Долоон тоглолт, долоон ялалт

Спорт

Монгол Улсын гавьяат тамирчин, олимп, дэлхийн мөнгөн медальт Н.Төгсцогт мэргэжлийн рингэнд долоо дахь тулаанаа хийлээ. Тэрбээр өмнөх зургаан тоглолтдоо бүгдэд нь ялалт байгуулснаас гадна өрсөлдөгч бүрээ хүнд цохилтоор буулгаж аваад байв. Харин энэ удаа Мексикийн хашир туршлагатай боксчин Герман Меразтай нударга зөрүүлсэн юм. Мексик эр 30 настай бөгөөд 2005 оноос мэргэжилд хүч сорьжээ. Энэ хугацаанд 96 удаа рингэнд гарснаас 55 ялж, 39 хожигдон нэг тэнцсэн үзүүлэлттэй. Үхэхээс бусдыг үзсэн хэмээн үнэлэгдсэн энэ эр манай Төгсцогтод нэлээд эсэргүүцэл үзүүлэх болов уу гэж таамагласан ч нөхцөл байдал огт өөрөөр эргэв.

Эхний хоёр раундад тандах байдлаар тоглосон манай хүн гуравдугаар үеэс урагш довтолж, өрсөлдөгчөө хоёр ч удаа хүнд цохилтод оруулав. Хариугүй өвдөг дээрээ сөхрөх гэж байсан мексик эр шүүгчийн хонхны дуу аварч, гуравдугаар үе өндөрлөлөө. Удаах үед Төгсөө аанай л илүүрхэн тоглож, өрсөлдөгч нь зууралдсаар байв. Харин тавдугаар үед Төгсөөгийн хүнд цохилтууд ээлж дараалан байндаа тусч, ялагчийн хувь заяаг ойлгомжтой болголоо. Тамирчин нь яаж ч хичээгээд дийлэхгүйг ойлгосон Мексикийн тал зургадугаар үе эхлэхийн өмнө тулааныг үргэлжлүүлэхээс татгалзсанаар ялалт Төгсцогтынх болов. Ийнхүү манай гавьяат мэргэжилд долоон тоглолт хийж, бүгдэд нь хүнд цохилтоор ялсан мундаг үзүүлэлттэй урагшилж байна. Тоглолтын дараа Төгсцогт “Зургадугаар раунд эхлэхээс өмнө өрсөлдөгчийн багийнхан тулааныг үргэлжлүүлэхээс татгалзсан. Үнэхээр ч цаашид тулалдах боломжгүй байсан л даа. Нүүр ам нь нил цус. Хамар нь хугарчих шиг болсон. Маш олон тулаан хийсэн туршлагатай өрсөлдөгчөө дутуу гаргаж ээлжит ялалтаа авсандаа баяртай байна” хэмээн ярьжээ.

Төгсцогт энэ ялалтыг байгуулснаар дэлхийн чансааны 73-д бичигдэх болов. Түүний жинд 1514 тамирчин бүртгэлтэй байгаа юм.

САНАЛ БОЛГОХ