ЭТТ: Боомтын хураамжийн нэмэгдлээс хамаарч нүүрсний уурхайн амны үнэ буурна

Уул уурхай

Боомтын хураамжийн нэмэгдлээс хамаарч нүүрсний уурхайн аман дээрх нүүгсний үнэ 0.9 ам.доллараар буурна гэж “Эрдэнэс Тавантолгой” компани тооцоолсон байна. Хэдий тийм боловч гэрээгээ өмнө нь байгуулчихсан учраас зүүн Цанхиас “Чалко”-д нийлүүлж байгаа үнэд энэхүү хураамжийн өөрчлөлт хамааралгүй, зөвхөн ирэх онд олборлолт, борлуулалт хийж эхлэхээр төлөвлөсөн баруун Цанхийн нүүрсэнд хамааралтай гэж мэдээллээ. Тус компани сард 800-900 мянга орчим тонн нүүрс боомтоор тээвэрлэн гаргаж байна. Өдөрт дунджаар 440 орчим автомашин нүүрс тээвэрлэн гаргаж байгаа аж. Харин оны эхний 11 сард “Эрдэнэс Тавантолгой” компани 3.6 сая тонн нүүрс экспортолсон талаар Гашуунсухайт боомтоос мэдээлэв. Харин БНХАУ-ын талын боомтуудын хураамж нэмэгдсэнээр тухайн үеийн зах зээлийн ханшаас хамаарч, нэг тонн зэсийн ханш 5860 ам.доллар байхаар тооцвол зэсийн баяжмалын үнэ цэнийг 11 ам.доллараар бууруулна гэсэн тооцоог мөн гаргасан байна.

Гадаад Харилцааны яамнаас мэдээлснээр энэхүү нэмэлт хураамжийн дүнд зэс экспортлогч компаниуд жилд 12 сая гаруй ам.долларын нэмэлт зардал гаргахад хүрнэ гэж мэдээлжээ. УИХ-ын төсвийн байнгын хорооны хуралдаан дээр энэхүү асуудлыг хэлэлцсэн юм. Ажлын хэсгээс "Энэхүү шийдвэр нь урьдчилсан байдлаар 2-3 заалт зөрчсөн нь ажиглагдсан. Бид дэлхийн худалдааны байгууллагад хандах эрхтэй. Гадаад Харилцааны яам энэ талаар судалж байгаа" гэсэн юм. Дашрамд дурдахад, БНХАУ-ын тал өмнө нь нэг тонн бүтээгдэхүүнд таван юанийн хураамж авч байсныг найм болгон нэмэгдүүлсэн юм. Мөн автомашин тутмаас 10 юанийн хураамж авахаар болсон төдийгүй тонн тутамдаа 10 мянган юаниас өндөр ханштай үнэт металлаас өмнө нь таван юанийн хураамж авдаг байсан бол одоо 0.2 хувийн хураамж авахаар болжээ.



САНАЛ БОЛГОХ