Би Дональд Трампын эмэгтэй хувилбар

Залуус

Тэрбумтан болох хүсэл бол зөвхөн хөдөлгөгч хүч

“Мөнгө байхгүй юм чинь би яаж бизнес хийдэг юм бэ гэх мэт өнөөгийн залууст түгээмэл тархсан аливаад гомдоллодог зан Г.Отгонцэцэгт байдаггүй. Тийм учраас л Отгоо маань хэдий 50 хувийн хөдөлмөрийн чадвартай ч би түүнийг гарааны бизнесийн хамтрагчаараа эргэлзэлгүй сонсгосон” хэмээн “Гилгэрэм” брэндийг үүсгэн байгуулагч Ч.Батцэцэг хамтрагчаа танилцуулав. Тэд органик саван болох “Гилгэрэм” брэндийг нийт массын хэрэглээ болгохоор гарааны бизнес эхлүүлсэн хоёр. “Angel” хөрөнгө оруулагч нь анхны түүхий эдийг нийлүүлснийг эс тооцвол тэд өнгөрсөн наймдугаар сараас хойш “Гилгэрэм”- ийг хүүхдийн сүүний болон группийн мөнгөөрөө өдий хүртэл авч яваагаа нуусангүй. Үнэмшмээргүй сонсогдох хэдий ч хийж бүтээе гэсэн сэтгэл байвал юуг ч даван туулдагийг “Гилгэрэм” брэндийн менежер Г.Отгонцэцэгийн ярилцлагаас уншина уу.

-Юуны өмнө шинэ бизнес эхлүүлсэнд баяр хүргье. Ажил нь хэр сонирхолтой байна вэ?
-Гарааны бизнес дөнгөж эхлүүлж байгаа болохоор бүх л зүйл сонирхолтой байна. Амжилт зөвхөн өөрийн хүчин чармайлтаас шалтгаална. Бас сэтгэлийн бэлтгэл ч сайтай байгаа.

-Яагаад савангийн бизнес эхлүүлсэн юм бэ?
-Монголд органик олон гоё саван байна. Органик гэдэг утгаараа үнийн хувьд зохистой ч хүмүүс тэр бүр авч хэрэглэж чадахааргүй өндөр. Тиймээс бид органик, боломжийн үнэтэй саванг яагаад монгол айл бүр хэрэглэж болохгүй гэж бодсон. Хэрэглэсэн хүмүүс нь ч ам сайтай байна.

-Эхлэлийн хөрөнгөө яаж босгосон бэ?
-Хамгийн анхны хөрөнгө оруулалтыг миний хамтрагч Батцэцэг эгчийн найз Ариунгэрэл гэдэг эмэгтэй хийсэн. Биотехнологич мэргэжилтэй тэрбээр энэ саванг анх хийж байсан юм. Тиймээс санаа, технологи нь тэр хүнийх. Харин бид савангаа баяжуулж, түмэнд түгээгээд явж байна. Үүнд гарч байгаа зардлаа ч гэсэн хоолныхоо мөнгөнөөс л илүүчилж байна даа.

-Багадаа мөнгөнд их дуртай байсан гэж фэйсбүүктээ бичсэн байсан. Энэ их анхаарал татлаа?
-Би айлын бага. Гурван эгчтэй. Тэд маань гэрийн ажлыг хийчихдэг байсан тул би бэлэн юман дээр өссөн. Гэхдээ эгч нар гэрийнхээ ажлыг хувааж авахад нь би заримыг нь хөлсөөр хийж өгдөг байв. Ус буцалгагч зэрэг ямар нэг зүйл эвдрэхэд би угсраад янзалчихдаг байлаа. Иймэрхүү зүйлд миний толгой их сайн ажилладаг юм. Аав ажлынхаа хажуугаар гэртээ эр хүний хийх ёстой бүх л ажлыг хийнэ. Харин би харж тусалсаар байгаад сурсан. 10 настайдаа хонины бүтэн мах эвдэж байсан үе ч бий.

-Бага нас нь яаж өнгөрсөн бэ?
-Хайраар дүүрэн, жаргалтай өнгөрсөн. Гэхдээ би багаасаа бие султай, их анхаарал шаарддаг байсан учраас намайг төрүүлснийхээ дараа ээж минь ажлаа орхиход хүрсэн. Харин аав минь намайг нийгэмшүүлэх гээд гадуур их дагуулж явдаг байсан. Биеийн байдлаасаа болоод би бүрэг байсан л даа. Тиймээс нийгмээс тусгаарлагдчихаж магадгүй гээд гэрийнхэн их анхаардаг байсан.

-Мөнгө гэж юу вэ?

-Мөрөөдлөө биелүүлэхэд мөнгөний хувь нэмэр их. Санаагаа хэрэгжүүлэх гэхэд хөрөнгө мөнгөн дээр гацна. Эсвэл шинэ санаагаа хөрөнгө мөнгөгүйгээсээ болоод хулгайд алддаг. Хөдөлмөрийн үр шимээ ч гэсэн мөнгөгүйгээс болоод алдах явдал бий. Энэ бүгдээс хамгаалахад мөнгө хэрэг болно.

Мөрөөдлөө биелүүлэхэд мөнгөний хувь нэмэр их

-Мөнгийг яаж өсгөх вэ?

-Би үргүй зардал гаргах дургүй. Орж ирсэн мөнгөө цуглуулдаг байсан. Цугласан мөнгөөрөө баахан бизнесийн ном авч байсан. Хамгийн анхных нь Дональд Трампын “Тэрбумтан шиг сэтгэ”.

-Энэ номоо уншсаны дараа чамд ямар мэдрэмж төрөв?

-Дональд Трамп шиг мундаг хүнийг өөртэйгээ зүйрлэж болохгүй л дээ. Гэхдээ номоо унших тусам би Дональд Трампын эмэгтэй хувилбар юм байна гэсэн бодол төрж байсан. Энэ хүнийг биширдэг болсноос гурван жилийн дараа надтай нэг өдөр төрсөн болохыг мэдсэн. Үнэндээ би тэр хүний номыг уншаад байсан боловч намтрыг нь огт сонирхоогүйгээ юм билээ.

-Дараа нь чи ямар алхам хийсэн бэ?

-Мэргэжлээ сонгосон. Би КТМС-ийг хүний нөөцийн менежерээр төгссөн. Бизнес эрхэлж байгаа хүн хүмүүсээ зөв удирдаж байж л амжилтад хүрнэ шүү дээ. Хүнд хэцүү асуудал тулгарах болгонд “Тэрбумтан шиг сэтгэ” ном надад их итгэл өгдөг. Уг нь намайг дунд сургуулиа төгсөхөд гэрийнхэн эмч болохыг ятгасан л даа. Гэхдээ би багаасаа бие муутай, эрүүл мэндийн олон асуудалтай байсан болохоор цагаан халад өмсөөд явахыг үнэндээ хүсээгүй.

-Тэрбумтан болох чиний мөрөөдөл үү?

-Зөвхөн хөдөлгөгч хүч. Хүнд үед сөхөрмөөр байсан ч энэ бодлоороо тэжээгдээд босоод ирдэг юм. Мэдээж хүмүүст хэрэгтэй, байгальд хор нөлөөгүй, дэлхий ертөнцийг өөрчилж чадах бизнес санааг ажил хэрэг болгож байж би тэрбумтан болно гэж боддог. Одоо ч гэсэн савангийн бизнесээ эхлээд явж байхад маш олон санаа орж ирж байгаа. Бага багаар ажил хэрэг болгоно.

-“Гилгэрэм”-ийн өрсөлдөгч хэн бэ?

-Брэндээ эхлэхдээ зах зээлээ судалсан. Органик саван хийдэг хэд хэдэн компани бий. Гэхдээ тэднийг өрсөлдөгч гэж үзэхгүй. 100 хувь органик савангаар массын хэрэгцээг хангах нь бидний зорилго. Тийм учраас бидний өрсөлдөгч бол органик саван хэрэглэхгүй байгаа хэрэглэгчдийн дадал гэсэн үг.

-Савангаа цаашид яаж хөгжүүлэх вэ?

-Түүхий эдээ дотоодоосоо 100 хувь хангадаг болохоор судалгаа хийж байгаа. Ер нь брэндээ хэрхэн сайжруулах талаар аль хэдийнэ төлөвлөгөө гаргачихсан.

-“Crowd funding” босгохоор оролдож байна уу?

-Мэдээж энэ бол бидний зорилгын нэг хэсэг. Айл бүрт органик, боломжийн үнэтэй саван хүргэхийн тулд түүхий эдээ их хэмжээгээр татаж байж үнэ нь хямдарна. Одоохондоо өнөө маргаашаа аргалж буй ч хүмүүст танил болохын хэрээр хөрөнгө оруулагчдад манай брэнд үнэ цэнэтэй болно. Бидэнд хөрөнгө оруулахыг хүссэн хэн боловч welcome шүү.

-Ажил хэргийн журмаар хүмүүстэй уулзахад ямар бэрхшээл гардаг вэ?

-Янз бүрийн бичиг баримт, зөвшөөрөл хөөцөлдөөд энд тэнд явахад эхэндээ хүмүүс үл ойшоох хандлага гаргадаг. Гэхдээ би их нүүрийн буянтай юм шиг ээ. Хүмүүс уурласан ч гэсэн би инээгээд, хийж бүтээх ямар их тэмүүлэлтэй байгаагаа нээлттэй илэрхийлдэг. Ингэж сул талаа давуу тал болгож ашигладаг гэх юм уу. Хариуд нь ширүүлж байсан хүмүүс зөөлөрч, 50 хувийн хөдөлмөрийн чадвартай ч хийж бүтээх гээд явж байгаа хүнд ингэж хандаж болохгүй гэдгээ ойлгодог.

САНАЛ БОЛГОХ