрэгтэй байх. Хөдөөнөөс нүүж ирээд уулын оройд буучихаад, жалга руу үнс, хогоо асгаж, угаадсаа гудамжиндаа цацчихаад хотын иргэн гэж яриад байж болохгүй. Эсвэл хотын дарга нар ажлын байраар хангах, амьжиргаа дэмжих тэтгэмж өгдөг байх ёстой мэтээр иргэд хандаад байх нь буруу. Энэ бүхэн эцсийн дүндээ хууль эрх зүйн орчин нь бүрхэг учраас иргэд үүрэг хариуцлага хүлээхгүй байна. Ер нь хотын иргэн гэж хэнийг хэлэх вэ, ямар эрх эдлэх вэ, ямар үүрэг, хариуцлага хүлээх вэ гэдгийг холбогдох хуульд нарийн тусгаж өгөх хэрэгтэй. Мөн төр захиргааны байгууллага нь ямар байх юм гээд нарийн тодорхой болгох зүйл бий.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй