Brexit-ийн түүхийг дуусгая-2

Судлаачийн үг

Brexit гамшиг дагуулсан юм биш байгаа

“Британийн ард түмний сонголтонд бид харамсаж байна. Европын Холбоо нэг гишүүнээ алдахын зэрэгцээ түүх, уламжлал, туршлагаасаа хэсгийг нь алдаж байна” хэмээн Европын Холбооны зургаан улсын Гадаад хэргийн Сайд нарын хамтарсан мэдэгдэлд тэмдэглэсэн нь нэг ёсны цөхрөлийн үг байсан юм.

2016 оны зургадугаар сард Британийн түүх орвонгоороо эргэх шиг болсон. Европын Холбоонд үлдэх, үлдэхгүй эсэх дээр хоёр талын тулаан ширүүн өрнөснийг түүх эргэлээ хэмээн нэрлэж буй хэрэг. Эрх баригч нэг намын эсрэг тэсрэг хоёр талын төлөөлөгчид болох Ерөнхий сайд Дэвид Кэмерон, Лондон хотын захирагч асан Борис Жонсон нар ширүүн үзэлцэв.

Тэр хэрээрээ ч дараа нь хачирхалтай гэмээр мэдэгдлүүд хийцгээсэн. Гунигт автсан Кэмерон ингэж хэлж байв. Тэрбээр "Нэгдсэн Вант Улс маань Европын Холбоондоо байвал илүү хүчтэй, аюулгүй, илүү давуу талтай байх байсан ч Британийн иргэд маш тодорхой шийдвэр гаргаж тус улс цаашид өөр замаар замнахаар боллоо. Нөгөөтэйгүүр аравдугаар сар гэхэд Ерөнхий сайдын албан тушаалаасаа огцрох болно.

Шилжилтийн үед улс орны тогтвортой байдлыг хангах үүднээс Засгийн газар ирэх гурван сарын хугацаанд үргэлжлүүлэн ажиллана. Харин одоо Европын Холбоотой хийх хэлэлцээнд бэлтгэх хэрэгтэй боллоо. Шотланд, Уэльс, Умард Ирландын засаг захиргааг бүрэн оролцуулна. Нэгдсэн Вант Улсын өнцөг булан бүрийг хамгаална, хөгжих бололцоог нь хангана. Европын Холбоотой хийх албан ёсны хэлэлцээг миний дараагийн шинэ Ерөнхий сайд хийх болно" хэмээв.

Даанч аравдугаар сарыг хүлээж чадалгүй тэр дороо огцорлоо. Европын Холбооноос гарах кампанит ажлын толгойлогч нь болж хувирсан Б.Жонсон улс орноо сүүлийн зургаан жилийн хугацаанд зоригтой сайн удирдсан Ерөнхий сайд Д.Кэмеронд талархал илэрхийлээд, улс орны өмнө тулгараад байсан хүндхэн асуудлыг зөв зүйтэй шийдвэрлэж өгсөн ард иргэддээ талархлаа гэж мэдэгджээ. Энэ шийдвэрийн дүнд бид өөрсдөө хуулиа тогтоож, бүрэн эрхт улс байх, хилээ хамгаалах, цагаачлалыг хязгаарлах зэрэг олон давуу талтай явлаа хэмээн Тэрбээр сайрхаж байв. Европын Холбооны талд Шотландын Тэргүүн сайд Н.Стержин тууштай зогсон хилэгнэж байсныг бид харсан. “Европын Холбооноос гарах нь буруу шийдвэр, алдаа. Санал асуулгын нэгдсэн дүн Шотландын ард иргэдийн хүсэл эрмэлзлэлийн эсрэг гарсан тул цаашид Шотланд нь Европын Холбоонд үлдэх чиглэлээр бүхий л шаардлагатай арга хэмжээ авна. Түүний дотор Шотландын тусгаар тогтнолын асуудлаарх санал асуулгыг дахин явуулах талаар ажиллана хэмээн заналхийлэхээ мартаагүй.

Судалгааны байгууллагууд ч урьдчилсан тандалт судалгаагаар муу ёрыг их л зөгнөсөн дөө.

Financial Times-ийн судалгаанаас харахад хоёр сар орчмын хугацаанд Европын Холбооноос гарахыг дэмжигчдийн тоо гурван хувиар өссөн ч нийт санал асуулгад орoлцогчдын дунд Европын Холбоонд үлдэхийг дэмжигчдийн тоо давамгай байсан байна. Захирлуудын хүрээлэн (Institute of Directors) гэх ТББ-ын 1224 гишүүдийн 63 хувь нь Британийг Нэгдсэн Европт нь үлдээхийг дэмжсэн бол 29 хувь нь Европын Холбооноос гарахыг дэмжиж байв. Энэ тоо хоёрдугаар сард 60:31 хувийн харьцаатай байжээ.

Захирлуудын хүрээлэнгийн Ерөнхий захирал Саймон Уолкерийн хэлж байснаар бол, бизнес эрхлэгчдийн дийлэнх нь Европын Холбооны гишүүн орнуудтайгаа өргөн цар хүрээтэй хамтын ажиллагаа явуулдаг учраас Европын Холбооноос гарах нь Британийн эдийн засагт ихээхэн эрсдэлтэй, хохирол их учруулна хэмээн үзэж байв.

Brexit-ийн эргэн тойронд элдэв тооцоо судалгаа их хийгдсэн. “Digital Science” компанийн судалгаагаар Британи нь сүүлийн 10 жилийн хугацаанд эрдэм шинжилгээ, судалгааны ажилдаа Европын Холбооноос 8.04 тэрбум фунт стерлингийн санхүүжилт авсан ба санхүүжилт авсан хэмжээгээрээ Европтоо Германы дараа хоёрдугаарт бичигдсэн нь ашигтай ажилласныг нь илтгэх мэт. Их Британи нь шинжлэх ухааны судалгаанд ДНБ-ийхээ 1.63 хувийг зарцуулдаг бол Герман 2.84 хувийг зарцуулдаг, тиймээс Британийн эрдэм шинжилгээний байгууллагууд Европын Холбооны санхүүжилтээс ихээхэн хамааралтай гэсэн үг юм. Өөр нэг баримт байна. Европын Холбоо нь сүүлийн 10 жилийн хугацаанд хорт хавдрын судалгаанд зориулж Британид 126 сая фунт стерлинг, нанотехнологийн судалгаанд 13.5 сая фунт стерлинг тус тус олгож, мөн “Rolls-Royce” компанийн судалгааны үйл ажиллагааг 51 сая фунт стерлингээр, “BBC” компанийг 2.87 сая болон харилцаа холбооны “BT” компанийн судалгааны ажлыг 23.8 сая фунт стерлингээр тус тус санхүүжүүлжээ. Одоо энэ бүх санхүүжилт зогсоно, хохирогч нь Их Британи болж таарна.

Хэрэв Европын Холбооноос гарвал тус улсын эдийн засагт хэрхэн нөлөөлөх талаар хоёр дахь судалгааны дүнг Ерөнхий сайд Д.Кэмерон, Сангийн сайд Ж.Осборн нар тавдугаар сарын 23-нд танилцуулсан. Д.Кэмероны хэлсэн үг бүр ноцтой. Мөдхөн хийх гэж буй сонголт Британийн иргэн бүрийн амьдралд нөлөөлөх бөгөөд Европын Холбооноос гарвал “үнийн өсөлтийн их ангал руу үсэрч орох”-той адил хэмээн тэрбээр зүйрлэв.

Судалгаа ярайж байна. Хэрэв Нэгдсэн Европоосоо салвал ойрын нэг, хоёр жилд наад зах нь хагас сая хүн ажилгүй болж, хоёр жилийн дараа гэхэд инфляци 2.3 хувиар өсөж, ДНБ нь 3.6 хувиар унах, дагалдаад цалин 2.8, орон сууцны үнэ 10, фунт стерлингийн ханш 12 хувь унах тооцоо хийгджээ. Нэг өрхийн дундаж орлого 2030 он гэхэд 4300 фунтээр багасах, дөрвөн ам бүлтэй өрх Европт аялах, нисэх онгоцны тийз дунджаар 230 фунт стерлингээр өсөж, гар утасны роумингийн үнэ нэмэгдэнэ гэхчлэн нарийвчилж үзжээ. Хамгийн аймшигт үр дагавар Их Британи эргээд арлын улс болж, Нэгдсэн Европын хүчээр Европт хойгийн хэмжээнд очсон нь ор мөргүй алга болно гэхчлэн бичсэн нь бас бий.

Brexit яллаа гэе, тэгвэл Нэгдсэн Европоос гарах үйл явц 2019 оны эцэс хүртэл үргэлжилнэ хэмээн Их Британийн Парламентын Нийтийн танхимын дарга Крис Грэйлинг Financial Times сонинд ярьсан нь анхаарал татаж байв. Тэрбээр дүрвэгсэд цагаачдын асуудлыг хөндөж ярьжээ. Юуны өмнө цагаачлалын асуудлаар Европын Холбооны хууль тогтоомжийг эргэн харна, Европын Холбооны шүүхийн оролцоог хязгаарлаж, Британийн хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж эхэлнэ, гэхдээ энэ нь хугацаа, чармайлт шаардсан чимхлүүр ажил болно. Харин Британи нь 2019 оныг дуустал Европын Холбоонд төлдөг татвар хандиваа бүрэн төлнө гэсэн нь Brexit-ийн талынхныг цочирдуулж байлаа.

Яг энэ үед Британийн Сангийн яам нэгэн судалгаагаа ил болгосон. Хэрэв Европын Холбооноос гарангуут Британийн эдийн засагт хэрхэн нөлөөлөх урьчилсан төсөөлөл байна. Нэгдүгээрт, Канадын загвараар хоёр талт гэрээ байгуулж эдийн засгаа цааш авч явах. Хоёрдугаарт, Дэлхийн худалдааны байгууллагад тулгуурлан Европын эдийн засгийн бүсийн гишүүн болох. Гуравдугаарт, Европын Холбоондоо яаж ийгээд үлдэх, ийм гурван нөхцөлд Британийн эдийн засагт ямар нөлөө үзүүлэхийг тэр судалгаанд дэлгэрэнгүй өгүүлжээ.

“Британид Brexit ялбал тус улс Европын нэгдсэн зах зээлд эзлэх байр суурь нь гишүүн байх үеийнхээ түвшинд хэзээ ч хүрэхгүй, Британийн эдийн засаг зургаан хувь агшина, төсвийн орлого жил бүр 36 тэрбум фунтээр тасрах эрсдэлтэй. Харин шинэчлэгдсэн Европын Холбоондоо гишүүнээр үлдвэл эдийн засаг нь 2030 он гэхэд дөрвөн хувь өснө” хэмээн Сангийн сайд Ж.Осборн мэдэгдэв.

Британийн Засгийн газрын сэрэмжлүүлгийг хилийн чанадаас OУВС ихээхэн хөхиүлэн ятгалга өрнүүлжээ. Британи нь Европын Холбооноос гарсан тохиолдолд дэлхийн эдийн засгийн тогтвортой байдал эрсдэлд орж, Нэгдсэн Вант Улс болон дэлхийн эдийн засагт ноцтой хохирол учирна. Британи болон Европын Холбооны худалдаа, эдийн засгийн харилцаа тасалдаж, уг харилцаанд “томхон асуудал” үүснэ. Бүх нийтийн санал асуулга явуулах шийдвэр гарснаас хойш Британид хөрөнгө оруулалтын орчны тодорхой бус байдал үүслээ.

Британийн эдийн засаг 2016 онд 1.9 хувь, 2017онд 2.2 хувиар өсөхөөр байна гэхчлэн ОУВС таамаглаж байв. Британийн Аж үйлдвэрийн холбооны судалгаагаар Нэгдсэн Вант Улсын эдийн засагт 100 тэрбум фунт стерлингийн буюу 138 тэрбум ам.долларын хохирол учирч, ойролцоогоор нэг сая ажлын байр үгүй болох тооцоог ОУВС-тай зэрэгцүүлэн хийж байв. Европын Зөвлөлийн дарга Д.Тускийн мэдэгдэл тэр дороо тархсан. Тэрбээр санал асуулгын дүнг бид арай өөрөөр төсөөлж байсан, энэхүү түүхэн санал асуулгын дүнгээс үүдэх улс төрийн болон бусад үр дагаврыг одоогоор тааж хэлэх боломжгүй байна гэжээ.

Европын Холбооны чирэгч гол мотор болох Германд Brexit-ийг хэрхэн хүлээн авсан нь эдийн засгийн түүх судлалд удтал яригдах сэдэв юм. Brexit ялсанд германы улс төр, бизнесийн хүрээнийхэн, олон нийт туйлын ихээр харамсжээ.


Гэхдээ Британийн ард түмний ардчилсан сонголт гэх манж үгээ дагалдуулахаа мартсангүй, нэгэнтээ л тийм юм бол хүлээн зөвшөөрөхөөс аргагүй.

Санал асуулгын ердөө маргааш нь Холбооны Канцлер хатагтай А.Меркелийн хийсэн мэдэгдэл байна. Тэрбээр "Brexit-ийн шийдвэрт их харамсаж байна. Европын Холбооны хөгжлийн замд өөрчлөлт гарсныг хүлээн зөвшөөрч, үр дагаврыг нь Европын Холбоонд эерэг байлгах талаар үлдсэн 27 гишүүн улс сайтар, нухацтай нягтлан судалж, нааштай шийдвэр гаргахаар хамтран ажиллана" гэв. Мөн Европын Холбооны бодлого, гол зорилгыг иргэдэд сайтар ойлгуулж ойртуулах хэрэгтэй. Oлон сорилт бүхий өнөөгийн цагт Европын нэг орон дангаар дийлэхгүй учир Европын Холбооны хамтын хүчээр л сорилтуудыг давна. Европын Холбоог анх бий болгох үндсэн санаа нь Европт найрамдал, энх тайвныг бэхжүүлэх явдал байсныг хэзээ ч мартаж болохгүй. Европын Холбооноос гарах асуудлыг Гэрээнд зохицуулсны дагуу хэрэгжүүлнэ. Бүрэн гартлаа Их Британи нь Европын Холбооны гишүүний эрхээ эдэлж, үүргээ биелүүлнэ. Цаашдын ирээдүйд ч Европын Холбоо болон Их Британийн хооронд түншлэлийн нягт харилцаатай байлгахыг бид эрмэлзэнэ" гэжээ.

ХБНГУ-ын сөрөг хүчний жижиг намууд Brexit-ийн санал хураалтын дүнг ашиглан британичуудыг, Европын Холбооны хүнд суртлыг буруутгах, хашраах өнгө аясаар ярьж хэлж, баалж байв. Чөлөөт Ардчилсан Намын дарга П.Линднэр: Европын Холбооноос гарах Их Британид цаашдаа Холбооноос ямар нэгэн хөнгөлөлт үзүүлэхгүй байх ёстой. Зүүний Намын Бундестаг дахь намын бүлгийн дарга хатантай С.Вагэнкнэхт "Брюссель дэх концернуудийн лобби ард иргэдийн итгэлийг хөсөрдүүлсний нотолгоо боллоо" гэв. Харин Германы төлөө Альтернатив намын Берлин мужийн дарга хатагтай Б.Шторх Brexit-ийг баяр хийж тэмдэглэнэ гэж байв.

Brexit-ийг Скандинавын Нордик орнууд эмзэглэж, болгоомжлон хүлээн авсан. Шведийн Ерөнхий сайд Стифан Ловен "Их Британийн ард түмэн Европын Холбоог орхих шийдвэр гаргасан хэдий ч бид тэдний шийдвэрийг хүндэтгэнэ. Гэвч Европын Холбооны үлдсэн бусад улс орнуудад ямар хэмжээний хохирол амсах, яаж нөлөөлөх гэдэг л хамгийн чухал асуудал юм. Шведийн хувьд Британи нь худалдаа, эдийн засгийн хувьд хамгийн ойрхон, томоохон түншлэгч орны нэг, цаашид ч тийм байх болно. Иймд Шведийн Засгийн Газрын зүгээс авч хэрэгжүүлэх анхны алхам нь нийт Шведийн ард түмний ирээдүйн төлөө хийх хамгийн чухал хариуцлагатай алхам байх болно гэжээ. Тэр хариуцлагатай алхам гэдэг нь юу байж таарах вэ, Их Британийн санал асуулгын дүн Швед, Дани хоёр улсын иргэдэд сөргөөр нөлөөлж, улмаар тэд Европын Холбооноос гарах асуудал яригдаж магад гэх таамаглал бүр ч ноцтой юм" гэсэн.


Норвегийн Ерөнхий сайд Эрна Солберг хэлэхдээ Их Британи Европын холбооноос гарч байгаа нь өнөөдөр бий болсон тулгамдсан асуудлуудыг шийдвэрлээгүйтэй шууд холбоотой өгч буй том сануулгын нэг боллоо. Энэхүү шийдвэрийн дүнд үүсэх зах зээлийн дам нөлөөллөөс урьдчилан сэргийлэх богино хугацааны төлөвлөгөө бидэнд бий. Ялангуяа олон улсын санхүүгийн байгууллагын санамжийг мөрдөнө. Хөрөнгийн зах зээл, ханшийн өөрчлөлттэй холбоотойгоор үүсэх шууд бус үр дагаваруудад бэлэн байх нь чухал. Гэвч улс төрийн хувьд энэхүү шийдвэр үлэмж санаа зовоосон үйлдэл байж болох юм хэмээн онцлов.

Норвег нь Нэгдсэн Европт нэгдээгүй бие даасан орон хэдий ч Шенгений бүсэд хамрагддаг, бүхий л худалдаа, хөрөнгө оруулалтын нөхцөлүүд нь Европын Холбооны стандарт, шаардлага, нөхцлүүдийн хүрээнд хийгддэг учраас үлэмж санаа зовсон нь тэр байх.

Финландын хувьд онцгой нөхцөл байдал үүссэн тул парламентын ээлжит бус чуулган яаралтай хуралдуулах, Финландын зүгээс ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар ойрын хугацаанд хэлэлцэх саналтай байгаагаа Ерөнхий сайд нь илэрхийлж байжээ.

Brexit дардан замдаа орлоо. Одоо ямар асуудал зовоох вэ гэдэгт европчууд бэлтгэж байх шиг. Британи энэ холбооноос гарч дуусах хүртэл яриа хэлэлцээ хоёр жил үргэлжлэх нь байна. Яриа хэлэлцээнд хоёр гол асуудал бий. Нэгдүгээрт, Британиас Европыг Холбоонд төлөх татвар хандивын асуудал, Европын Холбооны нутаг дэвсгэрт байгаа 1.2 сая британичууд, Британид байгаа Европын Холбооны гишүүн орны гурван сая иргэдийн цаашдын хувь заяа. Хоёрдугаарт, Британиас Европын Холбооны гишүүн орнуудтай хийх худалдааны асуудал голлож яригдана. Европын Зөвлөлийн даргын хэлж байгаа, энэ хоёр сэдвийн яриа хэлэлцээ ямар ч үр дүнгүйгээр 6-7 жил үргэлжлэх магадлалтай.

“Өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй” гэдэг шиг Британи нь Нэгдсэн Европоос хөндийрөх бэлтгэлээ өөрөө сайтар хийх шаардлагатай. Гэтэл Brexit-тэй зэрэгцээд фунт стерлингийн ханш огцом суларч, 1.3232 ам доллартай (дараа нь 1.3794 ам доллар болсон) тэнцэн 1985 оноос хойш анх удаа хамгийн ихээр унасан дүнтэй байж таарахгүй. Британийн төв банкны ерөнхийлөгч Марк Карни гэдгийг хэлснээр, цаашид санхүүгийн зах зээлээ тогтвортой байлгах шаардлагатай нэмэлт арга хэмжээнүүд авч таарна. Европын Холбооны бүтцэд өөрчлөлт орж байгаатай холбогдуулан еврогийн ханшид бас нөлөөлсөн. Ханш нь 2.4 хувиар буурсан дүн зургадугаар сарын сүүлчээр харагдсан. “FTSE 100” индекс 4.7 хувиар буурч, Лондонгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй банк болон барилгын салбарын компаниудын хувьцааны ханш унаж тухайлбал, Barclays банкны хувьцаа 16 хувиар, орон сууцны Berkeley компанийн хувьцаа 21 хувиар унасан гэхчлэн ноцтой мэдээ нэг хэсэг салаагүй.
САНАЛ БОЛГОХ