АМГТГТусгай зөвшөөрөл олгоход ямар бодлого баримтлахаа эцэслэн шийдээгүй байна

Уул уурхай

Засгийн газар шинээр байгуулагдсанаасаа хойш ашигт малтмалын тусгай зөвшөөрөл огт олгоогүй талаар Ашигт Малтмал, Газрын Тосны газраас мэдээллээ. Түүнчлэн цаашид тусгай зөвшөөрөл олгох тал дээр ямар бодлого баримтлахаа эцэслэн шийдээгүй байгаа гэсэн юм. Харин 2016 он гарснаас хойш 11 дүгээр сарын байдлаар улсын хэмжээнд Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн яам нийт 13 уурхайн тусгай зөвшөөрлийг байнгын ажиллагаанд хүлээн авсан байна. Үүнд Төв, Булган, Баянхонгор, Сэлэнгэ, Дорнод аймаг дахь алтны ес, Сүхбаатар, Дундговь аймаг дахь жоншны хоёр, Төв, Дорноговь аймаг дахь шохойн чулууны хоёр уурхай багтжээ. Үүнээс гадна энэ онд 9.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар геологийн суурь судалгааны ажил гүйцэтгэхээр болсон байна. Энэ хүрээнд 30 гаруй төсөл хэрэгжүүлж байгаа ажээ.

11 дүгээр сарын байдлаар хүчин төгөлдөр ашиглалтын лицензийн тоо улсын хэмжээнд 1567, хайгуулын лицензийн тоо 2105 байгаа бөгөөд нийт нутаг дэвсгэрийн найман хувьд нь тусгай зөвшөөрөл олгосон байна. Үүнийг нэмэгдүүлж, 15-20 хувьд хүргэхээр төлөвлөж байгаа талаар Ашигт Малтмал, Газрын Тосны газраас мэдээллээ. Тусгай зөвшөөрлөөр дамжуулан хайгуулын салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татахаар зорьж байгаа ажээ. Ялангуяа хилийн дагуух бүсэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох чиглэл баримталж байгаа юм. Ашиглалтын лицензийн 33.9 хувь нь алт, 18.8 хувь нь нүүрс, 10.9 хувь нь жонш бүрдүүлж байна. Харин гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн 50 хувь нь БНХАУ, 16 хувь нь Виржиний арлууд, зургаан хувь нь Сингапур, таван хувь нь БНСУ-д бүртгэлтэй байгаа ажээ.



САНАЛ БОЛГОХ