Царай биш, зорилго титэм авчирна
Нийтэд нь авч үзвэл, 117 бүсгүйн 585 чемоданыг буудлын ажилчид зөөх болдог байна
Сайхан бүсгүй гэхээсээ дэлхийн энх тайвны элчийг тодруулах зорилготой “Дэлхийн мисс” тэмцээн энэ ням гарагт АНУ-ын нийслэл Вашингтоны “MGM National Harbor” аялал жуулчлал, казино бүхий амралтын хүрээлэнд болно.
Тус тэмцээний түүхийг сөхвөл, Их Британид төвтэй Эрик Морлигийн “Miss world” компани 1951 оноос хойш 65 жил тасралтгүй зохион байгуулж иржээ. Эрик Морли 2000 онд таалал төгссөнөөс хойш түүний эхнэр Жулиа Морли тус компанийн ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Энэ хугацаанд авьяаслаг, үзэсгэлэнтэй, дэлхийн энх тайвны бэлгэ тэмдэг болсон 60 гаруй бүсгүйд титэм зүүлгэсэн юм. Тэмцээний эцсийн шатны шалгаруулалтыг жил бүр хоёр тэрбум гаруй хүн зурагтаар шууд хүлээн авч үздэг гэсэн судалгаа бий. Дэлхийн мисс шалгаруулах олон тэмцээн байдаг ч уг тэмцээн хамгийн олон үзэгчтэй, олон улс орныг хамардаг юм.
Сонирхуулахад, энэхүү нэр хүндтэй тэмцээнд Монгол Улс 2005 оноос хойш 11 дэх жилдээ оролцож байна. Дэлхийн миссийн тэмцээнд нийт 117 улс орны төлөөлөл оролцсоныг оноогоор жагсаадаг. Манайхаас нэг л мисс хагас шигшээд шалгарч, нэг оноо авсан түүхтэй. Эл жагсаалтыг АНУ 47 оноогоор тэргүүлдэг ажээ.
Тэмцээний хүрээнд зохион байгуулж буй “Зорилготой гоо бүсгүй” хандивын үзэсгэлэн ирэх пүрэв гарагт болно. Тасалбарын үнэ 250 ам.долларын үнэтэй бөгөөд бүх орлогыг “Зорилготой гоо бүсгүй” санд хандивлах ажээ. Үзэсгэлэнд Африк, Ази болон Латин Америкийн авьяаслаг гоо бүсгүйчүүдийн туурвисан урлагийн бүтээлүүд байх юм. Түүнчлэн эх орныхоо урлаг соёлын бэлгэдэл бүхий дурсгалт зүйлсээ дуудлага худалдаагаар борлуулна гэж албаны эх сурвалж мэдээллээ. Дэлхийн гоо бүсгүй шалгаруулах 66 дахь удаагийн тэмцээний ялагчийг
·Далайн эргийн үзэсгэлэн гоо
·Авьяаслаг мисс
·Спортлог мисс
·Зорилготой мисс
·Шилдэг загвар өмсөгч гэсэн төрөлд шүүж, шалгаруулах аж. Дашрамд дурдахад, энэ удаагийн тэмцээнийг MNC телевиз албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулан үзүүлнэ.
ВЕНЕСУЭЛ ХАМГИЙН ОЛОН ГОО БҮСГҮЙТЭЙ
"Дэлхийн мисс" тэмцээнийг тойрсон зарим нэг сонирхолтой баримтаас танилцуулъя. Хамгийн олон удаа зохион байгуулсан гурван газрыг дурдвал, тус тэмцээний эхлэлийг тавьсан Их Британийн Лондон хотод 44 удаа, БНХАУ-ын Саньяад зургаан удаа, Африк тивд есөн удаа хийж байжээ.
Дэлхийн мисс тэмцээнээс хамгийн олон титэм хүртсэн орон бол Венесуэл юм. Тус улсаас нийт зургаан мисс тодроод байна. Энэтхэг болон Их Британи таван титэм хүртэж удаах байранд бичигдэж байна.
Тэмцээн үргэлжлэх 28 хоногийн хугацаанд нэг мисс хамгийн багадаа таван том чемодантай аялдаг. Нийтэд нь авч үзвэл, 117 бүсгүйн 585 чемоданыг буудлын ажилчид зөөх болдог байна. Энэтхэгийн мисс гэхэд л долоон чемодантай байгаа бол энэ жилийн рекордыг 11 чемодантай Хорватын мисс эзлэв.
Сайны хажуугаар саар гэдэг. Дэлхийн энх тайвны бэлгэдэл болсон энэхүү тэмцээний түүхэнд хэд хэд тайван бус байдал үүсэж байв. Тухайлбал, 1970 онд феминистүүдийн байгууллага гурилан бөмбөг тэсэлсэн. Үүнээс зургаан жилийн дараа Өмнөд Африкийг кавказ болон африк оролцогч төлөөлснийг эсэргүүцэн хэд хэдэн оронд жагсаал өрнөжээ. Харин 1980 онд ХБНГУ-аас титэм хүртсэн гоо бүсгүй тэмцээний маргааш эргүүлэн өгөхийг хүсжээ. Учир нь түүний найз залуу зөвшөөрөөгүй гэнэ. Гэвч үнэн хэрэгтээ сэтгүүлд нүцгэн зураг авахуулсан байсан нь илэрсэн учир титмээсээ татгалзахад хүрсэн гэдэг. “Дэлхийн мисс”-ийг 1996 онд Энэтхэгийн Банглорт зохион байгуулсан бөгөөд энэ үеэр олон мянган хүнийг хамарсан эсэргүүцэл өрнөжээ. Улмаар тэмцээнийг өндөр хамгаалалтад явуулахад хүрсэн байна.
“ДЭЛХИЙН МИСС”-Д МОНГОЛЫГ ТӨЛӨӨЛСӨН 11 ГОО БҮСГҮЙ:
2005: Г.Хонгорзул
"Miss Mongolia-2005" тэмцээний тэргүүн байрын шагнал хүртсэнээр 16 настайдаа “Дэлхийн мисс”-д эх орноо төлөөлөх онцгой эрхийн эзнээр тодорсон.
2006: Э.Сэлэнгэ
17 насандаа хувцас загварын салбарт хөл тавин “Топ модель” өргөмжлөл хүртсэн мисс бол Э.Сэлэнгэ. “Гоёл-2010”- ын шилдэг загвар өмсөгч, “Гоёл-2011” наадмын топ модель зэрэг олон шагналтай. Мөн “Азийн топ модель-2009” тэмцээнд оролцохдоо Супер 10 загвар өмсөгчийн нэгээр шалгарсан удаатай. Загварын тайзнаас буугаагүй тэрбээр гадаадын томоохон агентлагуудтай гэрээгээр ажиллаж байна.
2007: Г.Оюунгэрэл
“Монгол гоо бүсгүй-2006”, “Miss Mongolia-2007”, мөн Хятадын Хэнань мужид 2007 онд зохиогдсон “Аялал жуулчлалын хатан хаан” олон улсын гоо бүсгүйн тэмцээнд дэлхийн 108 орноос тэргүүн байранд шалгаран “Азийн хатан хаан”-аар өргөмжлүүлсэн анхны мисс. Тэрбээр БНСУ-ын нэрт загвар зохион бүтээгч Андрей Кимийн "Модель центр”-т үндсэн загвар өмсөгчөөр ажиллаж байхдаа "Big bang" хамтлагийн гишүүн GD, TOP нарын “High high” дууны клипэнд тоглосон юм.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй