Д.Галсандондог: Ногоон хөгжлийн загвар аймаг болно

Ярилцлага

Ирэх онд 150 км хатуу хучилттай замын ажил эхлүүлнэ

Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондогтой ярилцлаа. Ховд аймаг жижиг, дунд үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлсэн, иргэдээ ажлын байртай, амьдрах ая тухтай орчинтой, үйлдвэрлэл, бизнест ээлтэй, ногоон хөгжлийн загвар аймаг болгохоор хөгжлийн бодлогоо тодорхойлсныг тэрбээр онцолсон юм.

-Аймгийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил хэрхэн хангагдав. Сумдад өвөлжилт хэр байна вэ?

-Өвөлжилтийн байдалд хаа сайгүй анхаарал хандуулж байна. Манай аймгийн хувьд Засаг даргын захирамж гарч, өвөлжилтийн ажлын хэсэг тусгайлан ажилласан. Үүний үр дүнд бэлтгэл ажлаа цаг хугацаанд нь бүрэн хийсэн. Төлөвлөгөө ёсоор 64 мянган тонн хадлан, тэжээл бэлтгэхээс 60 гаруй мянгыг хурааж авсан. Малчид энэ жил өвөлжөөндөө нэлээд хожуу буусан. Энэ нь манай аймагт бог малын мялзан төст халдварт өвчин гарсантай холбоотой. Үүнийг 40 орчим хоногийн хугацаанд дарж, бүх малаа вакцинд хамруулсны дараа малчид маань өвөлжөөндөө буусан юм. Засгийн газрын зүгээс үүссэн нөхцөл байдалд онцгой анхаарал хандуулж, цаг алдалгүй ажилласан. Аймгийн хэмжээнд 17 сумаас гуравт нь өвөлжилт хүндрэлтэй байна. Тодруулбал, Алтайн нурууны өвөр бэлд байдаг Булган, Үенч, Алтай суманд цас их орсон. Харин бусад сумын хувьд хүндрэл гарсан зүйлгүй байна.

-Бог малын халдварт өвчин дахиж гарахаас урьдчилан сэргийлэх ажлыг хэрхэн хэрэгжүүлсэн бэ?

-Эрсдэл бол байгаа. Тиймээс Улсын онцгой комисс болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хамтарсан ажлын хэсэг хоёр удаа манай аймгийн өвчний голомтод ажилласан. Нийт мал сүргийн 70 хувийг уг өвчний вакцинд хамруулсан. Үлдсэн 30 хувьд нь байгалийн дархлаа тогтсон гэж үзэж байгаа. Өвчин гараад өнгөрөхөд малд дархлаа тогтдог юм байна. Иймээс 100 хувь дархлаа тогтсон гэж үзсэн. Манай аймагт нийт 2.8 сая бог мал бий. Бог малын мялзан төст өвчнөөр хонь, ямаа өвчилдөг. Хэдийгээр вакцинд хамруулж, дархлаа тогтсон ч ирэх хавар мал төллөх үед шинэ төлөөр дамжин гарч ирж магадгүй гэсэн болгоомжлол бий. Тиймээс төл малыг вакцинд хамруулахаар нөөц бэлдсэн. Энэ тохиолдолд бүрэн устдаг.

-Аймаг бүр хөгжлийн тулгуур салбараа тодорхойлж, бодлогоо ч түүндээ нийцүүлж байгаа. Тухайлбал, танай аймгийн хувьд аль салбарт найдвар тавьж байна вэ?

-Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн II хуралдаан энэ сарын эхээр болсон. Тус хурлаар Засаг даргын 2016-2020 он хүртэлх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж, баталсан. Засаг даргын мөрийн хөтөлбөр дөрвөн бүлэг, 22 дэд бүлэг, 98 зорилттой. Аймгийн хөгжлийн тулгуур бодлого энэхүү баримт бичигт маш тодорхой тусгагдсан. Ховд аймаг жижиг, дунд үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлсэн, иргэдээ ажлын байртай, амьдрах ая тухтай орчинтой, үйлдвэрлэл, бизнест ээлтэй, ногоон хөгжлийн загвар аймаг болгохоор хөгжлийн бодлогоо тодорхойллоо. Гол нь ажлын байрыг нэмэгдүүлж, өрхийн орлогыг дээшлүүлэхэд бодлого маань чиглэх юм. Баруун бүсийн тулгуур төвийн хувьд энэ статусаа улам бэхжүүлж ажиллах зорилт үндсэндээ дэвшүүлж байгаа. Аймгийн Засаг дарга нь баруун бүсийн зөвлөлийн дарга гэж явдаг. Хуучин бүсчилсэн хөгжлийн тухай хууль одоогийнхоос илүү хүчтэй байхад нэлээд өргөн хүрээнд уг зөвлөл ажилладаг байсан. Харин сүүлийн жилүүдэд суларсан. Би хувьдаа бүсчилсэн хөгжлийг сэргээх шаардлагатай гэж үздэг хүний нэг. Тэр хүрээнд гол бодлогоо үүнд хандуулсан. Аймгийн тулгуур салбарын хувьд жижиг, дунд үйлдвэрлэлд ихээхэн ач холбогдол өгч байна. Орон нутагтаа хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, бүс нутгийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, боловсруулах, нэмүү өртөг шингээж, эцсийн бүтээгдэхүүн бий болгох шаардлага байгаа. Ажлын байрыг олноор бий болгох хамгийн боломжтой салбар бол хөнгөн үйлдвэрлэлийн салбар гэж харж байгаа. Түүний дотор жижиг, дунд үйлдвэрлэлд түлхүү ач холбогдол өгч байна.

-Орлого нэмэгдүүлэх, шинээр ажлын байр бий болгох хоёр дахь гарц, боломжийг хэрхэн тодорхойлж байгаа вэ?

-Бичил уурхайг хөгжүүлэх сонирхол байгаа. Энэ нь хариуцлагатай уул уурхайн зарчмаар явагдана гэсэн үг. Баруун таван аймагт уул уурхай нэлээд сул хөгжсөн тул анхаарал хандуулж байгаа хэрэг. Геологи, хайгуулын судалгаа маш бага хийгдсэн. Хаана, ямар ашигт малтмал байгаа, хэр хэмжээний нөөцтэй, ашиглах боломжтой эсэх нь одоо ч бүрхэг. Тиймээс уул уурхайн чиглэлээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хэрэгжүүлэхээр тусгагдсан ажлыг орон нутгийн зүгээс боломжит түвшинд дэмжиж ажиллана.

-Та ногоон хөгжлийн загвар аймаг болно гэж хэллээ. Энэ хүрээнд бодлого үндсэндээ зангидагдаж байгаа гэж үзэж болох уу?

-Тийм ээ. Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр болон Ховд аймгийг 2030 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөний гол цөм нь ногоон хөгжил. Дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага ч үүнд чиглэж байна. Ногоон хөгжлийн хөтөлбөрөө өнгөрсөн сард хуралдсан аймгийн ИТХ- ын ээлжит бус чуулганаар баталсан. Ногоон хөгжил бол тогтвортой хөгжих зам. Баталсан хөтөлбөрийнхөө хүрээнд үйл ажиллагаагаа нийцүүлж ажиллана. Ховд аймгийг хөгжүүлэх төлөвлөгөөг өнгөрсөн онд ИТХ- аар баталсан. Энэ хөтөлбөрийг цаашид мөрдөнө. Байгаль орчинд ээлтэй, ногоон хөгжлийг зарчмаа болгож байгаа. Өмнө нь хийсэн, нарийн тооцоо судалгаатай, үндэслэл сайтай хөтөлбөрийг үгүйсгэх бус, дэмжиж, үр ашгийг нь гаргахын төлөө зорьж байна. Ер нь бодлогын залгамж холбоо их чухал.

Хөгжилд чөдөр тушаа бус, нэмэр тус болох нь чухал

-Аймгуудын өрсөлдөх чадварын 2015 оны тайлангийн үзүүлэлтээр Ховд аймаг 11 дүгээрт эрэмбэлэгдсэн. Тус судалгаагаар ажлын байрыг шинээр бий болгох, хүрэлцээг нь сайжруулах шаардлага танай аймагт тулгарч буй. Орон нутгийн удирдлагын зүгээс ирэх жилүүдэд ямар ахиц, дэвшил гаргахаар төлөвлөж байна вэ?

-Өрсөлдөх чадвар дээр бусад үзүүлэлтээ ч өсгөхийн төлөө ажиллана. Хамгийн гол нь ажлын байр, ажилгүйдэл тулгамдсан асуудал хэвээр байна. Одоо ажилд орох хүсэлтэй маш олон хүний өргөдөл ирж байгаа. Аймагт үйл ажиллагаа явуулж байгаа төсөвт байгууллага маань орон тооны хувьд хэмжээ, хязгаартай. Тиймээс ажилтай болгох нь амаргүй. Гэхдээ ирэх хугацаанд дээр дурдсан ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгодоо тууштай анхаарна гэдгээ энэ дашрамд хэлье. Манай аймагт багшийн мэргэжилтэй хүмүүсийн илүүдэл нэлээд бий. Энэ нь Ховд их сургууль багш мэргэжилтэн түлхүү бэлдэж ирсэнтэй холбоотой байх. Цаашид шинээр бэлтгэх боловсон хүчнийг шаардлагатай байгаа мэргэжлээр сургах, тэр чиглэлийн анги бий болгоход их, дээд сургуулиуд анхаарах цаг болжээ. Манай аймагт уул уурхай, хөдөө аж ахуйн чиглэлийн нарийн мэргэжлийн боловсон хүчин бас дутагдалтай.

-Орон нутгийн хэмжээнд шилжих хөдөлгөөн саарсан уу, эсвэл хэвээр байгаа юу? -Шилжилт хөдөлгөөнийг нарийн судалж, тодорхой хэлэхэд одоогоор хүндрэлтэй байна. Ажиглахад шилжилт хөдөлгөөн харьцангуй саарсан байгаа. УИХ-ын сонгуультай холбоотойгоор орон нутагт энэ зун шилжилт хөдөлгөөн нэлээд эрчимжсэн. Үүнтэй холбоотойгоор хотоос аймаг руу чиглэсэн урсгал манай аймагт нэмэгдсэн. Нэгэнт сонгууль болж дууссан болохоор энэ байдал цэгцрэх байх. Аль нь одоо шилжиж байгааг дэнсэлж хэлэхэд хэцүү. Ирэх жилээс илүү бодит тоо хэлэх боломжтой болно.

-Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах шаардлага бий. Энэ хүрээнд ямар зарчим баримталж ажиллах вэ?

-Бизнест ээлтэй аймаг болохоор зорьж байгаа. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг улам идэвхжүүлж, бизнес эрхлэхэд гардаг хүндрэл, бэрхшээлийг арилгахын төлөө ажиллаж байна. Ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийн бодит орлого нэмэгдэх, орон нутаг хөгжлөө урагшлуулахад хувийн хэвшлийн үүрэг, оролцоо чухал нөлөөтэй. Иймээс баялаг бүтээгчдээ дэмжиж ажиллах учиртай.

-Та бичил уурхайг хөгжүүлэх талаар өмнө нь дурдсан шүү дээ. Уул уурхайг хөгжүүлэх ямар бодлого баримтлах вэ?

-Манай аймагт үйл ажиллагаа явуулж байгаа хамгийн том уурхай нь Хөшөөт. Ордын нөөц болон эдийн засгийн өгөөжөөрөө хамгийн том нь. Уурхайн ашиглалтыг хариуцлагатай эхлүүлсэн. Энэ нь цаашид ч хэвээр хадгалагдана гэж үзэж байгаа. БНХАУ-руу тусгай технологийн хатуу хучилттай авто замаар нүүрсээ тээвэрлэж байна. Хөшөөтийг эс тооцвол томоохон уурхай байхгүй. Бичил уурхайг хариуцлагатай, ил тод байдлаар хөгжүүлэх бололцоотой. Үүнийг шаардлага болгож ажиллана. Одоогоор шинээр нөөц нь тогтоогдсон томоохон орд мэдэгдсэн юмгүй байна.

-Аялал жуулчлалын салбарт орон нутгийн зүгээс хэрхэн анхаарал хандуулах вэ? -Манай аймаг аялал жуулчлалыг хөгжүүлэх өргөн боломжтой. Аймгийн ногоон хөгжлийн тэргүүлэх салбарын нэг нь “үл үзэгдэх экспорт” буюу аялал жуулчлал байх юм. Ялангуяа орон нутгийн орлогын гол эх үүсвэр байна. Мөн байнгын болон улирлын чанартай ажлын байр энэ салбарт бий болгоно. Байгаль, түүх, соёлын аялал жуулчлалыг ирэх жилүүдэд хөгжүүлэхээр цөөнгүй ажил төлөвлөн хэрэгжүүлэх гэж байгаа. Өнгөрсөн хугацаанд аялал жуулчлал манай аймагт урсгалаараа буюу тодорхой түвшинд хөгжиж ирсэн. Жуулчдын урсгал жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Энэ нь бидэнд томоохон итгэл, найдвар төрүүлж байгаа.

Аялал жуулчлалын бүс нутаг болж хөгжих хүрээнд орон нутгаа сурталчлах, түүх, соёлоо таниулах ажлыг нэлээд эрчимжүүлэх шаардлага байна. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа аялал жуулчлалын салбарт илүү хөгжих бололцоотой. Аймгийн зүгээс нисэх онгоцны буудлаа өргөтгөх, үйлчилгээний чанар, стандартаа сайжруулах, музейн сан хөмрөгийг баяжуулж, сэргээн засварлахад анхаарна. Тухайн үзмэр тойрсон үйлчилгээ, тав тухыг бид нэг талаар орхигдуулсан тал бий. Энэ нь жуулчдад таагүй сэтгэгдэл үлдээж байна. Тиймээс жижиг гэлтгүй харилцааны соёлд ч анхаарах шаардлага гарч байгааг үгүйсгэхгүй.

-Та ямар эдийн засгийн чадавхтай аймаг хүлээж авсан бэ. Эдийн засгийн байдал амаргүй байгаа нь олон ажил хийх, хэрэгжүүлэхэд саад болж байгаа ч боломж, бололцоог эрэлхийлж байгаа байх?
-Улс орны хэмжээнд үүссэн хүндрэл манай аймгийг ч тойрсонгүй. Хүндрэл бол байсан. Болгох, бүтээх талаас нь боломж, бололцоог эрэлхийлж байна. Эдийн засаг хямралтай гээд зүгээр сууж болохгүй. Хүндрэлийг даван туулах ёстой. Миний хувьд хүмүүсийн өмнө нь хийж, хэрэгжүүлсэн ажилтай зууралдаад байх бус, урагшаа харж ажиллана гэж бодож байгаа. Нөхцөл байдал нь харилцан адилгүй болохоор зөв, буруу гэж шууд дүгнэх нь төдийлэн оновчтой биш. Ирээдүйгээ харж, төлөвлөсөн ажлаа хэрэгжүүлэхийн төлөө л зүтгэж байна. Бид өнгөрсөн асуудалтай ноцолдож, цаг их алддаг. Үүнийг давтмааргүй байгаа юм. Эцсийн дүндээ нутаг орноо хөгжүүлэх, Монгол Улсын хөгжилд чөдөр тушаа бус, нэмэр тус болох нь чухал.

-Булганы боомт баруун бүсийн гадаад худалдааны коридор. Уг боомтын эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэхэд ямар бодлого баримталж ажиллах вэ?
-Б улган боомт олон жилийн өмнөөс хөгжсөн. Байнгын үйл ажиллагаатай. Тус боомтоор баруун таван аймгийн иргэд худалдаа, арилжаа хийж ирсэн. Олон улсын боомт учраас эдийн засгийн үр ашиг нь одоо байгаагаас хэд дахин нэмэгдэх боломжтой. Боомтын үр ашгийг нэмэгдүүлэх хүрээнд БНХАУ- ын Шинжаан Уйгурын Өөртөө засах орны Алтай аймгийн удирдлагатай уулзаж, тодорхой шийдэлд хүрч чадсан. Хятадын талаас хамааралтай хүндрэл байсан. Үүнийг хоёр сар орчмын хугацаанд хэлэлцэж, нааштай хариу хүлээж авсан. Такейшкен- Булган боомтын хооронд ачаа тээврийн зам барихаар төлөвлөж байна. Энэ нь гадаад худалдааг тэлэхэд эерэг нөлөө үзүүлнэ гэж хоёр тал онцолж байгаа.

Булганы шалган нэвтрүүлэх боомтоор тээврийн хэрэгсэл нэвтрэн Такейшкены худалдааны бүсэд очиход бүртгэлийн карт, хонох хашааны түрээс, чанарын мөнгө, тээврийн газрын татвар хураамж төлдөг. Иргэдээс ирсэн санал, хүсэлтийн дагуу олон удаагийн уулзалт хийж, үр дүнд нь татвар хураамжийн өртгийг бууруулсан. Тухайлбал, 8000 юанийн бараа худалдаж авсан иргэдийн тээврийн хэрэгслээс татвар хураамж авахгүй байхаар болсон. Мөн хоёр улсын хилээр суудлын тэрэг чөлөөтэй зорчих боломжийг бүрдүүлж өгсөн. Энэ нь баруун бүсийн нийт иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд түлхэц болсон эхний алхам болж чадсан. Булган боомтын хил гаалийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадвартай болгох хэрэгцээ, шаардлага их байна. Байтаг боомт жигд ажиллах үед Булган боомт дээр гардаг хүнд суртал багасаж, боомт хоорондын ажлын уялдаа, холбоо илүү сайжрах байх. Энэ нь илүү таатай боломжийг бий болгоно гэж найдаж байгаа.

-Улсын нэгдсэн төсвөөс гадна олон улсын дэмжлэгтэй төсөл, хөтөлбөр Ховд аймагт хэр хэрэгжиж байна вэ. Тухайлбал, Азийн хөгжлийн банкны орон нутгийн хөгжлийг дэмжсэн төсөл бий юү?
-Манай аймагт бүс нутгийн шинж чанартай авто замын томоохон төсөл хөтөлбөр хэрэгжиж, дуусах шатандаа орж байгаа. Уг төсөл нь Азийн хөгжлийн банкны дэмжлэгээр хэрэгжсэн. Мөн эрчим хүчний алдагдлыг бууруулах чиглэлийн төсөл хэрэгжээд, одоо өндөрлөж байна. Эдгээрээс гадна бичил уурхай, агаар болон хөрсний бохирдлын чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжиж байгаа. Үүний зарим нь ирэх онд үргэлжилнэ. Энэ болгон нь орон нутагт хөрөнгө оруулалт болж, үр дүн нь гарч байгаа. Гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа орон нутаг өөрсдийн эрх мэдэл, чиг үүргийн хүрээнд тэлэх зорилготой ажиллаж байна. Энэ хүрээнд ОХУ-ын мужийн Новосибирск хотод болсон “Монгол-Оросын хамтын ажиллагаа-2016” эдийн засгийн чуулга уулзалтад оролцлоо. Мөн БНХАУ-ын Үрэмч хотод жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хятад-Еврази-2016” арга хэмжээнд оролцохын зэрэгцээ ажил хэргийн уулзалтыг энэ үеэр хийсэн. Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, техник, технологийн харилцаа, хамтын ажиллагааг өргөтгөх чиглэлд багагүй ажлын эхлэл үүгээр тавигдсан.

Ховд аймаг БНХАУ-тай хоёр боомтоор хиллэдэг. Үүний нэг нь Байтаг боомт. Уг боомтыг байнгын үйл ажиллагаатай болгохоор яриа, хэлэлцээр хийсэн. Хамтын ажиллагааны томоохон ажлын нэг нь Байтаг боомтоос Булган сумын зам хүрэх 120 км хатуу хучилттай авто замыг үнэ төлбөргүйгээр Шинжааны Чонж аймгийн зүгээс хөрөнгө гаргаж, тавьж өгөхөөр болсон. Энэ нь найрамдлын зам гэдэг утгаараа манай улсаас ямар нэгэн төсөв, хөрөнгө гарахгүй. Мөнгөн дүнгээр 80 гаруй тэрбум төгрөгийн ажил хийгдэх юм. Бүтээн байгуулалтын ажил ирэх оны гуравдугаар сард эхэлнэ. Азийн хөгжлийн банк шинээр нийт 50 км авто замын ажлыг хийж өгөхөөр болсон. Ховдод ойрын жилд 170 км авто зам шинээр ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалт ирэх жил эрчимжих юм.
САНАЛ БОЛГОХ