ҮСХ: Сарын дундаж цалин оны өмнөх мөн үеэс 5.7 хувиар нэмэгдсэн

Мэдээ

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй ажил хайгч иргэд 11 дүгээр сарын эцсийн байдлаар 45.3 мянга байгааг ҮСХ мэдээллээ. Үүнээс 33.4 мянган иргэн ажилгүй байгаа нь өмнөх оны мөн үеэс 6.8 хувиар өссөн дүн болжээ. 11 дүгээр сарын эцсийн байдлаар Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 110.6 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 19 орчим мянган иргэн ажилд зуучлагджээ. ҮСХ-ны мэдээлснээр улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 57.9 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байна. Ялангуяа хөдөө орон нутагт энэ үзүүлэлт өндөр байгааг Салбарын яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Л.Мөнхзул “Хөдөлмөр эрхлэлтийн бодлого, арга хэмжээг боловсронгуй болгох” хэлэлцүүлгийн үеэр онцолсон юм.

Харин дундаж цалингийн үзүүлэлтийг харвал, нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин энэ оны III улирлын байдлаар 884.3 мянган төгрөг байна. Энэ нь жилийн өмнөх мөн үеэс 5.7 хувиар нэмэгдсэн дүн болжээ. Мөн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 581.4 мянган ажиллагчид хамрагдсан гэж ҮСХ мэдээлсэн. Үүнээс 29.4 мянга буюу 5 хувь нь 192 мянган төгрөг хүртэлх цалинтай, 10.4 хувь нь 192-300 мянга, 19.3 хувь нь 300-500 мянга мөн 35.1 хувь нь 500-900 мянган төгрөгийн цалинтай байна. Харин 900 мянгаас нэг сая 300 мянган төгрөгийн цалинтай иргэд 16.4 хувь, 1.3-1.5 сая төгрөгийн цалинтай нь 3.8 хувь, 1.5 саяас дээш цалинтай иргэд 9.9 хувийг бүрдүүлж байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэд судалгааны институт байгуулсан талаар мэдэгдсэн. Институт хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн судалгааг дунд, урт хугацаанд гаргах зорилттой байгаа аж. Мөн салбарын яамны хувьд хөдөлмөр эрхлэлтийг дэмжихдээ бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай уялдуулах, цалин хөлс, хүн ам зүйн бодлого мөн мэргэжлийн байгууллага, сургалтын төвүүдийн тогтолцоог шат ахиулахад анхаарч байгаа гэж мэдээлсэн. Түүнчлэн хөдөлмөрийн зах зээлийг макро эдийн засгийн бодлоготой уялдуулах нь хамгийн чухал гэж онцолж байна. Үүнээс гадна Европын холбооны санхүүжилтээр Монгол Улсад ажлын байрыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих "SECiM" хэмээх төсөл хэрэгжиж байна. Нийт 3.2 сая еврогийн санхүүжилттэй энэ төсөл 2016-2020 он хүртэл хэрэгжих ажээ.



САНАЛ БОЛГОХ