Их хурлын хүлээлт талаар болов

Нийтлэл

Намын даргын сунгаанд өрсөлдөх гишүүдэд ямар нэгэн шалгуур тавихгүй

Сонгуульд ялагдал хүлээн гашуун сургамжаасаа ухаарч, намдаа шинэ уур амьсгал оруулахаар хуралдсан Ардчилсан намын Их хурал нэлээд халуухан өндөрлөлөө.

Үндсэн дүрэмдээ өөрчлөлт оруулахаар зэхсэн ч гишүүдийн шүүмжлэл, саналын зөрчилдөөнтэй тулгарсан тул дараагийн Их хурал руу төслөө шилжүүлэхэд хүрэв.

Энэ хүрээнд шинэчилсэн дүрмийн төслөө намын бүх шатанд хэлэлцүүлээд VII Их хурлаараа батлахаар болсон юм. Гэхдээ Ажлын хэсгээс боловсруулсан дүрмийн төслийн тал хувь дээр нь санал нэгдсэн байна. Энэ талаар Ардчилсан намын дарга З.Энхболд “Их хурлыг зохион байгуулах Ажлын хэсэг болон ҮЗХ намын дүрмийг шинэчилж, батална хэмээн төлөвлөж байсан.

Гэвч энэ удаагийн Их хурлаар баталж чадсангүй. Үндсэн дүрмийн төсөл намаа шинэчлэх бодлогын чухал баримт бичиг учраас 1200 гаруй гишүүн хоёр өдрийн дотор хэлэлцээд батлахад учир дутагдалтай гэдэгт санал нэгдсэн. Мөн хурлын төлөөлөгчид дүрмийн төслийг харьяа аймаг, сум, дүүргийн гишүүдээр хэлэлцүүлэх шаардлагатай гэсэн саналыг гаргаж, олонхын дэмжлэг хүлээсэн” гэлээ.

Харин маргаан дагуулаад байсан намын даргын сунгааг эхлүүлэх шийдвэрийг Их хурлаас гаргав. Ингэхдээ Ардчилсан намын даргад өрсөлдөх нэр дэвшигчийн бүртгэлийг маргааш хийж, сонгуулийн кампанит ажлыг энэ сарын 19-нд эхлүүлэхээр товлолоо. Иймээс аймаг, дүүрэг бүрийн төлөөлөл багтсан 30 хүний бүрэлдэхүүнтэй сонгууль зохион байгуулах хороо байгуулжээ.

Харин намын даргыг тодруулах сонгуулийг ирэх оны нэгдүгээр сарын 29-нд орон даяар нэгэн зэрэг хийхээр шийдвэрлэсэн байна. Товчхондоо, Ардчилсан нам анх удаа намын даргаа нийт гишүүний саналаар тодруулахаар болж буй нь энэ. Үйл явц нь өргөн агуулгаар өрнөх намын даргын сунгаанд нийт гишүүдийн хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг ирэх оны хоёрдугаар сарын 12-нд товлосон VII Их хурлаар батламжлах юм. Энэ талаар тус намын дарга З.Энхболд “Намын даргын сунгаанд оролцох гишүүдэд ямар нэгэн шалгуур тавихгүй. Тиймээс сунгаанд оролцох боломж Ардчилсан намын бүх гишүүнд нээлттэй” гэв. Өөрөөр хэлбэл, намын даргын сунгаанд хэдэн ч хүн өрсөлдөх боломжтой юм.

Шинэчлэгдсэн АН гэсэн шинэ дүр төрхийг бүрдүүлэх байлаа

Харин Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл намын даргын сунгааг урт хугацаанд явуулах санал гаргасан ч дэмжлэг хүлээж чадаагүй аж. Тэрбээр сунгаанд өрсөлдөж буй нэр дэвшигчдийг аймаг бүрт долоо хоногийн хугацаанд ажиллуулж, санал хураалт явуулах санаачилга гаргасан байна. Ингэснээр 2017 оны Ерөнхийлөгчийн сонгу ультай зэрэгцэн Ардчилсан намын дарга тодрох нь намын пи-арт хэрэгтэй хэмээн үзжээ.

Намын даргын сунгаатай зэрэгцүүлэн аймаг, сум, дүүргийн намын хороодоо хуралдуулж, удирдлагуудыг нь сонгохоор болсон байна. Ингэхдээ орон нутгийн сонгуулиар ялалт байгуулсан намын хорооддоо сонгууль явуулахгүй юм байна. Үүний оронд зөвхөн сонгуульд ялагдсан намын хороодын удирдлагаа солих ажээ. Мөн намын даргыг сонгох сонгуулиасаа өмнө гишүүдийнхээ шинэчилсэн бүртгэлийг цахим хэлбэрээр зохион байгуулахаар болсон байна. Тодруулбал, УИХ болон орон нутгийн сонгуульд намаа ялагдал хүлээлгэсэн бүх шатны удирдлагуудтай хариуцлага тооцохоор зэхсэн нь энэ.

Угтаа бол энэ удаагийн Их хурлаас гарах бодлого, шийдвэр Ардчилсан намын цаашдын өнгө төрхийг тодорхойлж, үйл ажиллагааг чиглүүлэх “луужин” болох тул хүлээлт өндөртэй байсан. Өөрөөр хэлбэл, дүрмийн шинэчлэл хийснээр цаашдын үйл ажиллагаа жигдэрч, шинэчлэгдсэн Ардчилсан нам гэсэн шинэ дүр төрхийг бүрдүүлэх байлаа. Ардчилсан үзэл санааг тээгч, хэрэгжүүлэгч энэ намыг ахиад улс төрийн тавцанд эрх баригч болон эргэж ирээсэй гэж хүсэл тээсэн гишүүд, дэмжигчид нь институцийн хувьд шинэчлэгдээсэй гэсэн хүлээлттэй байгааг нийгмийн сүлжээний суваг бүрээс анзаарч болохоор байсан.

Гэвч Ардчилсан намын Их хурал үндсэн үүрэг буюу дүрмийн төслөө ч шинэчилж чадсангүй. Харин хэд хэдэн тов тодруулж, дараагийн Их хурал хүртэл дотоод “зодоон”-оо зохицуулах үүрэг хүлээгээд өндөрлөлөө. Тухайлбал, өнгөрсөн сард хуралдсан ҮЗХ- ноос үндсэн дүрмийн төсөл нэгтгэн боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан. 80 гаруй хүний бүрэлдэхүүнтэй уг Ажлын хэсэг 14 хоногийн хугацаанд дүрмийн төслөө нэгтгэсэн. Гэвч Их хурлын төлөөлөгчдөд дүрмийн төсөл тараахдаа багагүй өөрчлөлт оруулсныг Ажлын хэсгийн гишүүд шүүмжилсэн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Б.Болор “Ажлын хэсгийн боловсруулсан төслийг өөрчлөх байсан юм бол байгуулах шаардлага байсан юм уу” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

» Ардчилсан намын даргад өрсөлдөх нэр дэвшигчийн бүртгэлийг маргааш хийнэ. » Ялалт байгуулсан намын хорооддоо сонгууль явуулахгүй.
» Их хурлын төлөөлөгчдөд дүрмийн төсөл тараахдаа багагүй өөрчлөлт оруулсныг Ажлын хэсгийн гишүүд шүүмжилсэн юм.
Үүнээс гадна дүрмийн төсөл хэлэлцэх үеэр гишүүдийн гаргаж, дэмжлэг хүлээсэн саналыг дахин санал хураалтаар бүдрээх тохиолдол багагүй байсныг эх сурвалж дуулгасан. Өөрөөр хэлбэл, олонхын дэмжлэг хүлээж, дүрмийн төсөлд тусгасан саналыг хэн нэгэн эрх мэдэлтэн, фракц бүлэглэлийн явцуу эрх ашгаар унагаах тохиолдол байсан аж.

Энэ мэтчилэн шинэчилсэн дүрмийн төсөл багагүй асуудал дагуулсан тул дараагийн Их хуралд шилжүүлэхээс өөр аргагүй байсан гэдгийг байна. Дүрмийн төслөө бүрэн эхээр нь баталж чадалгүй буцах болсондоо сэтгэл гонсгор байгаагаа цөөнгүй төлөөлөгч цахим хуудсаараа дамжуулан илэрхийлсэн юм. Шинэчлэл хийхээр цугласан Ардчилсан намын Их хурлын 1200 гаруй төлөөлөгч үндсэн зорилгоо биелүүлж чадаагүй тул тус намын дарга З.Энхболд “Шинэчлэл хийхээр зорьсон хурал шинэтгэлийг эхлүүлсэн хурал боллоо” хэмээн зөөлрүүлэв. Магадгүй шинэтгэл эхлүүлсэн хурал болсон, эсэхийг цаг хугацаа харуулах биз ээ.
САНАЛ БОЛГОХ