Зохион байгуулалтын алдаанаас үүдэн дүрмээ баталж чадсангүй

Ярилцлага

Их хурлыг УИХ-ын сонгуулийн өмнө хийх ёстой байсан

“Нээлттэй Ардчилсан нам” шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөнийг үүсгэн байгуулагч, зохицуулагч Д.Сайнбаяртай ярилцлаа.

-Их хурлаас гарах бодлого, шийдвэр Ардчилсан намын цаашдын өнгө төрхийг тодорхойлох байсан. Гэвч дүрмийн төслөө бүрэн эхээр нь баталж чадалгүй буцах болсондоо сэтгэл гонсгор байгаагаа цөөнгүй төлөөлөгч хэлж байсан. Хүлээлт үүсгэсэн Ардчилсан намын Их хурал үр дүнтэй хуралдсан уу?

-“Нээлттэй Ардчилсан нам” шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөнөөс Их хурлын үр дүнг 50 хувьтай хэмээн дүгнэж байгаа. Манай шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөн байгуулагдсан цаг буюу өнгөрсөн долдугаар сарын 14-нөөс эхлэн Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл болон ҮЗХ- нд хэд хэдэн удаа шаардлага хүргүүлсэн. Угтаа энэ удаагийн Их хурлаараа намынхаа шинэ дүрмийг батлах ёстой байсан.

Гэвч өнгөрсөн хугацаанд Гүйцэтгэх зөвлөл болон ҮЗХ- ны хуралдаан хэд хэдэн удаа хойшлогдож, дүрмийн төсөл боловсруулах Ажлын хэсгийг хугацаа алдаж байгуулсан. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн сард хуралдсан ҮЗХ-ны хуралдаанаас 80 гаруй хүний бүрэлдэхүүнтэй үндсэн дүрмийн төсөл боловсруулах Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг богино хугацаанд ажиллаж, чамбай төсөл боловсруулсан. Шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөнөөс санал болгосон зүйл, заалт бүрийг дүрмийн төсөлд тусгасан байгаа.

Ер нь Их хурлыг УИХ-ын сонгуулийн өмнө хийх ёстой байсан. Мөн Н.Алтанхуягийн тэргүүлж байсан Засгийн газрыг огцруулсан даруйд ч хийх ёстой байсан гэж боддог. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд Ардчилсан нам Их хурлаа хийсэнгүй шүү дээ. Улс төрийн голлох шийдвэрийг гаргадаг ҮЗХ-нд долоон жил дотоод сонгууль явуулсангүй. Манай намын гишүүдийн дийлэнх нь ардчилалгүй боллоо гэдэгт санал нэгдэж байна.

-Үндсэн дүрмийн төслийг өнгөрсөн долоо хоногт хуралдсан Их хурлаар батлах боломж байсан уу?

-Байсан. Манай намын дотоод зохион байгуулалтын алдаанаас үүдэн тоглоомын дүрмээ баталж чадсангүй. Магадгүй шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөнөөс шаардаж байсны дагуу өнгөрсөн долдугаар сард үндсэн дүрмийн төсөл боловсруулах Ажлын хэсгийг байгуулж, ажилласан бол энэ удаагийн Их хурлаар батлах боломж байсан гэж харж байгаа. Гэхдээ энэ үүргээ дараагийн Их хуралд шилжүүлснийг ч дэмжиж байгаа. Учир нь дүрмийн төслийг Их хурлын хоёр дахь өдөр төлөөлөгчдөд тараасан. Богино хугацаанд дүрмийн төсөлтэй танилцаад, хэлэлцээд батлах боломжгүй байсан.

Гэхдээ дүрмийн төслийн 50 хувийг хэлэлцээд, санал нэгдсэн нь байгаа. Тухайлбал, дүрмийн төслийн гуравдугаар бүлэг буюу гишүүний цахим бүртгэлийг Их хурлаар хэлэлцээд баталсан. Энэхүү бүлгийг боловсруулах Ажлын хэсгийн ахлагчаар би ажилласан. Мөн дөрөвдүгээр бүлэг буюу Ардчилсан намын даргын сонгуулийн зарим зүйл, заалтыг өөрчилж баталсан. Товчхондоо, VI Их хурлаар зарчмын хоёр асуудалд байр сууриа нэгтгэж чадлаа. Цахим бүртгэл, намын даргын сунгаа бол шинэчлэлийн суурь хэсэг мөн. Эдгээр асуудлыг хэлэлцсэнээрээ VI Их хурал түүхэн хурал болж чадсан.

Харин алдагдсан боломж буюу үлдсэн 50 хувь нь Ардчилсан намыг ялагдал хүлээхэд улс төрийн шийдвэр гаргаж байсан Гүйцэтгэх зөвлөл болон ҮЗХ- ны хариуцлагын асуудлыг хөндөж чадсангүй. ҮЗХ-г татан буулгах эрх Их хуралд байхгүй учир гишүүд нь хариуцлагаа ухамсарлаад гишүүнчлэлээсээ татгалзах ёстой байлаа. Гэвч хэн ч ийм улс төрийн соёлтой шийдвэр гаргаж чадсангүй. ҮЗХ-ны зарим гишүүн тойрогтоо ялалт байгуулсана. Тиймээс институцийн хувьд татан буугдах ёстой байсан. Үүнээс гадна намын удирдлага ёс зүйн хувьд хариуцлага хүлээж, нийт гишүүн, дэмжигчээсээ уучлалт гуйх ёстой байсан. Их хурлаас намын удирдлагыг уучлалт гуйх шаардлагагүй хэмээн үзсэнд харамсаж байна.

-Цахим бүртгэлийг боловсруулах Ажлын хэсгийн ахлагчаар ажилласан гэлээ. Намчирхал хүчтэй байгаа өнөө үед намын гишүүдийн бүртгэлийг цахимжуулах нь хэр оновчтой алхам бэ?

-Гишүүний цахим бүртгэлийг хийснээр хэд хэдэн давуу тал бий болно. Тухайлбал, татвараа цуглуулах боломж бүрдэж, ил тод, нээлттэй санхүүжилттэй нам болоход чухал алхам болно. Мөн гишүүдийн мэдээллийн бааз байхгүйн улмаас улс төрийн томилгоо хийхдээ ах дүү, хамаатан садан, найз нөхдөө томилдог жишиг рүү орчихлоо. Үүнээс гадна гишүүдийн оролцоо бүрэн хангагдах боломж бүрдэж байгаа. Өнөөдөр гишүүдийн бүртгэл эмх цэгцгүй байгаа учир үүрийн дарга нар өөрсдийн таньдаг хүрээлэл дунд хурлаа хийж, саналаа нэгтгээд байна шүү дээ. Товчхондоо, гишүүний цахим бүртгэлийг хийснээр тулгараад буй хэд хэдэн асуудлыг шийдэх юм.

Мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр АНУ-д арав гаруй жил сурч, ажилласан учраас үүнд санаа зовохгүй байгаа. Харин гишүүний цахим бүртгэлийг сайт дээр тавих нь буруу. Үндсэн хууль зөрчсөн асуудал болно. Харин үүрийн дарга болон тухайн тойрогт нэр дэвшиж байгаа хүмүүс л харж болохоор шийдэх ёстой. Түүнээс биш Увс аймгийн Ардчилсан намын гишүүдийн бүртгэлийг Сүхбаатарын намын хорооны гишүүн харах шаардлага байхгүй. Тиймээс гишүүний цахим бүртгэлийг хэрхэн хийх гэж байгааг сайн ойлгох хэрэгтэй. Ойлголтын зөрүүнээс болоод зарим хүн янз бүрийн тайлбар хэлж байх шиг байна.

» Богино хугацаанд дүрмийн төсөлтэй танилцаад, хэлэлцээд батлах боломжгүй байсан.

» Намын удирдлага ёс зүйн хувьд хариуцлага хүлээж, нийт гишүүн, дэмжигчээсээ уучлалт гуйх ёстой.

» Нэр дэвшигчийн босгыг нь нэмэгдүүлж байгаа нь зохион байгуулалттай ажил.

-Их хурлаар УИХ болон орон нутгийн сонгуулийн ялагдлын шалтгаанаа тодорхойлсон уу. Намын даргын илтгэлээс өрөөлийг шүүн буруутгасан өнгө аяс харагдаж байсан шүү дээ?

-Сагсан бөмбөг тоглоод ялагдахдаа эсрэг талын багаас боллоо хэмээн буруутгадаггүй шүү дээ. Мэдээж улс төр, спорт хоёр өөр зүйл. Гэхдээ алдаагаа өөрсдөөсөө эрэх ёстой. МАН өнгөрсөн сонгуулиар сайн байсандаа ялалт байгуулаагүй. Харин манай нам муу байсан учир ялагдсан. Манай намд хийсэн, бүтээсэн зүйл байсан. Гэвч түүнийгээ олон нийтэд түгээж, ойлгуулж чадаагүй. Мөн улс төрийн буруу сонголтуудыг хийж, сөрөг мессеж гаргасан. Энэ бол цэвэр улс төрийн алдаа. Ийм алдаа гаргасан зарим хүн 2020 оны сонгуульд нэр дэвших нүүргүй гэдгээ мэдэж байгаа байх. Мөн намын даргын сунгаанд өрсөлдөхөөр санаархаж буй хүмүүсийн дунд ч нэр дэвших нүүргүй хүн ч байгаа шүү дээ.

-Ардчилсан нам анх удаагаа намын даргаа нийт гишүүнээсээ сонгохоор боллоо. Үүнийг хэрхэн хүлээж авч байгаа вэ?

-Зарчмын хувьд зөв. Техникийн хувьд шийдэх ёстой ганц, хоёр асуудал бий. Сонгууль зохион байгуулах хорооноос сонгуулийн зардлыг 2.5 тэрбум төгрөг болно гэж тооцсон байна. Үүнийг шийдэхийн тулд нэр дэвшигчдэд 250 сая төгрөг төлөх босго тавьжээ. Энэ босгыг төлөөд нэр дэвших хэцүү гэдгийг зарим нэр дэвшигч илэрхийлээд байна. Магадгүй мөнгөтэй, хөрөнгөтэй хүн нэр дэвших боломжийг бүрдүүлж байгаа хэрэг. Сонгуулийн зардлыг өөр хувилбараар шийдэх боломж байсан.

-Ямар хувилбар байна вэ?

-Дүрмийн төсөлд намын гишүүнээс жилдээ 12500 төгрөгийн татвар авахаар тусгасан. Гишүүдийн татварыг төвлөрүүлж чадвал сонгуулийн зардлыг шийдэх боломжтой. 12500 төгрөг гэдэг бол хоёр хайрцаг тамхины мөнгө шүү дээ. Бидний тооцооллоор намын даргыг сонгох сонгуулийн зардал тэрбум төгрөг гарна. Нэр дэвшигчийн босгыг нэмэгдүүлж байгаа нь зохион байгуулалттай ажил.

-МАН Бага хурлаа өнгөрсөн даваа гарагт хуралдуулж, зарим томилгоо хийсэн. Үүнийг танай намын зарим гишүүн залуучуудын төлөөлөл шийдвэр гаргах түвшинд гарч ирлээ хэмээн дүгнэжээ. Харин Ардчилсан намын "залуус" 26 дахь жилээ эрх мэдлээсээ тас зуураастай байна хэмээн шүүмжилж буй. Та үүнтэй санал нийлж байна уу?

-Хоёр талтай асуудал. МАН бол олон жилийн угшилтай улс төрийн хүчин. Тэр утгаараа биологийн насны хувьд манай намаас ахимаг. Өөрөөр хэлбэл, МАН-ын лидерүүдийн биологийн нас түрүүлж яваад байдаг бөгөөд үе солигддог. Харин Ардчилсан намыг 26 жилийн өмнө 20 гаруй настай залуучууд үүсгэн байгуулсан. Үүсгэн байгуулагчдын биологийн нас залуухан, улс төрийн нас нь ахимаг болоод байгаа юм. Тиймээс нам бодлогоор зохистой харьцааг бий болгох хэрэгтэй. Манай намд ийм л бодлого дутагдаад байна. Үүнийг манай намын удирдлага бодож байгаа байх. Шинэчлэлийг хийхэд биологийн насыг харах нь буруу. Дэвшилт үзэлтэй хүмүүс нь шинэчлэлийг хийнэ.

Сэтгэгдэл
Зочин
зөрчилтэй үг
САНАЛ БОЛГОХ